Үндсэн хуулийн өөрчлөлт: ДЭМЖМЭЭР, ДЭМЖМЭЭРГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндсэн хуулийн өөрчлөлт: ДЭМЖМЭЭР, ДЭМЖМЭЭРГҮЙ

/2022.6.29/ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар МАН зэхэж, цуврал хэлэлцүүлгүүд хийж, УИХ-ын гишүүд өнгөрөгч долоо хоногт тойрогтоо ажиллалаа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжмээр зүйлс байгаа ч, дэмжмээргүй зүйлс ч байна.

ДЭМЖМЭЭР

УИХ-ын гишүүдийн тоог 150+ байх ёстой
1992 оны Үндсэн хууль батлах үеэс өнөөдрийг хүртэл Монгол Улсын хүн ам нэг сая гаруйгаар нэмэгдсэн. Тиймээс төлөөлөх зарчмыг нь бодвол яалт ч үгүй УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв.

“УИХ-ын гишүүд хэтэрхий цөөхөн байгаа тул 76 ДАРГАТАЙ болчихоод байгаа юм. Цөөхөн хүн тв-ээр ярихаар яриа нь “од” болох нь аргагүй. Тиймээс тоог нь олшруулж, тэднийг хэн ч тоодоггүй болж, чуулганы хуралдаан сурталчилгааны хэлбэрдэлт биш бодлогын мэтгэлцээн болох ёстой” гэж ярих хүн ч байна.

Нөгөөтэйгээр хүн амын тоо нэг сая гаруйгаар нэмэгдсэн атал тэднийг төлөөлөх төлөөлөгчдийн тоо нэмэгдээгүй байна гэдэг нь УИХ-ын төлөөллийн зарчим алдагджээ. Хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн цөөнх, эмэгтэйчүүд, залуус гээд нийгмийн бүлгүүдийн төлөөллийг нэмэх боломжийг бүрдүүлснээр, тэдний дуу хоолой илүү хүчтэй болох боломж нэмэгдэх юм.

Хувь тэнцүүлсэн тогтолцоонд шилжинэ
Хувь тэнцүүлсэн буюу пропорциональ сонгуулийн тогтолцоо нь иргэдийн санал гээгдэх нь мажоритар системээс харьцангуй бага гэдгээрээ давуу талтай.

2012 оны анх удаа холимог системээр УИХ-ын сонгуулийг зохион байгуулснаар эмэгтэйчүүд, жижиг намын төлөөлөл мөн анх удаа хамгийн олуулаа сонгогдож байлаа.

Дахиад төлөөллийн зарчмыг нь бодвол дэмжмээр санал.

ӨӨРЧИЛМӨӨР

Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болно
Дэмжихгүй байх шалтгаан нь УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн ч, эрх хэмжээ дагаад нэмэгдэнэ гэсэн үг. Ерөнхийлөгчийг сонгоно, Засгийн газрыг томилно гээд үзвэл чуулганы танхимд суух “хэдийн” эрх хэмжээ нэмэгдэж, одоо байгаагаасаа ч “том толгойлох” магадлалтай.

Харин бүх шатны буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонгодог болвол илүү ардчилсан болох биз. Учир нь тэдгээр төлөөлөгчид нь иргэдийн шууд төлөөлөл болох бөгөөд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогддог.

Тэгэхээр УИХ-д эрх хэмжээг нь нэмэх биш, эдгээр 7353 төлөөлөгчөөс улсынхаа Ерөнхийлөгчийг сонгодог байх нь зүйд нийцэх мэт санагдана.

ДЭМЖМЭЭРГҮЙ

Гуравхан жилийн дотор хоёр удаа ҮХНӨ хийнэ
2019 оны ҮХНӨ-өөр дараагийн өөрчлөлтийг хийхийн тулд 8 жил болох шаардлагатайг тусгасан. Энэ нь дахин өөрчлөлт хийхээр бол ултай суурьтай судалгаа, эрэлт хэрэгцээ, өмнөх өөрчлөлтийн дагуу хийгдэх хуулийн өөрчлөлтүүд, өмнөх өөрчлөлтийн хэрэглээ зэргийг харгалзан үзсэн биз.

Гэтэл ердөө гуравхан жилийн дараа “Дахиад өөрчлөхгүй бол болохгүй нь. Ер нь шаардлага гарвал өөрчилж байхад буруудахгүй” гэх зүйлс ярьж байгаа нь хуулийн үнэ цэнийг алдагдуулсан, зарчимгүй болох үндсийг тавьж байна.

2019 оны ҮХНӨ-ийн дагуу 50 гаруй хуульд өөрчлөлт орох ёстой ч, тэдгээр нь ч амжаагүй. Өөрөөр хэлбэл, өмнөх өөрчлөлтийн үр дүн гараагүй байна.

Ингээд бодвол энэ удаагийн өөрчлөлтийг дэмжмээргүй санагдана.

ЭРГЭЛЗЭЭТЭЙ

Ил тод бус
Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс олон нийтэд дээрх агуулгууд л ил байна.

Үүний цаана өөр ямар өөрчлөлтүүд орох нь тодорхойгүй, төсөл нь ил болоогүй.

Мөн ард нийтээс санал асуулга албан ёсоор аваагүй. Гэсэн атлаа нийгмийн олон талт хэлэлцүүлгүүдийг цөөнгүй хийж байна. Үүнийгээ дараа нь “Санал асуулга хийсэн” гэж тооцох эсэх нь эргэлзээтэй.

Олны дунд явж буй аман яриагаар ҮХНӨ-ийг наадмын өмнөхөн, эсвэл наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаад, хүмүүсийг ид амарч байх үед нь баталчих байх гэх. Хэрэв тийм бол гоё сайхан өөрчлөлтүүдийн завсар чухам юу хавчуулагдах нь тодорхойгүй байна.

ЖИЧ: 2021 оны ҮХНӨ-ийн талаарх мэдээллийг уншихыг хүсвэл ЭНД ДАРНА уу.

Гурван дүүрэг дамнасан цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Гурван дүүрэг дамнасан цэцэрлэгт хүрээлэн байгуулна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.