МИНИЙ ТУРШЛАГА №15: Хүүхдүүддээ вакцин хийлгэх эцэг эхчүүд уншаарай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИНИЙ ТУРШЛАГА №15: Хүүхдүүддээ вакцин хийлгэх эцэг эхчүүд уншаарай

/2022.8.5/ Хүүхдүүддээ вакцин хийлгэх үү гэж эргэлзэж буй эцэг, эхчүүд уншаарай гэж сэтгүүлч Э.Лхагва өөрийн хуудаснаа дараах мэдээллийг постолсныг хүргэж байна.

Монгол улс Ковидын вакциныг 5-11 насны хүүхдүүддээ хийж эхлээд байгаа. Албан ёсны мэдээлэл хомс, цар тахлаас залхаж ядарсан иргэдийн дунд худал мэдээлэл, айдас их байгаа учраас нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, олон улсын судалгаануудын хураангуй уншиж цуглуулсан мэдээллээсээ хуваалцаж байна. Сэтгүүлч, судлаач найзууд энэ хураангуйлсан мэдээллийг факт чек хийж үзээд түгээгээрэй.

Өвдчихсөн юм чинь дархлаа тогтчихсон: ТАШАА ОЙЛГОЛТ

Вакцин хийлгэсэн бол эсхүл байгалийн жамаар халдвар авч өвчилсөн бол уг халдварын эсрэг бүрэн дархлаа насан туршид тогтоно гэсэн уламжлалт ойлголт энэ цар тахлыг үүсгэж буй ковидын вирусийн хувьд боломжгүй. Дахин, дахин өвдөнө. Эрүүл мэнд, эдийн засгаараа хохирно.

Тиймээс өвчилсөн бол дахин халдвар авч давтан өвчлөх боломжтойг цар тахал дэлхий даяар харуулж байна.

Вирус амьд биед буюу хүнээс хүний биед дамжиж амьдрах дамжих гинжин хэлхээг таслах нь хамгийн чухал ба үүнд вакцинжуулалт АНХДАГЧ арга хэмжээ болдог. Вакцин анхдагч хамгаалалт болохын сацуу амны хаалтны зөв хэрэглээ, хувийн ариун цэвэр гэх мэт нийтийн эрүүл мэндийн арга хэмжээнүүд нийлж байж халдварын гинжин хэлхээг зогсоох боломжтой.

Яагаад олон хувилбар гараад цар тахал
дуусахгүй байгаа юм бэ?

Вакцинжуулалт дэлхийн улс орнуудад нэгэн жигд байдлаар зэрэг хийгдэж чадаагүйн улмаас вакцины хамрагдалт багатай тив, улсуудын хүн амын дунд вирус хувирч өөрчлөгдөх нөхцөл бүрдэж байгаа юм.

Энэ байдлаар удвал энэ цар тахал маш удаан сунжирч, вирус цаашид яаж хувирч, ямар аюултай хувилбар үүсгэхийг таахад хэцүү.

Иймээс хүн төрөлхтөн жигд дархлаатай болж байж даван туулах нөхцөл бүрдэх юм. Манай улсын хувьд ч энэ мөн адил. 2021 оны анхны 2 тунд хамрагдсан хамрагдалтын хувь өндөр байсан ч дээр тайлбарласны дагуу (байгалийн болон) вакцины дархлаа тогтвортой удаан үргэлжлэхгүй, дээрээс хувирсан вирусийн хувилбарууд гаднаас зөөвөрлөгдөн орж ирж хүн амын дунд өөр хэлбэрийн тархалт үүсгэж буй тул нэмэлт тунд хамрагдаж явах ёстой.

"Одоогийн энэ вакцин үр дүнгүй, хийлгээд ч нэмэргүй"

Вирус өөрчлөгдөж байгаа тул вакцины үр нөлөөний хувь буурсан нь үнэн ч өвчний хүндрэл, нас баралтаас хамгаалахад өндөр үр дүнтэй хэвээр байгаа.

"Хэд хийлгэдэг юм бэ, хийлгэсэн ч өвдсөн" гэхийн тухайд дээр хэлсэнчлэн вакцины үүсгэсэн дархлаа зарим улсуудын судалгаагаар 4 сар, зарим улсынхаар 6-8 сар тогтвортой байгаа. Түүнээс хойш нэмэлт тунг хийлгэх шаардлагатай.

Энэ ташрамд хэлэхэд, 2021 оны 2 тун вакциныг өнөөдөр вакцинтайд тооцохгүй ээ. Европын холбооны болон бусад өндөр хөгжилтэй улс орнууд голдуу 2021 оны 10 дугаар сарын 1-нээс хойш, эсхүл сүүлчийн 6 сарын дотор вакцин хийлгэсэн байх шаардлага тавьж байна. Гадагшаа явна гэж бодож байвал бүүстер хийлгэхийг зөвлөж байна.

"Вакцин хийлгээд цус өтгөрөөд харваж үхээд байна" гэхийн тухайд зүрх, судасны эмч нар зөндөө мэдээлэл хийсэн байгаа. Вакцин хийлгэхээс өмнө цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгсөн эсэх, тэгээд вакцины дараа мөн цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгсөн эсэх, энэ хооронд харьцуулсан шинжилгээний дүнд нөлөөлөх бусад эрсдэлт хүчин зүйлс уг хүнд байсан эсэх гэх мэт маш нарийн мэдээлэлтэй, лабораторид нарийн шинжилсэн хариу байхгүй нөхцөлд таамгаар, сургаар ийм дүгнэлт хийх боломжгүй. Дээр хэлсэнчлэн байдлаар шинжилж үзээгүй л бол эмч хүн ч хүнийг хараад ингэж мэдэх, тийм онош хэлэх ямар ч боломжгүй. Иймээс иргэд ам дагаж, цуурах байдлаар цус өтгөрөхийг вакцинтай холбож буй нь нотолгоогүй ам дамжсан яриа төдий зүйл юм

Харин ковидоор өвчилсөн бол асуудал маш ойлгомжтой юм. Ковид тусвал зүрх, судасны системийг гэмтээдэг. Энэ угаасаа ямар замаар халдаж, мөн ямар эд эрхтнийг гэмтээдэг нь одоо угаасаа ил болчихсон зүйл. Цус өтгөрнө, өтгөрсөн цус судсыг бөглөрүүлнэ.

Иймээс ковидын халдвараар өвчилсний дараагаар эмчийн зааврын дагуу цусны шинжилгээ өгөх, шинжилгээний хариуны үндсэн дээр цус шингэлэх эм уух, уух усныхаа хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Эв эрүүл хүний хувьд шүү дээ.

Гэтэл монголчуудын уламжлалт хоол хүнсний онцлогоос хамаарч өөх тостой хоод унд тогтмол иддэг, дээрээс нь тамхи татдаг бол судасны хана угаасаа ямар байх нь ойлгомжтой. Нэг ёсондоо угаасаа судас бөглөрөх бүх нөхцөл бүрдчихээд явж байгаа ард түмэн. Ковидоос өмнө сүүлийн 20 гаран жилийн турш монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан угаасаа зүрх, судасны өвчлөл байсан. Энэ өөрчлөгдөөгүй, өнөөдөр ч хэвээрээ байна. Үүн дээр ковидын өвчлөлийн нэмбэл настай хүмүүсийн хэлдгээр "мориндоо мордох" л болно.

Хүүхдийн вакцины тухайд гэвэл энэ оны 7 дугаар сарын 15-ны байдлаар гэхэд нийт өвчилсөн (эмнэлгийн бүртгэлд орсон нь гэсэн үг) хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл вакцингүй буюу 5-11 насныхан 40 гаран хувьтай байгаа. 12-17 нас буюу түрүү жил вакцин хийлгэсэн насны бүлгийнхэн 10 хүрэхгүй хувь байгаа. Эндээс анхдагч хамгаалалтгүй бүлэг халдварт илүү өртөж байгааг түвэггүй харж болно.

ХӨСҮТ, ЗГ өвчлөлийн задаргааг Баттөр дарга байсан шиг задаргаа цаашид хуваалцаж үүнийг нотолмоор байна. Хэнээс юунаас айгаад байгааг ойлгохгүй байна. Сүүлдээ олон боловсролгүй хүний айдаст тааруулсан нийгмийн эрүүл мэндийн бодлоготой явах юм уу? Нийгмийн эрүүл мэндийнхэн өргөсөн тангараг, үзсэн ном судалгаандаа эзэн болцгооё, тэгэх үү?

"Байгалийн жамаараа өвдсөн, хүүхэд хөнгөн өвддөг, вакцин хэрэггүй' гэх аргументын хувьд байгалийн дархлаа мөнхийнх биш, 4-6 сарын дотор давтан халдвар авч байгаа нь насанд хүрэгчид дээр хангалттай харагдсаныг санах.

Мөн тухайн үедээ хүүхэд эмнэл зүйн хувьд насанд хүрэгчдээс арай хөнгөн өвдөж байгаа нь үнэн боловч ковидын дараах эрхтэн системд үлдэх хор хохиролыг бодохоор хүүхдээ аль болох өвчлүүлэхгүй байхын төлөө гар дор байгаа боломжит хамгаалалтуудыг авч хэрэгжүүлэх. Үүнд, вакцин, амны хаалт, хувийн ариун цэвэр.

Хүүхдүүд вакцинд хамрагдсанаар өвчлөхөөс хамгаална. Энэ нь хувь хүүхэд, айл, гэр бүл бүрт хамаатай асуудал. Хүүхэд өвдвөл нэгэнт насанд хүрээгүй тул эцэг, эхийн аль нэг нь ажлаасаа чөлөө авч эмнэлэгт хамт хэвтэх- энэ нь ялангуяа бага насны хүүхдэд хамааралтай, үгүй бол гэртээ хүүхдээ харах нөхцөл байдал үүснэ.

Учир нь халдвартай хүүхдээ нийгмийн амьдралд оролцуулж бусдыг халдварт өртүүлэх эрсдэлд оруулж болохгүй. Энэ нь нийтийн эрүүл мэндийн эсрэг үйлдэл юм.

Цаашилбал, ажлаас цалгардсантай холбоотойгоор өрхийн орлого буурна гэх мэт эдийн засгийн сөрөг үр дагавартай. Хүүхдүүд олноороо өвдвөл сургууль, цэцэрлэг хэвийн горимоор явах боломжгүй байдал үүснэ. Боловсролын системийнхэн ч хаалгаа барих хүсэл байхгүй нь тодорхой юм. Сургууль, цэцэрлэг хаагдвал битгий төрийг хараагаарай. Та бид бүхэн хам хэрэгтэн шүү.

Монгол ахуйн онцлогоос болж олон залуу айл, өрх эцэг эхийн хамт амьдардаг. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд хамгийн хөдөлгөөнт хүн ам бөгөөд халдварыг дамжуулагчид байдаг тул гэртээ байгаа өндөр настай эмээ, өвөөгөө эрсдэлд давхар оруулах тул хүүхэддээ вакцин хийлгэх нь өөрийг нь төдийгүй эргэн тойрны дотны хүмүүс, ангийн найзуудаа бас давхар хамгаалж байгаа гэдгийг ойлгох нь чухал юм

Эцэст нь "Энэ вакцин чинь хугацаа нь дууссан хийлгэхгүй" гэхийн тухайд 2021 оны хоёрдугаар сараас хөгжүүлж эхлээд 1,2,3 дугаар шатны туршилтаа хийгээд үр дүнг харангуутаа массаар үйлдвэрлэсэн вакцин тул хэдэн жил гүн хөлдөөгчид горимын дагуу хадгалахөд тогтвортой байдал нь хэвээрээ байх нь уу гэдгийг харж, хүлээж, тогтоох хугацаа хүн төрөлхтөнд байгаагүй. 1 жил харъя гэх нь битгий хэл 1 сар ч хүлээх боломж нөхцөл бидэнд байгаагүй. Тэр эхэн үед үйлдвэрлэгдсэн вакцин 1 болоод ойн дээрээ ирэхэд хэвээр байгааг шалгаж нягталсны үндсэн дээр хугацааг сунгасан.

Цаашид бас 2021 онд үйлдвэрлэгдсэн цувралын бүтээгдэхүүн 2023 он хүртэл 2 жил хэвээр байх уу үгүй юу гэдгийг мөн л цаг хугацаа л харуулна.

Ковидын вакцины хувьд mRNA технологийг ашиглаж бүтээсэн анхны вакцин. Хэт гүн хөлдөөгчид хадгалдаг вакцин хүн төрөлхтөн өмнө нь хэрэглэж үзэж байсангүй. Эболагийн вакцин хөлдөөгчид хадгалагддаг ч өөр технологийн вакцин юм. Бусад вакцинууд энэ цар тахал шиг хүнд хэцүү үед биш аажуу тайван туршигдаж хэдэн жил үргэлжилсэн процессын дор хийгддэг байсан тул массаар үйлдвэрлэж хэрэглээнд гаргахдаа үйлдвэрийн шошго дээр хэдэн жилээр тавихаа мэдсэн байдаг.

Пфайзер вакцины хувьд дэлхий даяар адилхан байгаа. Ганц манай улс үйлдвэрлэгчийн эсвэл ДЭМБ-ын бичгийг хараад сунгачихаад байгаа зүйл биш

АНУ, ЕХ бүгд нарийн шалгаад сунгаад явж байгаа. Манайх өөрөө мэдээд сунгачихвад биднийг бас хараад хянаад суудаг олон улсын watchdog байгууллагууд бий. Тиймээс энэ сунгалтын тал дээр ямар ч эргэлзээ байхгүйг хүмүүс сайн ойлгох ёстой.

Энэ мэдээллийг 3 хүүхдийн эцэг, сэтгүүлч мэргэжил эзэмшсэн, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд байнга уншиж, айж, мэдээлэлтэй байхыг хичээдэг иргэний хувьд хуваалцаж байна. Хүүхдүүдээ өөрсдийгөө дархлаажуулж өөрийгөө, гэр бүлээ, бусдыг хамгаалаарай.

Эх сурвалж:

https://www.cdc.gov/mmwr/volumes/71/wr/mm7131a3.htm...

https://www.nature.com/articles/s41591-022-01689-3...

www.1313.mn

Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн болжээ
Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн болжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.