/2021.08.17/ Хотын төвөөс 14 км зайд монгол, хятадын 5 тоосгоны үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр үйлдвэрийг түүхий эдээр хангадаг шаврын орд буюу түгээмэл тархацтай ашигт малтмал хажууханд нь бий.
Уг газар СХД-ын 11-р хороонд байрладаг. “Найрамдал” шаврын ордоос дээрх үйлдвэрүүд хавар, зун, намрын улиралд тогтмол шавар олборлоно.
Тийм ч учраас маш том шавар овоо босч салхи салхилахад тоосжилт ихээр үүсдэг аж. Хавар, намрын их салхинаар хотыг бүрхдэг шар шороон шуурга 14 км-ээс ийнхүү хөдөлдөг байх нь.
Нөгөөтэйгүүр шороо нь маш сул учир хэзээ мөдгүй нурж унахад бэлэн байдаг гэдгийг ойр орчмын иргэд хэлж байсан юм.
СХД-ын 11-р хорооны иргэн Д.Содгэрэл, “Хүүхдүүд энэ дээр их тоглодог. Ялангуяа сургууль орчихвол маш их хүүхэд ирдэг. Шороо нь маш сул болохоор нэг л өдөр нураад унахад бэлэн. Өмнө ч гэсэн хүүхэд нурж унасан гэж ярьдаг юм билээ.
Мөн бороо орохоор маш их шавар шавхай болдог. Гутал шигдэхээс эхлээд асуудал их гарна. Нөгөө талаар энэ орчинд жорлон барина гэдэг маш хэцүү. Үер болвол урсаад байхгүй болчихдог” гэв.
Тиймээс энэ хавийн айлуудад тулгарч буй бас нэгэн асуудал бол жорлон юм.
Тухайн ойр орчимд хүнд даацын автомашин их, байнга шавар татдаг учир дуу чимээ ихтэйгээс гадна шороо их босгодог байна.
СХД-ын 11-р хорооны иргэн “Дуу чимээ маш их байдаг. Одоо бараг дасаж байна. Энэ тоосгоны үйлдвэрүүд өглөө 6,7 цагаас эхлээд орой бүрэнхий тасартал ажилладаг. Тоосжилт маш их. Тэглээ гээд гомдол гаргаж чадаггүй. Хэрэв тэгвэл хөөгдөж магадгүй. Урд байсан айл хөөгдөөд явсан. Манайх газраа л өөрийн болгочихвол болох гээд байна” гэлээ.
ҮЙЛДВЭРҮҮДЭД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОВОЛ ТЭД НҮҮХЭД БЭЛЭН
Эндхийн үйлдвэрүүдийг 2013 онд нүүлгэхээр шийдвэрлэж байсан юм. Уг хэсэгт цэцэрлэгт хүрээлэн, сургууль, цэцэрлэг барьж тохижуулна хэмээн ярьж байсан. Харамсалтай нь Бат-Үүл дарга ажлаа өгсний дараагаар дахин энэ талаар сөхөөгүй байна.
Уг нь тухайн үедээ эдгээр тоосгоны үйлдвэрт нөхөн олговрыг нь өгч, зөрүүг нь харилцан тохиролцоно хэмээн яригдаж байжээ.
Хэрэв дээрх асуудлыг шийдээд өгвөл энэ хавийн үйлдвэрүүд бүгд хотын төвөөс гарч болно гэдгээ хэлсэн байна.
Нэг үйлдвэрийн нөхөн олговор 1 тэрбум 200 саяаас 2 тэрбум 200 сая төгрөг байдаг ажээ. Харин “Монгол керамик” зэрэг том үйлдвэр үүнээс өндөр дүнтэй байдаг байна.
Нөгөө талаар энэ шаварны нүх сүв болгонд хог авчирч хийсээр байгаад бараг хогийн цэг болж байна. Уг нь энэ хавийг цэвэрлэдэг байсан ч бүр больжээ. Хувь хүмүүс эндээс шавар авах гэж байна гэж ирээд хогоо хаяад яваад өгдөг. Хорооноос хайхарч байгаа зүйл огт байдаггүй гэв.
Тухайн газар тоосгоны үйлдвэрлэл явуулдаг нэгэн компанийн захирал /компанийхаа болон өөрийн нэрээ нууцлахыг хүссэн/
-Үе үеийн хотын дарга нар энэ хавийн үйлдвэрийг “шумуул” шиг үзэж тайван байлгадаггүй. Гэтэл үүнээс том үйлдвэрүүд маш олон байгаа шүү дээ. Тэд нарт хариуцлага тооцохгүй байж жижиг үйлдвэрүүдээ хавчиж боодгоо болих хэрэгтэй хэмээн ярьсан юм.
ЯМАР ШИЙДЭЛ БАЙНА ВЭ?
Энэ хотод амьдардаг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх өдөр тутамд хөндөгдсөөр байна. Зөвхөн энэ шаврын олборлолт, үйлдвэрлэл явагддаг орчимд л гэхэд хэдэн мянган хүн, хүүхэд амьдардаг ч ийнхүү хүнд үйлдвэрлэлийн дарамтанд амьдарсаар.
Хүүхдүүд нь тоглох газаргүйгээс амь насаа эрсдэлд оруулж, хөгшчүүд нь амьдрах газраа алдах вий гэсэндээ эрүүл мэндээ хохироосоор.
Хэзээ бид иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар заасан эрхийг эдлүүлэх вэ?