/2023.05.30/: УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Иман Абдулраззакийг өчигдөр Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.
Хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон уг уулзалтанд Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Альмутайри, Кувейтийн сангийн Зүүн болон Өмнөд Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан менежер Юсеф Аль-Бадер, тус сангийн Сурталчилгаа, маркетинг, үзэсгэлэн хариуцсан газрын дарга Салех Аль-Такуй болон ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар оролцлоо.
Кувейтийн сангаас буцалтгүй тусламжийн хүрээнд 8.0 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн шинэ барилга ашиглалтад орж, хүн амд түлэнхий, осголт, хөлдөлтийн үеийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдсэн.
Эрүүл мэндийн сайд уг явдалд талархлаа илэрхийлээд цаашид хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, тэр дундаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Онцгойлон Кувейтийн сантай хоёр төсөлд хамтран ажиллах хүсэлтээ Эрүүл мэндийн сайд уулзалтын үеэр тавьсан.
Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг болон Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулахаар тусгасан. Энэ хоёр эмнэлгийг барих газрыг хотын захиргаанаас шийдсэн, зураг төсөл нь бэлэн хэдий ч санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгааг хэлсэн юм.
Тэрээр өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэн суулгах мэс засалд 460, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд 550 өвчтөн орохоор хүлээж байгааг хэлээд, хэдийгээр манай улс эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багтай болж, эмч, мэргэжилтнүүдийн чадавхи бэхэжсэн ч өөрийн гэсэн байргүйгээр өвчтөнүүд удаан хугацаагаар хүлээж, зарим тохиолдолд амь насаа алдах тохиолдол ч гарах эрсдэлтэй тулгараад байгаа талаар ярьсан.
Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг болон Монгол Улсын анхны эрхтэн шилжүүлэн суулгах төвийг нэн даруй байгуулах шаардлага байгаа бөгөөд газрын асуудлыг нь шийдсэн энэ хоёр төсөлд 191,0 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгааг Кувейтийн сангийн буцалтгүй тусламж болон урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдүүлэх хүсэлтэй байгаагаа Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Иман Абдулраззакд илэрхийлж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Хатагтай Иман Абдулраззак эрүүл мэндийн салбарт боломжтой бүхий л арга замаар хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг хэлээд Монголын талаас хүсэлтүүдээ албан ёсоор тавьснаар шийдвэрлэх арга замын талаар ярилцах боломж нээгдэнэ гэсэн юм.
Уулзалтын үеэр Кувейтийн сангаас 200 мянган ам.долларыг ойрын үед эрүүл мэндийн салбарт зарцуулах боломж буйг дуулгаад чухам ямар төсөлд ашиглахыг Эрүүл мэндийн сайдаас тодруулсан. С.Чинзориг сайд шинээр байгуулагдсан Түлэнхийн төвд шаардлагатай эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр хангахад зориулах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн. Түүнчлэн тус сангаас Монголд зайлшгүй шаардлагатай байгаа Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж нааштайгаар шийдэхийн төлөө ажиллана гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Иман Абдулраззакийг ирэх долоодугаар сард монгол түмний их баяр цэнгэл наадмыг үзэж сонирхохоор Монгол Улсад айлчлахыг урьсныг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг баталгаажуулж түүнийг Монголд дахин зочлохыг хүслээ.