-Манай иргэд ингэж бага мөнгөөр нэвтэрч байгаагийнхаа шанд нь хогоо хаяхгүй байх ёстой-
Иргэд тусгай хамгаалалттай газар нутаг буюу Богд ууланд аялахдаа мөнгө төлдөг. Тухайлбал, Байгаль орчны сайдын 2001 оны 117 дугаар тушаалаар баталсан уг журмын дагуу дотоодын иргэн нэг удаа нэвтрэхдээ 300, гадаадын иргэн нэг удаа нэвтрэхдээ 3000 төгрөг тушаан аялдаг аж.
Харин өнөөдрийг хүртэл буюу 21 жилийн турш нэвтрэх цэгийн дээрх хураамжийн үнийг шинэчлээгүй байна. Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Ганзоригтой ярилцлаа.
-Тусгай хамгаалалттай газарт нутагт нэвтрэхэд авч байгаа нэвтрэх цэгийн хураамжийг одоо болтол нэмж шинэчлээгүй байна. Бусад байгууллага байнга шинэчлээд явдаг. Одоо болтол шинэчлээгүй шалтгаан нь юу вэ?
-Мөнгөний ханшаас шалтгаалаад нэмнэ гэвэл асуудал биш. Иргэдээ бодсон асуудал яваад байна. Манай иргэд ингэж бага мөнгөөр нэвтэрч байгаагийнхаа хариуд нь хогоо хаяхгүй байх ёстой. Монгол хүн гадаадад аялаад тусгай хамгаалалттай газар руу нь нэвтрэхдээ доод тал нь 20-40 доллар төлдөг. Төлбөрөө төлөхдөө юм хэлдэггүй, баяртайгаар төлдөг, соёлтой ч аялдаг. Гэтэл монголчууд бид дархан цаазат ууландаа 300 төгрөг буюу аравхан центээр орж байна. Ингэснийхээ төлөө байгалиа хамгаалаад өгчихгүй байгаа юм.
-Зарим иргэн хураамжаа төлөхгүй байх сонирхолтой байх нь бий. Биднээс хураамж авсан хэрнээ энэ мөнгөөр юм хийдэггүй гэж гомдоллодог.
-Дэлхий нийтэд дархан цаазтай газар нэвтрэхэд хураамж төлдөг жишиг байна. Манай тусгай хамгаалалттай газрын хуулинд заасан заалт уг жишгийг барьж хийсэн. 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл мөрдөж байна. Гэнэт 30 мянган төгрөгийн хураамж авдаг болговол иргэд эсэргүүцнэ. Эсвэл нэг доллар болгочихвол хямд юм.
-Хэрэв үнэтэй хураамж авдаг болговол манай иргэд бөөн асуудал болгох байх?
-Бөөн юм болно. Тэгэхээр хүний ухамсар дээшлэх хэрэгтэй байна. Мөнгө төлөх ухамсраасаа илүү байгалиа хамгаалах ухамсар нь дээшлэх хэрэгтэй. Хог хаяхгүй яваад сурчих хэрэгтэй.
-Манай зугаалж алхаж байгаа иргэд хэр хог хаяж байна вэ?
-Маш их.
-Хэвээрээ гэж үү. Олон жил алхсан хүмүүс их соёлтой болчихсон гэж бодож байна?
-Олон алхдаг, өдөр тутам алхдаг хүмүүс соёлтой. Зарим залуу нийлж дарвиад зугаалан идэж уухаараа хогоо аваад буудаггүй, тэвчээргүй, тэндээ орхичихоод байна. Хилийн зааг дээр буюу аялагчдын зогсоолын дэргэд хогийн сав байршуулж өгснөөр хогоо ойд үлдээх нь багасаад доошоо буулгаж ирж байна. Гэхдээ ялгаж мэдэхгүй, ангилах хүсэлгүй, бөөнд нь шидээд хаячихдаг. Өөрсдөө хогийн цэг рүү очихдоо ам хамраа тагладаг, өөрсдийнхөө хогонд шүү дээ. Ямар ч хүн хог хаядаггүй бол дархан цаазат газартаа хогийн сав байршуулах шаардлага байхгүй.
-Ямар цэгүүд дээр хураамж авч байгаа билээ. Би Богд уул руу нэлээд дээр үед алхаж байх үедээ хураамж өгч байснаа санахгүй юм?
-Энэ шалтгаантай. Ковидоос өмнө нэг хүн аялж яваад гэмтэж бэртсэн асуудал гарсан. Энэ асуудал нэлээд их шуугиан тарьж, улмаар тухайн үеийн сайд нь "Хураамж авахаа боль" гээд болиулчихсан юм.
-Тусгай хамгаалалттай газарт нутагт нэвтрэхэд авдаг одоо ярьж байгаа энэ хураамжийг хэзээнээс авч эхэлсэн бэ?
-2020 оноос сэргээн авч эхэлсэн.
-Гурван нэвтрэх цэгээ яръя.
-Сайдын тушаалаар батлагдсан аялалын маршрутын зам дээр уг хураамжийг авч байгаа. Гурван нэвтрэх цэг байна. Төрхурахын ам, Манзшурын ам болон Зайсан. Манайд өгдөг төсвөөс мөнгө суутгаад 623 сая төгрөг бидэнд үлддэг.
-Юун 623 сая төгрөг болоод явчихав?
-Манайх чинь төсөвт байгууллага. "Ажилтнуудынхаа цалинг тавь, байгаль хамгаалах зардал" гээд мөнгө өгдөг. Энэ мөнгөнөөсөө нэвтрэх цэгийн хураамжаараа 20 сая төгрөгөө нөхөж олоорой гээд татаад авчихна. Тэгэхээр төсвөөс 20 сая төгрөг дутчихаж байгаа юм. Бид үүнийг бүрдүүлэх гэж байдгаараа чармайна биз дээ. Чармайх гэсэн чинь хоёр жил дараалаад ковид гараад 13.5 сая төгрөгийг л цуглуулж, 6.5 сая төгрөг дутсан. 2020 онд бүр мөнгө олоогүй. Улс манайхаас хурааж авсан мөнгөө бидэнд өгөхгүйгээр тэндээ суутгаад үлдээсэн. Манай байгууллага түймэр гарсан үед зардлаа дийлэхгүй байна, ургамал байгалиа, усны эхийг хамгаалж чадахгүй байна, нохой устгаж чадахгүй, уулаа тойрох бензингүй байна.
Сүүлийн 3 жилийн байдлаар нэвтрэх хураамжийн орлого
Он |
Гадаад/дотоод |
Аялагчдын тоо |
Мөнгөн дүн |
2019 |
Гадаад |
1773 |
13.5 сая |
Дотоод |
27270 |
||
2020 |
Гадаад |
151 |
5.7 сая |
Дотоод |
17490 |
||
2021 |
Гадаад |
50 |
10.8 сая |
Дотоод |
35515 |
-Ямар гаргалгаа байж болох вэ?
-Биднийг 20 сая төгрөгөө олоод, 20 сая төгрөгөөс давсан мөнгөөрөө байгалиа хамгаал гээд байгаа юм. Давах боломжгүй байна шүү дээ, ингэж суутгадгийг нь болъё. Энэ 300 төгрөгийн хураамжийг улсын төсөвт өгдгийг больж, хураамжийн 300 төгрөг, өөрсдийнхөө 20 сая төгрөгийг өөрсдөө авмаар байна. Энэ 20 сая, энэ 300 төгрөгөөрөө та нар хогоо цэвэрлээрэй, замаа янзлаарай, аялагчдыг ая тухтай байлгаарай гээд хэлээд өгчихдөг бол өнөөгийн шаардлагад нийцэж байгаа зүйл юм.
- Жорлонгийн асуудал аялж яваа хүмүүст чухал асуудал шүү?
-Зайсанд хоёр ширхэг жорлон тавьсан байгаа. Энэ хоёр жорлон дүүрч байна.
-Ямар жорлон бэ, био жорлон уу?
-Тийм, био жорлон. Ийм био жорлон хөрсөндөө шингэдэггүй, соруулаад авчихдаг давуу талтай. Нэгийг нь соруулахад 180 мянган төгрөг байсан бол одоо 200 мянган төгрөг давсан байна. Жорлон байгуулахгүй байж болохгүй, байгуулахгүй бол иргэд уурлана, ойгоороо дүүрэн бааж, шээнэ. Жорлонг соруулах нь манай үүрэг, гэвч бид чаддаггүй. Хаанаас мөнгө гаргах уу? Бид 20 сая төгрөгөөсөө давсан мөнгөнөөс хийх ёстой шүү дээ. 20 сая төгрөг давахгүй юм чинь хаанаас хийх вэ. Арай л ажилтнуудынхаа цалинг буцаан авч баасаа соруулчихгүй л байна.
-Жорлонгоо дүүрсэн чигээр нь байлгаад байх юм уу?
-Байгаль, ургамал хамгаалах зардлаасаа энэ ажлыг хийж байна.
-Цаашдаа яах вэ. Сайдад хэлэв үү?
-Сангийн яамтай холбоотой асуудал. Сангийн яам 20 саяыг суутгачихаад байгаа шүү дээ. Манай сайдад суутгах байх мэдэл байхгүй, Төсвийн нэгдсэн хуулиар. Мөнгөнөөс маань яагаад байгууллагад нь үлдээж болдоггүй юм бэ?
-Дандаа болж бүтэхгүй юм ярьчихлаа. Болж бүтсэн юм яръя. Бидний тав тухтай аялах орчныг бүрдүүлэхэд хийсэн ажил байна уу?
-Иргэдийн тав тухтай аялах орчныг бүрдүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн дэс дараатай, үе шаттайгаар нийслэл болон яамны хөрөнгө оруулалтаар тохижилтын ажил хийлээ.
Цэцээгүн-Төрхурах, Цэцээгүн-Манзушир чиглэлд нийслэлийн хөрөнгө оруулалтаар маршрутын тэмдэг тэмдэглэгээний тохижилтын ажил хийсэн.
2017 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 264 машины зогсоол, Зайсан-Дугуйцагаан чиглэлд автомашины зогсоол шийдвэрлэсэн.
2020 онд БОАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар кофе шоп, ариун цэврийн байгууламж, камер, эко жорлон, ангилдаг хогийн сав, самбар, нэвтрэх постны байр зэргийг байрлуулсан байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.