/2021.8.16/ Твиттерт “Афганистанд болж буй үйл явдалтай холбоотойгоор тэнд оршин суудаг хазаар монголчуудаа эх орондоо дуудах уу” гэдэг сэдэв дээр маргаан өрнөж байна.
Үүнтэй холбоотой хэд хэдэн асуудал байгаа юм. Юун түрүүнд Афганистаны хазаар үндэстнүүд монголтой холбоотой юу?
“Хазаарууд Афганистаны хүн амын 9 орчим хувийг эзэлдэг гэдэг ч нарийн тооцоолол байдаггүй. Харин 19-р зуунаас өмнө тэд хүн амынхаа 67 хувийг эзэлдэг байжээ. Хэдийгээр тэдний гарал үүсэл ихээхэн маргаан дагуулдаг ч бие физиологийн байдлаас нь харвал 13-р зуун, Чингис хааны цэргүүдийн угсаа гаралтай гэж хэлж болно” хэмээн minorityrights.org сайтад өгүүлжээ.
“Одоогоор Хазаарчууд Талибанчуудтай газар нутаг, газрын баялгийн төлөө байлдаж байгаа. Хазаар Монголчуудыг Афганистаны засгийн газар дэмждэггүй. Харин ч байнга доог тохуу хийдэг. Тиймээс бидэнд маш их хэцүү байгаа. Яагаад гэвэл бид 250 жилийн өмнө байсан Монголчуудын үр хүүхдүүд учир. Бид маш их хүчгүй болсон. Сүүлийн 25-30 жил дайнтай байгаа. Сайн ажил, сургуульгүй Хазаар амьдрал хэцүү.
Афганистан 32 аймагтай түүнээс 3 аймаг дан Хазаар Монголчууд. 8 аймаг нь Холимог. Тэдэнтэйгээ зөрчил ихтэй. Яагаад гэвэл түүхэнд бид тэдний дээр байж их хаадаараа омогшиж ирсэн. Одоо харин тийм биш, хүчгүй” хэмээн хазаар монгол оюутан С.Цагаадай denluu.mn сайтад ярилцлага өгч байжээ.
Хоёрдугаарт, дэлхийн бусад улс орон Афганистаны дүрвэгсдэд хэрхэн хандаж байна вэ?
Өчигдөр буюу ням гарагт Талибанууд нийслэл Кабул хотыг эзлэн авч, Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноо орхин зугтахад хүрсэн.
Харин энгийн иргэд тун хэцүү нөхцөл байдалд ороод байгаа юм. Тиймээс АНУ-ын Төрийн департаментаас Афганистанаас дүрвэж буй иргэдэд олон улсын шинж чанартай бүх зам, нисэх буудал, хилийн байгууллагуудыг нээлттэй хандах, тэдэнд тайван амгалан эх орноо орхих нөхцлийг бүрдүүлэх, аюулгүй байдлыг нь хангахыг уриалжээ.
Одоогоор энэ уриалга /шаардлага/-д 20 гаруй улс орон нэгдээд байна. Үүнд:
Австрали, Австри, Бельги, Канад, Чили, Колумб, Коста Рика, Чех, Герман, Эль Сальвадор, Эстони, Европын холбоо, Финлянд, Франц, Гүрж, Гана, Нидерланд, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Нигер, Норвеги зэрэг улс орнууд багтаж байна.
Харин манай улс одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.