ОХУ, Украйны дайны нөхцөл байдал цаашид даамжирч, олон улсын асуудал болох вий гэсэн зовнил дэлхий дахинаа бий.
Эл асуудлыг тойрсон цөмийн дайн үүсэх вий гэсэн айдас ч мөн үүсэх нь аргагүй билээ. Иймд дэлхийн цөмийн тэргүүлэгч хоёр гүрэн болох АНУ, ОХУ-ын цөмийн зэвсгийн нөөц болоод хүчин чадал ямар түвшинд явааг уншигчдад хүргэхээр зорилоо.
Цөмийн зэвсэг гэж юу вэ? Хэр хүчтэй мөн аюултай вэ?
Цөмийн урвалаас үүсэх асар их энергийг ашигладаг тэсэрдэг төхөөрөмжийг цөмийн бөмбөг гэх бөгөөд цөмийн зэвсгийн хүч нь хэд хэдэн зүйлээс хамаардаг:
- Цөмийн цэнэгт хошууны хэмжээнээс
- Цэнэгт хошууны дэлбэрэлтийн өндрөөс
- Цөмийн зэвсэг хэрэглэж байгаа газрын онцлогоос хамаарна.
Японы Хирошимад хаясан “Бяцхан хүү” нэртэй цөмийн бөмбөг нь дөнгөж 15 килотон хүчтэй байсан ч 146 мянган хүний аминд хүрч, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн харгис гашуун дурсамж болсон юм. Гэтэл өнөөдөр цөмийн бөмбөгний хүч 1000 килотон давна.
Хүн төрөлхтний түүхэнд туршиж байсан хамгийн хүчтэй бөмбөг нь ОХУ-н “Царь” бөгөөд 50 мегатонн буюу 50 мянган килотонн хүчтэй байсан гэдэг.
Хэрвээ Царь бөмбөгөнд төлөвлөсөн ёсоороо уран238-г нэмсэн бол 100 мегатон давах ёстой байсан хэдий ч цацраг идэвхт тунадас бага байлгах зорилгоор туршилтаасаа хассан. Ийм хүчтэй цөмийн бөмбөгдөлтөөс юу ч үлдэхгүй бөгөөд маш хүчтэй галт бөмбөлөг мөн дууны долгион үүсч ойр орчмын хэдэн км газрыг юу ч үгүй үнсэн товрого болгоно.
Тактикийн болон Стратегийн цөмийн бөмбөг гэж 2 тусдаа цөмийн зэвсэг бий. Ялгаа нь тактикийн цөмийн бөмбөгнүүд нь тодорхой талбай, объектийг устгах зориулалтай бөгөөд илүү бага цар хүрээг хамарч бага цацраг идэвхт тунадас ялгаруулдаг. Тийм ч учир тактикийн цөмийн бөмбөгнүүд стратегийн цөмийн бөмбөгнүүдээс арай бага хүчтэй буюу 50 килотонн хүртэл хүчтэй байдаг.
Цөмийн зэвсэгтэй болсон түүх
ЗХУ нь 1945 нь онд өөрсдийн цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөө цагт ОХУ-ын тус хүчийг Стартегийн Цөмийн Хүч буюу СЯС (Стратегические Ядерные Сыли) гэдэг. Энэхүү цөмийн хүчний бүрэлдэхүүнд стратегийн пуужингийн хүчин (РВСН), тэнгисийн цэргийн стратегийн цөмийн хүчин болон нисэхийн стратегийн цөмийн хүчин буюу үндсэн гурвал/триад багтана. Зэвсэглэлийн төрлүүдэд нь хөдөлгөөнт тив хоорондын баллистик пуужингийн цогцолборууд, стратегийн пуужингийн шумбагч онгоц, стратегийн бөмбөгдөгч онгоцууд, стргатегийн агаар-газар ангиллын далавчит пуужин болон агаарын бөмбөлгүүд байна.
Харин АНУ-ын хувьд 1946 онд Стратегийн Агаарын Командлал SAC (Strategic Air Command) нэртэйгээр алсын зайны бөмбөгдөгч онгоцонд тулгуурлаж цөмийн зэвсгийн хөтөлбөрөө эхлүүлсэн. 1959 оноос эхлэн газар дээр суурилсан тив хоорондын баллистик пуужингууд (ICBM) нь SAC-ийн салшгүй нэг хэсэг болжээ. 1960 оноос хойш SAC-д цөмийн цэнэгт хошуутай баллистик пуужингаар харвах шумбагч онгоцнууд нэмэгдэж, тэнгисийн хүчин нь цөмийн хүчинтэй болсноор АНУ-ын зэвсэгт хүчин Стратегийн Цөмийн Гурвалаа/триадаа бүрдүүлсэн юм. АНУ-ЗХУ-н хоорондох хүйтэн дайныг зогссонтой холбогдуулан 1992 онд SAC-г татан буулгаж оронд нь АНУ-ын батлан хамгаалах бодлогод цөмийн дайны тухай шинэ алсын хараатай болсонтой холбогдуулан Стратегийн Командлал USSTRATCOM-г байгуулсан.
Цөмийн зэвсгийн нөөц
Мэдээллийн нээлттэй энэ цаг үед цөмийн зэвсэг, зэвсгийн мэдээллүүд хаалттай буюу тухайн улсын нууцын зэрэгт хамаардаг учир мэдээж мэдээлэл олж цуглуулах нь хамгийн ярвигтай. Гэсэн ч байж болох олон талт сурвалжуудыг ашиглаж ерөнхий байдлаар энэхүү мэдээллийг бэлтгэхийг зорьсон билээ.
ОХУ
2020 оны байдлаар Стратегийн пуужингийн хүчин РВСН-д 1181 цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай 320 тив хоорондын баллистик пуужинтай гэж мэдэгдсэн.
Үүнд нь:
Доорх хүснэгтэд стратегийн пуужингийн хүчинг харуулж байна (РВСН):
Зэвсгийн нэршил |
Зэвсгийн төрөл |
Зэвсгийн тоо (ширхэг) |
Пуужингийн төрөл |
Туулах чадвар (км) |
Нарийвчлал (м) |
Р-36М2 (SS-18; Сатан) |
Газар доор суурилсан цогцолбор |
46 |
Тив хоорондын хүнд баллистик пуужин |
11000-16000 |
500 |
УР-100Н УТТХ |
Дуунаас хурдан Авангард пуужин |
2 |
Дуунаас хурдан Авангард пуужин |
10000 |
350-550 |
РТ-2ПМ (Тополь) |
Газрын хөдөлгөөнт цогцолбор |
45 |
Тив хоорондын баллистик пуужин |
11000 |
150 |
РТ-2ПМ2 (Тополь-М) |
Газар доор суурилуулсан цогцолбор |
60 |
Тив хоорондын баллистик пуужин
|
12000
|
150-200 |
Хөдөлгөөнт цогцолбор |
18 |
||||
РС-24 (Ярс) |
Газар доор суурилсан цогцолбор |
14 |
Тив хоорондын баллистик пуужин
|
12000 |
150-200 |
Хөдөлгөөнт цогцолбор |
135 |
||||
Нийт |
|
320 |
|
|
|
Эдгээр ашиглалтад байгаа цөмийн зэвсгүүдээс Тополь төрлийн пуужингуудын хөгжүүлэлтийг 2011 онд зогсоосон бөгөөд түүнийг сайжруулан бүтээсэн Ярс пуужингийн цогцолборыг цаашид хөгжүүлэн ашиглахаар болсон.
Мөн эдгээр 320 ашиглалтад байгаа зэвсгүүдэд 812 цөмийн цэнэгт хошуу байх ба эдгээр нь зөвхөн газрын хүчинд харъялагдана. Үүнээс гадна агаарын болон тэнгисийн хүчинд харъялагдах цөмийн зэвсгүүд бий.
Стратегийн агаарын хүчинд 77 бөмбөгдөгч онгоцонд 200 орчим цөмийн цэнэгт хошуу, харин тэнгисийн хүчинд нь 10 шумбагч онгоцонд 576 цөмийн цэнэгт хошуунууд тус бүр байдаг гэсэн тооцоо бий. Тооцоо бий гэдгийн учир нь улс болгоны цөмийн зэвсэг нь тухайн улсын нууц гэж явдаг. Тиймээс тус улс болгоны өөрсдийн мэдэгдэж буй дүн, зэвсэг болон дайны шинжээчдийн таамаг тооцооллоос үндэслэн зэвсгийн тоог багцаалдан гаргадаг. ОХУ-д нийтдээ 6375 цөмийн цэнэгт хошуу байгаа гэж үздэг бол АНУ-ын хувьд 5800 орчим байдаг гэдэг. ОХУ-ын хувьд 2889 хошуу нь хадгалагдаж, 1588 нь одоогоор ашиглалтад байгаа бол үлдсэн нь ашиглалтаас гарсан гэж тооцоологдсон.
Бусад улсын хувьд ашиглалтад байгаа цөмийн цэнэгт хошуунуудын тоо нь
- АНУ – 1644,
- БНХАУ – 350,
- Франц – 290,
- Их Британи – 225.
Буцаад ОХУ-ын зэвсэглэл рүү ороход, 2018 оны гуравдугаар сарын 1-нд Путин Манежийн төв үзэсгэлэнгийн танхимаас ОХУ-ын шинэ үеийн зэвсгүүдийг танилцуулсан ба “өмнө нь биднийг хэн ч сонсдоггүй байсан бол одоо сонсох болно” хэмээж шинэ үеийн зэвсгүүдэд өндөр илтгэл үзүүлж байгааг харуулсан.
Эдгээр танилцуулсан зэвсгүүдэд нь цөмийн хөдөлгүүртэй далавчит пуужин, дэлхийн хамгийн хүчирхэг пуужин болох Сатаны өв залгамжлагч Сатан2 буюу РС-28 Сармат, өмнө нь хүмүүст төдийлэн үнэлэгдээгүй байсан дуунаас хурдан Авангард пуужин болон Каньон буюу Статус-6 цөмийн зэвсэгт нисгэгчгүй усан доорх тээврийн хэрэгсэл, "Кинжал" нэртэй цөмийн болон ердийн гэсэн хоёр зориулалттай хэт авианы далавчит онгоц, АНУ-ын Тэнгисийн цэргийн AN/SEQ-3 лазерын зэвсгийн системтэй төстэй харагдахуйц ойрын зайн чиглэсэн энергийн систем гэх зэрэг зэвсгүүд багтсан. Гэвч эдгээр сүр бадрангуй танилцуулж байсан зэвсгүүдээс Кинжал нэрт хэт авианы дуунаас 10-20 дахин хурдлах чадвартай пуужинг Украйнчууд Патриот агаарыг хамгаалах системээрээ нэг шөнийн дотор 6 ширхэгийг устгаж чадсан гэдгээ мэдэгдсэн. Үүнийг нь ОХУ-н зүгээс үүнийг эрс няцаасан бөгөөд эсрэгээрээ Кинжал онгоцнууд нь АНУ-д үйлдвэрлэгдсэн агаарыг эсэргүүцэх Патриот системийг эхнээс нь устгаж эхэлсэн гэсэн ба энэ систем нэг их удалгүй гэж мэдэгдсэн. Хоёр талаас дайны нөхцөл байдлыг эрс тэрс мэдээллэдэг учир яг бодит байдал ямар байгааг дүгнэхэд хэцүү.
АНУ-ын хувьд
АНУ нь цөмийн зэвсгийг хамгийн анх хийсэн мөн дайнд тус зэвсгийг ашигласан цор ганц улс. ОХУ-тай дүйц очихуйц их хэмжээний цөмийн цэнэгт хошуутай бөгөөд энэ 2 улс хамтдаа дэлхийн цөмийн цэнэгт хошууны 90 хувийг бүрдүүлдэг. 3800 цэнэгт хошууг хадгалж эсвэл суурилуулсан буюу ашиглалтад байгаа, 2000 хошуу нь хугацаа нь дуусч задлах шаардлагатай гэсэн статустай байна.
Тэдний пуужингийн туулах чадвар ОХУ-аас бараг ялгаагүй бөгөөд газарт суурилсан пуужингуудын туулах чадвар 14000км нарийвчлал нь 240м, шумбагч онгоцнуудынх 12000км хүртэл туулах чадвартай. Мөн агаарт түлшээ цэнэглэх чадвартай түүндээ зөөврийн бөмбөгдөгч онгоцтой бол бараг хязгааргүй хол туулж чадна. 2021 оны байдлаар АНУ-ын цөмийн зэвсэгт хүчинд 400, Minuteman III пуужин 450 хөөргөгч байгууламжид тархан байршсан, 14 цөмийн цэнэгт хошуутай шумбагч онгоц ес нь номхон далайд тав нь Атлантын далайд, 60 цөмийн цэнэгт хошуу ачих чадвартай хүндээр бөмбөгдөгч онгоцууд, эдгээрийн 20 нь B-2 бөмбөгдөгчид 40 нь В-52 бөмбөгдөгчид байна.
Дайны болон зэвсгийн судлаачдын хэлж буйгаар ОХУ нь цөмийн зэвсгийн тоо толгой болон хөгжлөөрөө АНУ-ын урд яваа гэж үзсэн бөгөөд шалтгаан нь: АНУ нь одоогоор Minuteman, Trident гэсэн хоёрхон төрлийн цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай тив хоорондын баллистик пуужинтай. 1986-2005 оны хооронд ашигладаг байсан Peacekeeper пуужин болон Midgetman гэх пуужингуудаасаа татгалзсан нь тэдний цөмийн зэвсгийн чадавхийг бууруулсан гэж үзжээ. Харин ОХУ-ын хувьд эсрэгээрээ дээр дурьдсанчлан маш олон төрөл загварын пуужингууд ашиглаж байна.
Бид цөмийн дайн үүсэх вий гэдгээс айх хэрэгтэй юу?
Цөмийн зэвсгээр тэргүүлэгч хоёр гүрний нөөц боломж бололцоог харахад цөмийн дайн гарвал хүн төрөлхтөн гэлтгүй дэлхийн дийлэнх амьд организм устаж алга болох нь тодорхой. Энэ аюулыг хоёр их гүрэн өөрсдөө мэдэж сэрэмжилж байгаа учир хүйтэн дайны үеэс эхлэн шатлалтайгаар цөмийн зэвсгүүдээ цөөлөх бодлого баримталж ирсэн.
ЗХУ 40 мянга, АНУ 30 мянган цөмийн цэнэгт хошуутай болтлоо үйлдвэрлэж хөгжүүлж ирсэнтэй харьцуулаад харвал өнөөдрийн ашиглалтад байгаа цөмийн зэвсгийн тоо хамаагүй бага бөгөөд цаашид ч үүнийг багасгахаар төлөвлөгдсөн. Өнөө үед энэхүү хөтөлбөр нь үргэлжилсээр START III гэсэн шинэ хэлэлцээр хийгдсэн ч хоёр улсын хоорондох асуудлаас болоод зогсонги байдалд орсон нөхцөл байдалтай байна. Түр хугацаанд зогссон ч цөмийн зэвсгийг багасгах хөтөлбөр үргэлжлэх нь гарцаагүй бөгөөд энхийн замаар аль болох хамгийн бага хохиролтой арга замыг сонгох нь ойлгомжтой билээ.
Иймд цөмийн зэвсгийн хөнөөл нүүрлэнэ гэж хэт туйлшрах шаардлагагүй юм.