/2022.6.23/ Хүний эрхийн Үндэсний комиссоос Хүний эрхийн тайлан: 2021-ийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн билээ.
Тайлангийн "Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт" хэсэгт "Гэрийн ажил хийж байгаа хүүхдийн нөхцөл байдал" хэсэг орсон байна.
ХҮҮХДИЙГ ГЭРИЙН ЦАЛИНГҮЙ АЖИЛД ЮУ ХАМААРАХ ВЭ?
Хүүхдийг гэрийн цалингүй ажилд өөрийн гэрт нь өндөр настан асрах, гэр цэвэрлэх, хоол унд бэлтгэх зэрэг цалин хөлс, орлого олохгүй нөхцөл байдлыг хамруулан ойлгоно.
Үүнд гэр орон цэвэрлэх, хувцас бусад нэхмэл, сүлжмэл эдлэл оёх, арчлах, хувцас угаах, индүүдэх, гэр байшин, эд хогшил сэргээн засах, хоол цай бэлтгэх, аяга таваг угаах, хүүхэд, өндөр настан, өвчтөн асрах, гэрийнхээ хэрэгцээт зүйлсийг худалдаж авах, дэлгүүр явах гэх мэт хамаарна.
СУДАЛГААНД ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 41% НЬ
ОЛОН ЦАГААР ГЭРИЙН АЖИЛ ХИЙДЭГ
ХЭҮК-оос авсан судалгаанд хамрагдсан 672 хүүхдийн 59 хувь нь “насандаа тохирсон цаг”-аар гэрийн ажил, өрхийн үйлдвэрлэлд оролцож байгаа гэжээ.
Харин үлдсэн 41 хувь нь зөвлөсөн хэмжээнээс илүү давсан олон цагийг гэрийн ажилд зарцуулж сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх боломжоо алдаж байгаа нь харагдлаа.
Гэрийн ажилд 7-8 цаг зарцуулдаг хүүхдүүдийн 90 хувь нь, гэрийн ажилд 9 цаг зарцуулдаг хүүхдүүдийн 80 хувь нь голчлон 15-17 насны ерөнхий боловсролын сургуульд суралцдаг эмэгтэй хүүхдүүд байжээ.
Харин ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд ихэвчлэн 4 хүртэл цагийг гэрийн ажилд зарцуулдаг бол эдгээр хүүхдийн дунд
"Ажил, хөдөлмөр хийсний улмаас сургуульд сурахад болон дүүгээ эсвэл өндөр настай хүн хардаг учир хичээл хийх хэцүү байдаг"
гэж хариулсан хүүхэд харьцангуй олон байжээ. Түүнчлэн зөвхөн гэрийн ажил төдийгүй 12-15 насны хүүхдүүдийг өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний ажилд цалин хөлсгүйгээр, олон цагаар ажиллуулах нь түгээмэл байдгийг судалгаа харуулсан байна.
Үүнээс үзэхэд 5-11 насны харьцангуй олон хүүхдүүд 9 болон түүнээс дээш цаг ажиллаж байгааг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөр гэж үзэж болохоор байна гэж ХЭҮК дүгнэжээ.