/2021.08.12/: Хятадад гарсан хүчингийн хэргийн дуулианаар #MeToo хөдөлгөөн хүчтэй өрнөж байна.
Сүүлийн хоёр долоо хоногт Хятад улсыг доргиосон хоёр хэрэг гарч, #MeToo хөдөлгөөн болон бэлгийн хүчирхийллийн асуудал олны анхаарлыг татав.
Даваа гарагт цахим худалдааны Алибаба компанийн бизнес аяллын үеэр эрэгтэй ажилтан нь хамт явсан эмэгтэйгээ хүчирхийлсэн гэж буруутган тус ажилтныг ажлаас нь халсан гэж мэдэгджээ. Бээжингийн цагдаа нар энэ хэрэг гарахаас долоо хоногийн өмнө Хятадын-Канад поп од Крис Вуг хүчингийн хэрэгт сэжиглэн баривчилсан гэж мэдэгдсэн байсан юм.
Энэ хоёр хэргийн хохирогчид өөрсдийн мэдэгдлийг Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн нь интернэтэд шуугиан тарьж, цагдаагийн байгууллагаас тус хэргүүдийг шалгахад хүргэсэн юм. Ву болон Алибабагийн ажилтан хоёрын хэн нь ч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй юм байна.
Эрх баригчдын авсан шуурхай арга хэмжээ нь онлайнаар сайшаагдсан бөгөөд эдгээр хоёр хэргийг Хятадад хууль дээдэлж, эрүүгийн шударга ёс хэрэгжиж байгаагийн илрэл гэж үзжээ. Үүний зэрэгцээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүмүүс маш ховор тохиолдолд мэдэгдэж, дийлэнх нь үүнээс зайлсхийгээд байгааг шүүмжилсэн байна.
Феминист эрдэмтэн, идэвхтэн Фэн Юань: "Крис Ву болон Алибабагийн нэр хүнд ихээхэн өндөр учир энэ хоёр тохиолдолд асар их анхаарал хандуулсанд гайхах зүйл биш юм. Гэхдээ энэ нь бэлгийн хүчирхийлэл, хүчирхийллийн бусад олон хэргүүдийн хувьд хэрэв яллагдагч нь тийм ч нэр хүндтэй, нөлөөтэй биш бол хохирогчдын дуу хоолойг огт сонсохгүй байх магадлалтайг сануулж байна" гэлээ.
Бэлгийн хүчирхийллийн хохирогчид Хятадад албан ёсны түвшинд төдийгүй олон нийтийн дунд ихээр гутаан доромжлол, эсэргүүцэлтэй тулгардаг байна. Мөн сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар 1.4 тэрбум хүн амтай тус улсад бэлгийн хүчирхийлэл, дарамт давамгайлж байгааг харуулсан боловч бодитоор эрүүгийн хэрэг үүсгэсэн хүмүүсийн тоо бага байна.
2013-2017 оны хооронд 43 мянган хүнийг "эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн гэмт хэрэг"-т буруутган шалгасан гэж Хятадын дээд прокурорын газраас мэдээлсэн ба эдгээр гэмт хэрэгт хүн худалдаалах, хүчиндэх, хүчээр биеийг нь үнэлүүлэх зэрэг гэмт хэргүүд багтдаг байна.
2018 онд #MeToo хөдөлгөөн дэлхий даяар тархсанаар уг асуудал анх хурцаар тавигдсан юм. Энэ нь олон эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийлэлд өртсөнөө мэдэгдэхэд тус болсон тул хөдөлгөөнийг хурдан зогсоосон юм. Тухайн үед засгийн газар #MeToo хаштаг болон түүнтэй холбоотой олон нийтийн сүлжээний хэлэлцүүлэгт цензур тавьж зарим сайтуудыг хаан, төрийн мэдээллийн хэрэгслүүд "Бэлгийн хүчирхийлэл бол Хятадад тулгараад байгаа том асуудал биш" гэсэн нийтлэлүүдийг нийтэлжээ.
Харин Засгийн газрын хяналтын агентлагаас Крис Вугийн хэргийг "зугаа цэнгэлийн салбарын өсөлт", "Алибабагийн дуулиан нь технологийн ертөнцөд өөрсдийн "хөрөнгөө" нэмэгдүүлэхэд анхаарсан" хэмээн хувь хүн болон хувийн хэвшлийг буруутгасан байна.
Засгийн газар сүүлийн жилүүдэд Хятадын феминист хөдөлгөөнийг маш ихээр дарж байгаа ба 2015 онд жендэрийн тэгш байдлын төлөөх кампанит ажлынхаа төлөө таван залуу эмэгтэйг баривчилсан боловч олон улсын эсэргүүцэлтэй тулгаран сулласан юм.
Хоёр хохирогч Ву, Алибаба хоёрын эсрэг гомдлоо гаргахад тэд цахим сүлжээгээр ихээхэн дэмжлэг авсан ба #GirlsHelpGirls гэсэн хаштаг нь нийгмийн сүлжээний Weibo платформ дээр асар хурдан тархжээ.
Эх сурвалж: cnn.com