/2021.08.09/: “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өглөө. Засгийн газраас Оюутолгойн гүний уурхайн зардлын болон хугацааны хэтрэлтийн талаар дүгнэлт гаргуулахаар хөндлөнгийн шинжээчдийг өнгөрөгч гуравдугаар сараас ажиллуулсан юм. Хөндлөнгийн шинжээчид өнөөдөр дүгнэлтийг танилцууллаа.
Х.Нямбаатар:
-Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн, хугацаа хэтэрсэн зэрэгт хөндлөнгийн шинжээчдийн багийг ажиллуулъя гэдэг хүсэлтийг Засгийн газар тавьсан. Ингээд хөндлөнгийн шинжээчид 2021 оны гуравдугаар сард томилогдож, таван сар гаруйн хугацаанд ажиллаж, өнөө өглөө бидэнд албан ёсоор дүгнэлтээ хүргүүллээ.
Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал 1,4 тэрбумаар өссөн. Рио Тинто, Оюутолгойн төслийн менежментийн багаас Засгийн газарт зардал өссөн шалтгааныг Оюутолгойн гүний уурхайн геотехникийн нөхцөл байдлаас болсон гэдэг тайлбаруудыг удаа дараа ирүүлж байсан.
Тэгвэл дэлхийн нэр хүндтэй шинжээчдийн баг зардал өссөн болон хугацаа хойшилсон нь геотехникийн хүндрэлээс болоогүй гэдэг дүгнэлтийг өгч байна. Ажлын хэсгийн зүгээс өнөө өглөө Рио Тинтогийн захирлуудтай хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэйгээр уулзалт зохион байгууллаа. Бид тайлбар хийхийг хүссэн. Мөн далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлээч гэдэг хүсэлтийг тавьлаа. Та бүхний хүссэнээр Засгийн газар далд уурхайн зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрч батлах боломжгүй гэдгийг хэллээ.
Хөндлөнгийн шинжээчдийн багт дараах хүмүүс байжээ. Үүнд:
Уул уурхайн төлөөлөл, барилга угсралт, төслийн менежмент, геотехникийн салбарт 35-40 жил ажилласан, АНУ, Австрали, Канад, Монгол Улсын төлөөллөөс бүрдсэн нийт 8 гишүүн ажилласан.
Х.Нямбаатар:
-Дубайн гэрээнд тусгагдсан төлөвлөгөөний хүрээнд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Зардал үлэмж хэмжээгээр нэмэгдэж, хугацаа нь хоёр жилээр хойшилсонд Монгол Улсын Засгийн газар гомдолтой байгаа. Цаашид хэлэлцээрийн явцад менежментийн багийн алдаатай үйл ажиллагааны улмаас гарсан зардлыг хэрхэн хариуцуулах зэрэг олон ажил төлөвлөгдсөн.
Лондоны арбитрт Монгол Улсын Засгийн газрыг Оюутолгой өгсөн, Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Энэ маргаанд Рио Тинтог төслийн менежментийг хариуцаж байгаагийнх нь хувьд татан оруулъя гэсэн төлөвлөгөөтэй. Энэ наймдугаар сард багтаж манай Засгийн газрын сөрөг нэхэмжлэлийг Лондонд хэлэлцэнэ. АНУ болон Их Британийн үнэт цаасны хороон дээр жижиг хувьцаа эзэмшигчид гомдол гаргасныг хэлэлцэж байгаа гэсэн товч мэдээлэл байна хэмээв.
Мэдээлэл хийсэн ажлын хэсгийнхэн харин Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт болон хугацааны хэтрэлт нь юунаас үүдсэн талаар тайлбарыг хэлсэнгүй.