/2023.10.09/: Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “МонПЭН санаачилга” төслийг Архангай аймагт хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн нээлтийг энэ сарын 7-нд хийж, төсөл хэрэгжүүлэх эрүүл мэндийн байгууллагынханд зориулсан дөрвөн өдрийн сургалтыг Архангайд зохион байгуулж байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-ын хамтран хэрэгжүүлж буй “МонПЭН санаачилга” төслийг энэ онд Өвөрхангай, Увс, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Архангай, Дорноговь найман аймаг, нийслэлийн Багануур, Баянгол гэсэн хоёр дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд гол зорилго нь халдварт бус өвчинд өртөх эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг өндөр чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, түүний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм гэдгийг төслийн нээлтийн үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор С.Өнөрсайхан онцолж байсан.
Тэрбээр мөн ДЭМБ-ын тусламжтайгаар 2019-2020 онд “МонПЭН” загвар төслийг хэрэгжүүлсэн Дархан-Уул аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Өрхийн эрүүл мэндийн 16 төвд 100 гаруй сая төгрөгийн 14 нэр төрлийн тоног төхөөрөмж, гарын авлагыг, 2021 онд зургаан аймаг, нэг дүүргийн 132 ӨЭМТ-д 740 гаруй сая төгрөгийн 12 нэр төрлийн тоног төхөөрөмж, гарын авлагаар эмч, мэргэжилтнүүдийг хангасныг танилцуулж, төслийн үр дүнд
- Дархан-Уул аймаг тархины харвалт, нас баралт 1.4 дахин,
- Сонгинохайрхан дүүрэгт 2.5 дахин буурсан үзүүлэлт бий.
Түүнчлэн 2021-2022 онд хэрэгжиж эхэлсэн зургаан аймаг, нийслэлийн нэг дүүргийн хүн амын дундах тархины харвалтын шинэ тохиолдлын тоо 1.2 дахин, нас баралтын тоо 1.7 дахин, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо 1.1 дахин, нас баралтын тоо 1.2 дахин буурсан тухай мэдээллийг өглөө.
Төсөл хэрэгжүүлэх үйл явцын талаарх сургалтад тус аймгийн ЗДТГ, ЭМГ, НЭ, СӨЭМТ-ийн 50 гаруй эмч, мэргэжилтнийг хамруулав. Сургалтаар төслийн үйл ажиллагаа болон PEN/HEARTS багцын танилцуулга, иргэдэд амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр чадавхжуулах онол, практик, бүлгийн ажлыг хослуулсан хэлбэрээр ЭМЯ, НЭМҮТ, АШУҮИС, УГТЭ, ДЭМБ-ын хамтарсан баг явууллаа.
Мөн “МонПЭН санаачилга”-ын хүрээнд төсөл хэрэгжихийн өмнөх суурь үнэлгээний баг Архангай аймгийн “Мөнгөн чагнуур” Өрхийн эрүүл мэндийн төв, Их тамир, Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, суурь үнэлгээ хийж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөц, ажиллах эмч, сувилагчийн ажилд тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж, хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.
Эх сурвалж: ЭМЯ