Б.Дуламхорлоо: Төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллахад суралцах хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дуламхорлоо: Төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллахад суралцах хэрэгтэй

Тайлбар: Микрофонтой ярьж буй эмэгтэй бол Сэтгүүлзүйн инновац хөгжлийн Үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлооо

Сэтгүүлзүйн инновац хөгжлийн Үүр төв НҮТББ-ын тэргүүн Б.Дуламхорлоог иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд хүргэдэг ИНДЭР булангийнхаа ӨӨРЧЛӨГЧИД ярилцлагад урьсан юм.

-Байгууллагаа танилцуулахгүй юу?
-Сэтгүүлзүйн инновац хөгжлийн Үүр төв 2020 оны тавдугаар сард байгуулагдсан. Анх бид чөлөөт сэтгүүлчдэд ур чадвараа ахиулан хөгжих боломжийг бий болгох зорилго тавьсан. Гэвч ажиллах явцад салбарынхаа нөхцөл байдалтай илүү нарийн танилцсаны дараа бие даасан сэтгүүлчдийг дэмжих зорилго маань өөрчлөгдсөн. Цаг хугацааны хувьд хараахан боломж нь бүрдээгүй байсан юм билээ. Тиймээс энэ зорилгоо түр хойш тавьж, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж буй старт ап редакцуудын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах, зар сурталчилгаанаас гадна ямар орлогын суваг байж болох вэ гэдэг дээр олон улсын тэргүүн сайн туршлагуудыг монголд танилцуулах, старт апуудыг бойжуулах зорилготойгоор гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

-Ямар байгууллагуудыг бойжуулсан бэ?
-Үүр төвийн харъяан дор бойжсон анхны бүтээгдэхүүн нь манай Mongolian Fact checking center буюу Баримт шалгах төв. Энэ төв маань Олон улсын баримт шалгах сүлжээ байгууллагын албан ёсны гишүүнчлэлтэй. Бидний фэйсбүүк гэж ярьж сурсан Meta компанийн хөндлөнгийн баримт шалгах түнш байгууллагаар ажилладаг. Мөн дөрвөн өөр хэвлэл мэдээллийн старт ап байгууллагыг арай өөр загвараар бойжуулсан. Graph.mn, Охидын подкаст, songino.info, agroshop.mn гээд дөрвөн байгууллага бий.

-Орчин цагийн хэвлэл мэдээллийн салбарын бизнес загвар нь юу юм бэ?
-Бидний хэвшмэл ойлголт бол хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө редакцын бодлогоо тодорхойлж, өөрсдөдөө чухал гэж үзсэн контентоо бичээд хүмүүст уншуулдаг. Гэвч дэлхий дахинд орчин цагт системийн чанартай өөрчлөлт гараад байна. Өөрөөр хэлбэл, танай хэвлэл мэдээллийн байгууллага юуг чухал гэж бодох нь хэнд ч хамаагүй. Яарсан, ажил ихтэй хүмүүст ямар асуудал тулгарч, түүнийгээ шийдэхэд мэдээлэл ямар үүрэг гүйцэтгэж болох вэ, мэдээллийг тэдгээр яарсан хүмүүст ямар байдлаар хүргэх вэ гэдгийг хүлээн авагчдаасаа эхэлж судлах нь чухал болоод байгаа юм.

Гэтэл манай сэтгүүл зүй хүнээсээ хэт тасарчихсан байгаа нь салбарын нэр хүнд олон нийтийн дунд унахад хүргэжээ. Ганц манай улсад ч биш дэлхий нийтээрээ сэтгүүл зүй “хэт тасарсан” тул түүнийгээ мэдэрч, ийнхүү өөрчлөгдөж байна.

Энэ өөрчлөлтийн шинэ давалгаа 2020 оны сүүл, 2021 оны эхээс үүсэж байгаа юм. Ер нь л дэлхий даяараа массад зориулсан сэтгүүл зүй биш, цөөнхөд зориулсан төрөлжсөн сэтгүүл зүйд чиглэж байна. Манай Үүр төв долоодугаар сарын сүүлээр нээлтээ хийж байгаа, энэ өөрчлөлтийн чиг хандлагыг нэвтрүүлж буй Жефф Жарвисын “The Gutenberg Parenthesis” номыг орчуулан олон нийтэд хүргэх гэж байна.

-Танай байгууллага Баримт шалгах төвийг ажиллуулж байгаа юм байна. Энэ талаараа ярихгүй юу?
-Манай төв хуурамч мэдээллийг сааруулах болон иргэдийн хэвлэл мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мета компанийн фэйсбүүк болон инстаграм платформууд дээр автомат хэрэглүүр ашиглан худал болох нь тогтоогдсон мэдээллийг “Энэ худлаа мэдээлэл” гэдэгтэмдэглэгээ хийж, өмнө тухайн мэдээллийг хуваалцсан хүмүүст мэдэгдэл хүргэж байгаа. Манай байгууллага гурав ба түүнээс олон удаа олон нийтэд хор хөнөөлтэй худал мэдээлэл тараасныг нь тогтоосон тохиолдолд тэдгээр хуудс ыг бүүст хийх боломжгүй болгох зэргээр арга хэмжээ авна. Гэхдээ ингэлээ гээд хуурамч мэдээлэл тэгтлээ их буурахгүй. Гэвч буурахгүй гээд хаяж бас болохгүй. Тиймээс хуурамч мэдээллийн хор хохирлыг бууруулахын тулд хүн өөрөө аливаа мэдээлэлд шүүлтүүртэй, “хартай” хандаж, баталгаатай эх сурвалжийг баталгаагүй эх сурвалжаас ялгаж чадах хэмжээнд боловсрох ёстой юм.

-Хэрхэн боловсруулах вэ?
-Сошиал дахь бүх мэдээлэл хуурамч гэдэг ойлголтыг иргэдэд өгч болохгүй. Тэгвэл хүмүүс юунд ч итгэхээ болино. Тиймээс бодит мэдээлэл хүргэх гээд ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйтэй редакцуудаа сурталчлан таниулах ёстой. Ингээд баталгаатай мэдээллийн эх сурвалж болон эргэлзээтэй мэдээллээ яаж нягталж шалгаж болох вэ гэдэг арга зүйг иргэдэд зааж өгөх нь чухал. Энэ чиглэлд манай байгууллага 2022 оноос хойш илүүтэй хүч хаян ажиллаж байна. Тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байгаа ч илүү өргөн далайцтай ажиллах шаардлагатай. Үнэнийг хэлэхэд хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ гэдэг иргэний нийгэм дангаараа хийчихдэг ажил биш. Төр том үүрэгтэйгээр оролцох ёстой юм. Одоохондоо төр энэ ажлыг дэмжиж, арга зүйг маань ашигласан зүйл алга. Тиймээс төрийн ажлыг иргэний нийгэм хийж байна л гэж хэлье. Уг нь бол төрийн анзааралгүй үлдээсэн асуудлыг иргэний нийгэм анхааралд нь хүргэж, арга зүйгээ туршаад, болж байна гэж үзвэл өргөн далайцтайгаар хэрэгжүүлээд явбал асуудал харьцангуй үр дүнтэй шийдэгдэх боломжтой.

-2024 оны сонгуулийн жилд хуурамч мэдээллээс сэргийлэх шаардлага бүр ч их гарах байх даа?
-Бид дангаараа хуурамч мэдээллийг баримтаар нягтлаад тавина гэхээр амжихгүй. Тиймээс улс төртэй холбоотой хуурамч мэдээллийг хэрхэн нягтлах вэ гэдэг арга зүйг бий болгох юм. Энэ талаар манай байгууллага төсөл биччихээд хөөцөлдөж л байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран, хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн сувгаараа нягталсан мэдээллийг түгээж ажиллавал илүү өргөн цар хүрээтэй болох юм.

-Танай байгууллага мөн “Нягталъя” аяныг хэрэгжүүлж байгаа. Энэ аян баримт шалгахаас юугаараа ялгаатай вэ?
-Нягталъя аян бол олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх ажлын маань нэг хэсэг.

Энэхүү аяныг маань Нээлттэй нийгэм хүрээлэн дэмжин ажиллаж байгаа. Зөвхөн санхүүжилт олгохоос гадна иргэний нийгмийн хувьд хэрхэн байр сууриа баталгаажуулах, ажлаа урт хугацаанд тогтвортой хэрэгжих байдлаар төлөвлөх зэргээр арга зүйн зөвлөгөө өгч байгаад нь их талархаж байгаа.

Олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд зориулж, олон хүнд ойлголтын түвшинд мэдээлэл олгохоор сошиал медиа болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан явуулж буй кампанит ажил юм. Нягталъя аяны зорилго нь анхан шатанд баталгаагүй эх сурвалжийг таньдаг болгох. Манай пэйжийг 40 гаруй мянган хүн дагадаг. Тэр хүмүүстээ зургаар хайх, анхдагч эх сурвалж руу нь орж мэдээллийг нягталдаг болох зэрэг анхан шатны ойлголтыг өгч байгаа. Нягталъя аян маань давхардсан тоогоор 950 мянган хүнд хүрсэн. Дараагийн шатанд сайн дураар баримт шалгах сонирхолтой, гүн гүнзгий мэдээлэлтэй болох сонирхолтой хүмүүст онлайнаар хуурамч мэдээлэл гэж юуг хэлдэг, түүний төрлүүдийн талаар танилцуулах, арга зүйг нь нээлттэй хуваалцах зэрэг сургалт байдаг. Нягталъя аяны хүрээнд энэ сургалт дөрвөн удаа орсон. Үүний дараагийн шатанд баримт нягтлах, редакцын бүтцээр ямар үе шаттайгаар хамтран ажиллах , зохион байгуулалттайгаар хуурамч мэдээлэл түгээдэг бүлэглэлийг хэрхэн таних зэрэг илүү гүнзгийрүүлсэн сургалтууд байдаг.

-Ер нь хуурамч мэдээллийн тархах хурд ямар байдаг бол?
-MIT Media Lab-аас 2018 онд хийсэн судалгаагаар Twitter орчинд л гэхэд хуурамч мэдээлэл үнэн бодит мэдээллээс 6 дахин хурдан тархдаг гэх дүгнэлт гарсан байдаг. . Бодитой мэдээ мэдээлэл арай цөөн хүнд хүрдэг. Жишээ нь, mpress.mn сайт дээр гарсан боловсролын талаарх контентыг 5000 хүн уншсан байлаа гэхэд шуугиан тарьсан, шал худлаа гарчигтай, хэн нэгний зохиосон мэдээг илүү олон хүн уншаад лайк дараад, шэйр хийж байх магадлалтай. Финлянд, Норвеги зэрэг өндөр хөгжилтэй орнууд хэвлэл мэдээллийн суурь боловсролд маш их анхаарч ажилладаг учраас харин сенсаац төрлийн мэдээллийн тархалт дэлхийн дунджаас бага байдаг нь зөвхөн хуурамч мэдээллийн тархацтай тэмцэхээс гадна олон нийтийн мэдээллийн суурь боловсролыг сайжруулахад анхаарах нь чухал болохыг харуулж байгаа юм.

-Хуурамч мэдээлэл гэдэг дэлхий дахины л толгойны өвчин болоод байна даа.
-2021 онд Нобелийн энхтайвны шагналыг Филиппиний сэтгүүлч Мария Рессад олгосон. Хуурамч мэдээтэй тэмцэх нь дэлхий нийтэд ямар чухал болсон бэ гэдгийг Нобелийн хороо таньж мэдсэний үндсэн дээр энэ сэтгүүлчид Нобелийн шагнал олгосон хэрэг.

Б.Дуламхорлоо Нобелийн шагналт Мария Рессагийн хамтаар

Бид энэ сэтгүүлчийн Рапплер агентлагтай хамтран ажилладаг. Филиппинд 2021 оны сонгуулиар дарангуйлагчийн хүү ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ сонгуулиар зохион байгуулалттай мэдээллийн үйл ажиллагаа сошиал медиад хэрхэн ажиллаж, сонгуулийн үр дүнд гадна дотноос нөлөөлдгийг судалж гаргасан. “Энэ хүн бол хамгийн мундаг, Филиппинийг аврахаар ирсэн хүн. Энэ хүнийг муулж байгаа хүмүүс бол хамгийн муухай хүмүүс” гэх зохиолыг сошиалаар гаргасан.

Сошиал медиа платформын алгоритм яаж ажилладаг вэ гэхээр танай гэр бүлд нэг л хүн тэр хуурамч мэдээллийг хуваалцахад тэр хүний хуваалцсан мэдээллийг алгоритм дэмжээд танд болон бүх найз нөхөд, ах дүү хамаатан саданд нь харуулдаг. Тэгэхээр “манай ээж, аав, ах дүү шэйрлэж байгаа юм чинь үнэн л байж таарна” гээд цааш түгээдэг.

Энэ мэтээр маш өргөн далайцтайгаар хуурамч мэдээлэл тархахад хүрдэг. Энэ нь хэвлэл мэдээллийн суурь боловсролыг яагаад жигд сайжруулах ёстой вэ гэдгийг харуулж байгаа хэрэг. Манай байгууллага Мария Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ” номыг орчуулан, есдүгээр сард гаргахаар зорин ажиллаж байна. Энд мэдээллийн орчинд зохион байгуулалттай үйл ажиллагааг хэрхэн хийдэг вэ гэдэг талаар дурьдсан байдаг.

-Ирэх оны төлөвлөгөөнөөсөө танилцуулж болох уу?
-2023, 2024 оны төлөвлөгөө гэвэл насан туршийн боловсролын төвүүд, төрийн дэд бүтцүүдтэй хамтран ажиллаж анхан шатны түвшинд мэдээлэл мэдлэгийг хүргэх боломжтой болох байх гэж найдаж байна . Тэр түвшинд хороод, хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах төлөвлөгөө хүсэл байна. Ямар шатанд хэр бодитой хэрэгжих вэ гэдэг нь зөвхөн биднээс хамаарахгүй болчихоод байна.

-Танай байгууллагын ажилтны тоо?
-Бид арвуулаа ажилладаг. Гэхдээ нийгэмдээ эерэг сайхнаар нөлөөлөх сөн гэсэн чин хүсэлтэй, итгэл үнэмшилтэй хүмүүс ажилладаг. Санхүүжилтийн хувьд олон улсын тендэр, төслүүдэд материалаа илгээж, нээлттэй сонгон шалгаруулалтад орж босгодог. Сард ойролцоогоор 2-3, ачаалал ихтэй үед 5 хүртэл санхүүжилт хүссэн өргөдөл илгээх нь ч бий. . Түүнээс хоёр гурав нь олдвол олдоно, олдохгүй бол олдохгүй. Үндсэн ажлаа хийхийн тулд мөнгөө олох ажилд анхаарал хандуулах шаардлагатай болдог. Мөн олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүнчлэлтэй учир санхүүгийн эх үүсвэрээ ил тодоор зарлах ёстой байдаг. Одоогийн байдлаар санхүүгийн гол эх үүсвэр маань Мета компани. Түүнээс гадна хэвлэл мэдээллийн салбарт бизнес загвар нутагшуулах төслийн хүрээнд ажлууд маань үргэлжлээд явж байна. Хэвлэл мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх ажил маань Нээлттэй нийгэм хүрээлэнгийн санхүүжилтээр хийгдээд явж байна. Бидний хувьд санхүүгийн эх үүсвэрээ аль болох төрөлжүүлэх зорилгоор, АНУ, Европ, азийн орнуудаас туршлага судлах, илүү ойр ажиллахыг зорьдог.

-Ер нь монголд иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа явуулах хэр хүндрэлтэй вэ?
-Монголд ашгийн бусаар иргэний нийгмийн байгууллагаар ажиллах нь ашгийн төлөө хувьцаат компани болж ажилласнаас ямар ч ялгаа байхгүй. Иргэний нийгмийн байгууллагууд бол нийгмийн сайн сайхны төлөө, төрийн орхигдуулсан зарим чиг үүргийг хэрэгжүүлж, ашгийн бусаар нэг талаараа төрдөө тусалж ажилладаг гэж хэлж болно.

Гэтэл татварын орчин таатай биш, нийгмийн даатгалын шимтгэл нь хэвлэл мэдээлэлтэй ойр ажилладаг гээд нэг хувийг илүү төлдөг гэх мэт. Бид гол үйл ажиллагаандаа биш харин мөнгө олохын тулд хамаг цагаа алдаж ажиллахад хүрдэг.

Төрөөс иргэний нийгмийн байгууллагуудыг залхаан цээрлүүлэх байдлаар ажилладаг. “Мэдээлэл авъя, солилцъя” гээд дуудаж уулзана. Ажлын цагаас маань хумсалж уулзсан ч ямар ч үр дүн гардаггүй. Бидний ажиллаж буй хэвлэл мэдээллийн суурь боловсролын асуудал бол монголыг тоосон хэдэн гадны байгууллагын нуруун дээр л явж байна. Тэд бидэнд ямар ч өртэй юм бэ дээ гэж хааяа бодоход хүргэдэг.

Гэхдээ цаашид төр, иргэний нийгэм илүү үр дүнтэй, харилцан ойлголцолтой хамтран ажиллаж байж л нийгэмд эерэг үр дүн гарах учраас ойлголцоод, хамтран ажиллах арга зүйг сайжруулах л хэрэгтэй. Ялангуяа одоо яригдаж байгаа цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай асуудлыг төр дангаар, өөрийнхөөрөө харж шийдэж, зохицуулна гэдэг ардчиллаас ухарсан муйхар зохицуулалтад хөтөлж магадгүй учраас эндээс эхлээд нийтлэг ашиг сонирхлын төлөө хамтран ажиллах шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа.

Буйр нуураас гэдэсний савханцар илэрсэн тул хүн орохгүй байхыг зөвлөлөө
Буйр нуураас гэдэсний савханцар илэрсэн тул хүн орохгүй байхыг зөвлөлөө
 
Олон удаагийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “Шувуу“ ажиллагааны хүрээнд авчирлаа
Олон удаагийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “Шувуу“ ажиллагааны хүрээнд авчирлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.