/2023.6.16/ Дэлхийн топ 50 сургуульд материалаа өгч, тэнцсэн хүүхдүүд Боловсролын зээлийн сангийн шалгаруулалтыг ч давж гарлаа.
Гэтэл Засгийн газар, тодруулбал ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Дахин шалгалт авна” гэснээр эцсийн шийд гарах нь дахин хойшлов.
Ингээд зургаадугаар сарын 15-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ болон Боловсролын яамны төлөөллөөс бүрдсэн бүрэлдэхүүний хамтаар эцэг, эхчүүд, сурагчидтай уулзсан юм.
Боловсролын яамны мэдээлснээр энэ зээлийн сангаас 93 сурагч зээл, тэтгэлэг авахаар болсон. Гэтэл энэ уулзалтын үеэр “100 хүүхэд зээл авахаар болсон” гэв. Удалгүй яриа нь дахин өөрчлөгдөж, ердөө 50 нь санхүүжилт авах болж хувирлаа.
Засгийн газрын “Дахин шалгалт авна” гэх гэнэтийн шийдвэрээс өмнө эдгээр хүүхдүүд бүх төрлийн шалгалтуудаа өгсөн байжээ. Энэ нь дэлхийн топ 50 сургууль тэднийг “Манай сургуульд ирж суралцаач” гэж урилга илгээсэн гэсэн үг юм.
ЦОО ШИНЭ ҮНЭЛГЭЭ ГЭНЭТ ГАРГАЖ ИРЭВ
Шалгаруулалт хийгдсэн ч, дүн гарсангүй. Эцэг эхчүүд асуусан ч хууль хяналтынхан шалгаж байгаа гэх яамнаас өгсөн юм.
Удалгүй Зөөлөн ур чадварын шалгалт авна гэх мэдээлэл хийв. Энэ шалгалтдаа бэлтгэ гэж хүүхдүүдэд ердөө 7 хоногийн хугацаа тавьжээ. Дэлхийн топ их сургуулиудиас “илүү шалгуураар” хүүхдүүдийг шалгахаар шийдсэн нь энэ аж. Гэтэл уулзалтад очсон хүүхдүүд томчуудаас, Ган-Эрдэнэ зөвлөхөөс, Боловсролын яамныхнаас илүү хэрсүү байсан нь бахархмаар. Үг хэлсэн залуусын агуулгыг товчлон хүргэвэл:
Сурагч 1:
-Энэ Зөөлөн ур чадварын шалгалтыг ердөө хоёр жилийн өмнөөс дэлхий дахинд авахаар болсон. Гэхдээ энэ шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалттай адил бүтэн жилийн турш суралцаж төгссөний дараа өгдөг. Гэтэл та бүхэн долоо хоногийн дараа биднээс авна гэжээ. Бид яаж бэлтгэх вэ?
Сурагч 2:
-Та бүхэн энэ дэлхийн хэмжээний шалгалтаас асуултуудыг шууд хуулан авсан байгаа харагдаж байна. Ингэж шалгалт авахаар тестийн асуултыг оруулахдаа та бүхэн албан ёсны зөвшөөрөл авсан уу?
Сурагч 3:
-Эгч ээ (Боловсролын яамны ТНБД Цэдэвсүрэнд хандав), би Оксфордын их сургуулийн хоёрдугаар курсын оюутан. Өнгөрөгч жил би энэ Боловсролын зээлийн сангийн шалгаруултад орсон боловч тэнцээгүй. Энэ жил дахиад өрсөлдлөө. Гэтэл Англи улсад, англи хэлээр хичээл үзэж байгаа оюутанд TOEFL шалгалтыг заавал өгөх ёстой гэдэг шаардлага тавьж, би 950 доллараар өглөө. Боловсролын зээлийн сангийн шалгууртаа нарийн заалтууд нэмж оруулах ёстой мэт санагдлаа. Мөн Duolingo гэх шалгалтыг 40 доллараар өгсөн хүүхэдтэй өрсөлдүүллээ. Энэ шударга уу гэж асуув.
Боловсролын зээлийн сангийн зорилго нь Монгол Улсад эрэлттэй нарийн мэргэжлүүдийг тэргүүлэх чиглэлээр сонгон, энэ чиглэлд оюутнуудаа дэмжих үндсэн зорилготой. Гэтэл “өнөөх Д.Амарбаясгалангийн зөвлөхийн” гаргасан үнэлгээгээр гол шалгуур нь сүүл мушгижээ.
Ган-Эрдэнэ зөвлөх Зөөлөн ур чадварын шалгалтыг хэрхэн авах, хэн асуултыг нь зохиосон зэрэг асуултад хариулах болов. Гэвч тэрбээр энэ шалгалтыг яагаад авах болсон үндэслэлээ тайлбарлаж чадсангүй. Дэлхийн топ хэдэн сургуулийн логог тавьсан байх бөгөөд эдгээр сургуулиудаас жишээлсэн гэх утгатай тайлбар хийсэн юм.
Үнэхээр энэ асуултыг хэн боловсруулсан бэ, хаалттай байдлаар хийсэн үү, ЭЕШ-ынхан шиг цагдаа тагнуултайгаар нууцлалыг хамгаалсан уу энэ асуултад албаныхан бүдэрлээ.
Тиймээс “Тэгвэл ямар ч шалгаруулалт болсон та бүхэн гомдолгүй гэж гарын үсэг зурчих” хэмээн хуудас цаас дамжуулахыг оролдсон нь уулзалтад оролцогсдын дургүйцлийг улам ихээр төрүүлсэн юм.
Энэ бүх бүтэлгүйтлийн дараа зөвлөх Ган-Эрдэнэ танхимыг орхиж, зугтсан байв.
Д.Амарбаясгалан сайд аа, Та хүүхдүүдээр туршилт хийж, цүнх баригчаар зөвлөх хийлгэхээ болих ёстой юм биш үү?