/2023.07.19/: Хятадын Торгоны зам дагуу байрлах агуй дахь эртний буддын шашны ханын зураг болон барималууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүчтэй борооны аюулд орж байгааг судлаачид тогтоожээ.
Баруун хойд Ганьсу мужийн Дунхуан агуйн сүм хийдүүд 4-р зуунаас хойш мянга гаруй жилийн турш дайн, газар хөдлөлт, элсэн шуургыг тэсвэрлэж ирсэн юм.
Харин одоо элсэн цөл дэх цаг агаарын өөрчлөлт нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн алдарт Могао Гротто зэрэг хэврэг ханын зураг, барималуудад ихээхэн хохирол учруулж байна гэж Greenpeace-ээс даваа гарагт гаргасан тайланд дурджээ.
Greenpeace Зүүн Азийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын ахлах судлаач Ли Жао хэлэхдээ "Гансу нь агуйнуудаараа алдартай бөгөөд тэдгээрт олон зууны турш хадгалагдан үлдсэн урлагийн бүтээлүүд байрладаг юм. Цөлд хур тунадас ихсэх нь өндөр эрсдэл дагуулж байна. Агаарын чийгшлийн огцом өсөлт, үер усны аюул, агуйн хонгилуудад аль хэдийн тохиолдож байна" гэжээ.
Сүүлийн хорин жилийн хугацаанд Гансу мужид хур тунадасны хэмжээ нэмэгдэж, харин бороотой өдрүүдийн тоо буурч, улмаар хүчтэй аадар бороо орох болжээ. Тус мужид агаарын температур дэлхийн дунджаас илүү хурдацтай нэмэгдэж байна гэж уг тайланд дурджээ.
Могао ангал зэрэг зарим агуй дахь урлагийн бүтээлүүд аль хэдийн муудаж эхэлсэн байна. Мөн зарим олдворууд хэдхэн жилийн дараа алга болно гэж тайланд анхааруулжээ.
Өсөн нэмэгдэж буй чийгшил нь талстжилтыг түргэсгэж, ханын гадаргуу дээр давс хуримтлагдаж, хуулархад хүргэдэг байна. Мөн борооны ус гоожсоны улмаас уран зураг эвдэрсэн бол үер, шаварны улмаас зарим агуй нурсан гэж тайланд тэмдэглэжээ.
Хятад улс тус улсын түүхэн олдворуудын төлөв байдлыг бүртгэхийн тулд үндэсний хэмжээнд дөрөв дэх удаагаа соёлын өвийн судалгаа хийж байгаа энэ үед уг тайлан гарч байна.
Гэвч судалгаа дуусахад Гансүгийн үнэт олдворуудын зарим нь алга болж магадгүй гэдгийг Ли анхааруулав.
“Бид түүхийн эдгээр хэсгүүдийг баримтжуулж, ойлгож, хадгалахаар ажиллаж байгаа ч бидний нүдэн дээр устаж байна. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн гашуун бодит байдал юм" гэж Ли хэллээ.