Хиймэл оюун ухаанууд улс төрийн өрөөсгөл хандлага баримталдаг болохыг тогтоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хиймэл оюун ухаанууд улс төрийн өрөөсгөл хандлага баримталдаг болохыг тогтоожээ

Саяхан хийгдсэн нэгэн судалгааны үр дүнд ChatGPT, Bard тэргүүтэй хиймэл оюун ухааны (AI) моделиуд нь өөр өөрсдийн гэсэн улстөрийн чиг баримжаатай ажилладаг болохыг тогтоожээ.

MIT Technology Review сайтад нийтэлснээс үзвэл Вашингтоны их сургууль, Карнеги Меллоны их сургууль болон БНХАУ-ын Шиан Жиаотон их сургуулийн судлаачдын баг 14 өөр AI модель дээр туршилт хийсний үр дүнд тус бүр өөр өөрсдийн улс төрийн өнгө аястай хариулт үүсгэж байна гэж дүгнэсэн байна.

Судлаачид дээрх 14 өөр AI моделиудаас улс төрийн агуулгатай 62 асуулт асууж, санал нийлж байгаа эсэхийг нь тодорхойлсон ба үүнд “Компанийн нийгмийн хариуцлага гэж байх хэрэгтэй юу?”, “Ардчилал бол засаглалын хамгийн сайн хэлбэр мөн үү?” гэх зэрэг асуултууд оруулжээ. Ингээд AI-н өгсөн хариултуудыг тэд political compass буюу улстөрийн луужин нэртэй хавтгайд байрлуулж, хиймэл оюун ухааны моделиуд эдийн засаг, нийгмийн асуудлууд дээр либерал, эсхүл консерватив байр суурь баримталж байгаа эсэхийг нягталсан аж.

Судалгааны явцад AI моделиуд дундаас OpenAI компанийн ChatGPT хамгийн зүүний либертар буюу нийгмийн эрх чөлөө болон эдийн засгийн тэгш байдлыг чухалчилдаг болох нь ажиглагджээ.

Харин Meta компанийн хөгжүүлсэн LLaMA болон RoBERTa моделиуд нь нийгмийн дэг журам, эдийн засгийн эрэмбэ дарааллыг чухалчилсан буюу улс төрийн хувьд баруун жигүүрийн авторитари чиг хандлагатай хариултууд өгсөн байна. Мөн хэдэн жилийн өмнөх хуучны AI моделиуд компанийн нийгмийн хариуцлага гэдэг ойлголтыг илүү дэмжсэн хариултууд өгч байсан бол сүүлийн үеийн хиймэл оюуны программууд энэ ойлголтыг дэмжихгүй байна гэж хариулжээ.

Үүгээр ч зогсохгүй судлаачдын багийнхан улстөрийн өрөөсгөл хандлагатай өгөгдлөөр AI-г дахин сургах нь тэдний хуурамч мэдээлэл болон үзэн ядах үг хэллэгийг илрүүлэх чадварт хэр зэрэг нөлөөлж байгааг шалгасан байна. Ингэж үзэхэд шинэ өгөгдөл ашиглан сургагдсан хиймэл оюун ухааны улстөрийн үзэл баримтлал өөрчлөгдөж, дээр дурдсан чадваруудад нь ч өөрчлөлт орсон гэнэ. Энэхүү судалгаа нь нийтлэгдсэнээс хойш олон тооны шүүмж үнэлгээ авч, Association for Computational Linguistics нийгэмлэгээс тодруулсан сарын шилдэг судалгааны өгүүллэр тодорсон билээ.

Энэхүү судалгаа хийгдсэн нь AI модель ашиглаж байгаа олон тооны бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгчдэд чиг баримжаа өгөх чухал ач холбогдолтой юм. Хиймэл оюун ухааны программ нь бусдад хор хөнөөлтэй буюу дайрч доромжилсон агуулгатай улстөрийн үзэл санааг илэрхийлж, түгээх тохиолдолд учирч болох хор уршиг нь ноцтой бөгөөд улстөрийн хувьд эмзэг сэдэв болох үр хөндөлт буюу жирэмснээс хамгаалах хэрэгслэлийн талаар аль AI-аас эрүүл мэндийн зөвөлгөө хүсэхээс хамааран, хариулт нь хэрэглэгчийг төөрөгдүүлэх буюу зарим тохиолдолд үзэн ядсан үг хэллэг ашигласан хэлбэртэй байхыг үгүйсгэхгүй гэсэн үг юм.

Олны дунд алдаршсан AI модель хөгжүүлсэн зарим компаниудыг улстөрийн өөр өөр үзэл санаатай бүлгүүд шүүмжилж, тэдний хөгжүүлсэн AI чатботууд нь аливаа зүйлсийн талаар өрөөсгөл хандлага бүхий хариултууд өгч байна гэж мэдэгдэж байсан. Зарим компаниуд ийм асуудал байгааг хүлээн зөвшөөрч, цаашид сайжруулалт хийхээр ажиллаж байна гэж мэдэгдсэн бөгөөд, OpenAI компани л гэхэд AI-г хянаж буй ажилтнууддаа чиглэл өгч, цаашид хиймэл оюуны программууд нь улстөрийн аль нэг үзэл санаа руу хэлбийхгүй байлгахаар ажиллаж байна гэдгээ мэдэгдсэн байдаг.

Судалгааны явцад дээр дурдсан өрөөсгөл ойлголтууд AI-д хэрхэн сууж төлөвшиж байгаа талаар мөн сонирхож үзжээ. Энэ туршилтыг 3 үе шаттайгаар гүйцэтгэсэн бөгөөд, эхний ээлжинд AI-н одоогийн улстөрийн байр суурийг асуултуудаар тодорхойлж, дараа нь тухайн хиймэл оюуны программын улстөрийн үзэл бодлоос өөр чиг баримжаатай өгөгдлөөр сургаж, эцэст нь дээрх сургалтын үр дүнд AI нь үзэн ядах үг хэллэг болон худал мэдээллийг хэр зэрэг илрүүлж чадаж байгааг судалсан аж.

Хэдийгээр судалгаа өндөр нарийвчлалтай хийгдсэн ч AI салбарын судалгаанд зарим нэг хязгаарлалт байгаа нь судалгааны явцад тодорхой болжээ. Тухайлбал, хамгийн сүүлийн үеийн AI моделиуд хэрхэн ажилладаг зарчимыг нь мэдэхгүйгээр тэдний үйл ажиллагаанд бүрэн дүн шинжилгээ хийх боломжгүй байгаа гэнэ. Мөн шинэ өгөгдлөөр сургасан ч гэсэн хиймэл оюуны программууд улс төрийн өрөөсгөл ойлголт бүхий агуулга үүсгэсэн хэвээр л байжээ.

Энэ бүхний эцэст нэг сонирхолтой дүгнэлт гарсан нь судалгааны багийн гишүүн, Карнеги Меллон их сургуулийн судлаач Чан Пакийн үзэж байгаагаар судалгааны үр дүнд аль ч хиймэл оюун ухааны модель улстөрийн өрөөсгөл ойлголтоос ангид байх аргагүй гэдгийг тогтоосон дүгнэлт юм.

Дээрх судалгаа нь анх удаа хиймэл оюун ухааны моделиудын улс төрийн өрөөсгөл ойлголтыг системтэйгээр хэмжиж, харьцуулсан тохиолдол болсон бөгөөд тэдний энэ удаагийн судалгаа нь цаашид бий болох буюу сайжруулалт хийгдэх хиймэл оюуны програмуудын ёс зүйн хэм хэмжээ болон, нийгмийн үр дагавруудын талаар асуултын тэмдэг гарган ирж, зохих мэргэжилтнүүдийн анхаарлыг татна гэж найдаж байгаа ажээ.

Эх сурвалж:Interestingengineering

Эмээлтэд гарсан галыг бүрэн унтраажээ
Эмээлтэд гарсан галыг бүрэн унтраажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.