Өнгөрсөн 2023 онд дэлхийн хэмжээнд нийт сансарт хөөргөсөн пуужингийн 90 гаруй хувь нь зөвхөн SpaceX компанийнх байсан бол удаах байранд нь БНХАУ орж байв.
Хятадын төр болон хувийн хэвшлийнхэн сансрын хөтөлбөрөө идэвхижүүлж байгаагийн нэг илрэл болсон нэг үйл явдал болсон нь сансар судлалын чиглэлээр ажилладаг гарааны компани Шар тэнгист байрлуулсан хөвөгч тавцангаас пуужин хөөргөсөн явдал байлаа.
Бээжин хотод бүртгэлтэй Orienspace компанийн бүтээсэн дунд хэмжээтэй пуужин болох Gravity-1 нь энэ сарын 11-ний үдээс хойш Хятадын зүүн хойд хэсэгт орших Хайяань хотын ойролцоо, Шар тэнгис дэх хөлөг онгоцноос хөөрч, тойрог замд 3 ширхэг хиймэл дагуул тээвэрлэн хүргэжээ.
Энэ удаагийн сансрын нислэг Хятад улсын хувьд далай дээрээс пуужин хөөргөж буй 9 дэх удаагийн тохиолдол бөгөөд БНХАУ нь сансрын уудмыг судалдаг томоохон гүрнүүд дотроос далай тэнгис дэх хөөргөгч платформ ашиглах стратеги баримталж буй цорын ганц улс юм.
Orienspace компани WeChat сошиал хуудсаараа дамжуулан нислэг бүрэн амжилттай болсныг мэдэгдэж, Хятадын далай тэнгисээс сансарт пуужин хөөргөх хөтөлбөр болон хатуу түлштэй пуужингийн хөтөлбөр шинэ түвшинд гарлаа гэсэн байна.
Энэ удаагийн нислэгээр тойрог замд оруулсан гурван хиймэл дагуул нь Chang Guang Satellite Technology Co. компанийн хөгжүүлсэн цаг уурын шинжилгээ, таамаглал болон гамшигийн хяналтын зориулалттай хиймэл дагуулууд ажээ.
Анх 2023 оны 4-р сард Orienspace компанийн захирлуудын нэг Яо Сонг сансар судлалын чуулганы үеэр усан дээрээс пуужин сансарт хөөргөх нь олон давуу талтай бөгөөд эдгээрийн нэг нь пуужингийн хэлтэрхий, салж унасан эд ангиудаас үүсэх эрсдэлийг эрс багасгах явдал юм гэж мэдэгдэж байв. Мөн тэдний хөгжүүлсэн Gravity-1 пуужин нь арилжааны сансрын нислэгийн зардлыг үлэмж бууруулж чадна гэж үзэж байгаагаа ч зарлаж байсан юм. Харин өнгөрсөн 7 хоногийн нислэгийн талаар хэвлэл мэдээлэлд тус компанийн зүгээс ямар нэг хариулт өгөөгүй байна.
Харин Orienspace компанийн гол өрсөлдөгчдийн нэг болох Бээжин хотын Galactic Energy Aerospace Technology Co., нь Хятадын компаниудаас хамгийн анх буюу 2023 оны 9-р сард Шандунь мужийн эргээс холгүй хөвөгч тавцангаас Ceres-1 пуужинг амжилттай хөөргөсөн билээ. Харин үүний дараа 12-р сард тус улсын төрийн мэдлийн Пуужингийн технологийн академи Хятадын өмнөд бүсээс Long March пуужинг мөн амжилттайгаар тойрог замд оруулсан.
Orienspace компани 2020 онд анх байгуулагдаж, улмаар 2022 он гэхэд Sequoia China болон Matrix Partners China компаниудаас 150 сая долларын хөрөнгө оруулалтыг амжилттай татсан гэж хэвлэлийн мэдээндээ дурдсан байна.
Эх сурвалж: bloomberg