Samsung-ийн чипний үйлдвэрийг Хятадад дуурайлган барихаар технологийн хулгай хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Samsung-ийн чипний үйлдвэрийг Хятадад дуурайлган барихаар технологийн хулгай хийжээ

/2023.6.15/ Samsung Electronics компанид өндөр албан тушаал хашиж байсан нэгэн этгээдийг тус компаниас технологийн мэдээлэл хулгайлж, БНХАУ-д яг ижил үйлдвэрийг дуурайлган барих гэж байсан хэмээн сэжиглэж, Өмнөд Солонгост баривчилжээ.

Уг хэрэгт буруутгагдаж байгаа 65 настай эрэгтэй нь Samsung-аас өмнө түүний өрсөлдөгч, чип үйлдвэрлэгч SK Hynix компанид мөн дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан юм.

Өмнөд Солонгосын компаниудаас сүүлийн үед Хятадын компаниуд технологийн хулгайг удаа дараа хийж байгаагийн эсрэг өрнүүлж буй тэмцлийн хүрээнд дээрх хэргийг илрүүлсэн байна.

Солонгосын прокурорын байгууллагаас Даваа гарагт мэдэгдэл хийж, Samsung-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн өндөр технологийн чип үйлдвэрлэх үйлдвэр барихад шаардлагатай технологийн бичиг баримтуудыг хууль бусаар олж авсан талаар мэдэгдсэн ч гэмт этгээдийн нэрийг нууцалж байна.

Тэрээр Хятадын баруун хэсгийн Шиан хотод байрлах Samsung-ийн угсрах үйлдвэрээс ердөө 1,5 км зайд чип угсрах үйлдвэрийг дуурайлган байгуулахаар төлөвлөж байжээ.

“Энэ бол зүгээр ч нэг технологийн нууц задруулсан хэрэг биш бүхэл бүтэн чипний үйлдвэрийг тэр чигт нь хуулбарлан байгуулах оролдлого юм. Тиймээс урьд өмнө нь үйлдэгдэж байсан технологийн хулгайн хэргүүдийг энэ удаагийн хэрэгтэй харьцуулахын аргагүй бөгөөд хэрвээ гэмт этгээд санасандаа хүрч, Samsung-ийн чипний үйлдвэрийг Хятадад байгуулан, ижил чанартай бүтээгдэхүүн бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн бол энэ нь Солонгос улсын хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарт нөхөж баршгүй үлэмж хохирол учруулах байлаа” хэмээн Сувон дүүргийн прокурорын мэдэгдэлд дурдсан байна.

Гэмт этгээд Хятадын Сычуань мужийн Чендү хотод байгуулсан компанидаа Samsung болон SK Hynix компаниудаас нийт 200 гаруй хүнийг ажилд авч, тэднийг хуучин ажил олгогчдоосоо технологийн нууц мэдээлэл хулгайлж авчрах үүрэг өгчээ. Мэдээлэл алдагдсанаар Samsung компани урьдчилсан байдлаар л гэхэд 230 сая ам.доллартай тэнцэх хохирол амсаад байгаа гэж прокуророос мэдэгдсэн.

Сөүл хотын WeFocus хуулийн фирмийн патентын хуульч бөгөөд урьд нь улсын мөрдөн байцаагч байсан И Дун Хван “Samsung өөрийн чипний үйлдвэртээ гадны хүн орохыг хатуу хориглодог. Учир нь тэдний үйлдвэрийн зохион байгуулалт болоод тоног төхөөрөмжүүдийн дэс дараалал нь ажлын бүтээмж болон бүтээгдэхүүний чанарт үлэмж нөлөөтэй байхаар зохион байгуулагдсан байдаг. Хэдий компани аюулгүй байдлын хүчирхэг систем бий болгосон ч компанид удирдах алба хашиж байсан, олон төрлийн чухал мэдээлэлд хандах эрхтэй этгээд технологийн мэдээллийг зориуд хулгайлж, Хятадын өрсөлдөгч компаниудад зарна гэдгийг урьдчилан харах ямар ч боломжгүй дээ” хэмээн ярьсан юм.

Хулгайлагдсан нууц мэдээллүүд дунд өндөр зэрэглэлийн чипний үйлдвэрээс элдэв бохирдлыг хэрхэн гадагшлуулах, нэвтрүүлэхгүй байх талаарх мэдээллүүд, давхрын зохион байгуулалт, чип үйлдвэрлэл явагддаг өрөө тасалгаануудын хэмжээ зэрэг мэдээлэл байсан аж.

Гэмт этгээд уг нь Сингапурт бүртгүүлсэн компанидаа Тайванийн нэгэн компаниас 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах ёстой байсан ч уг ажил нь бүтэлгүйтсэн тул Хятадын компаниудаас 350 гаруй сая долларын хөрөнгө оруулалт авч, Хятадын Чендү хотод үйлдвэр байгуулж, туршилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэж үзэхээр төлөвлөөд байв. Уг үйлдвэрийн барилгыг ч мөн адил Samsung-аас хулгайлсан технологи дээр үндэслэж барьсан гэж прокуророос мэдэгдээд буй.

Уг хэрэгт дээр дурдагдсан Samsung-ийн дэд ерөнхийлөгч асангаас гадна Samsung-ийн туслан гүйцэтгэгч компанийн нэг ажилтан, Хятадын чип үйлдвэрлэгч компанид удирдах албан тушаалтай 5 хүнийг мөн яллагдагчаар татаад байна.

АНУ болон Хятадын хооронд технологийн дайн өрнөснөөр Хятадын компаниуд Өмнөд Солонгосын компаниудыг онилох болж, тэднээс хагас дамжуулагч, цахилгаан машины цэнэг хураагуурын технологи, мөн ухаалаг төхөөрөмжүүдийн дэлгэцийн үйлдвэрлэл, усан онгоцны үйлдвэрлэлийн салбараас нууц мэдээллүүд олж авахаар улайран хөөцөлдөж эхэлжээ.

Энэ оны 2-р сард Samsung Electronics-ийн охин компани ус цэвэршүүлэх технологиор дагнасан Semes-ийн 7 ажилтан компаниасаа мэдээлэл хулгайлж, Хятадад дамжуулсан хэргээр хорих ял шийтгүүлсэн билээ.

Тиймээс БНСУ-ын засгийн газраас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий шинэ мөрдөн шалгах байгууллагуудыг байгуулж, холбогдох ял шийтгэлийг чангатгаж, хууль хяналтын байгууллагад мэдээлэл өгөх үйл явцыг хялбаршуулах зэргээр тэмцэл өрнүүлж эхлээд байна.

Эх сурвалж: https://arstechnica.com

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.