/2022.03.24/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
Хуралдааны эхэнд Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
-МХЕГ-аас хийж байгаа хяналт шалгалт ямар үр дүнд хүрч байгаа вэ. Жишээ нь, Хөгжлийн банк руу 7 удаа хяналт шалгалт орсон гэдэг ч өнөөдөр бидэнд маш их хэмжээний хохирол учирчихаад байна.
Мөн зарим төрлийн шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох гэдэг нь ямар учиртай вэ.
МХЕГ-ын дарга Б.Баасандорж:
-Зөвхөн аж ахуй нэгжүүд рүү чиглэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг 3 жил зогсоож байгаа. Бусад төрлийн шалгалт бол хэвийн явагдана.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
-Эрсдэлийн тооцооллыг харж байгаа байх гэж найдаж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Хяналт шалгалт гэдэг бол ард түмнээ эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг. Ард түмнээ эрсдэлээс хамгаалаад хяналт шалгалтыг зөв хийж байгаа бол буруу зүйл ерөөсөө ч биш. Хууль зүйн сайд бол ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг хамаг ажлыг нуруундаа үүрээд, асуудал шийдэх гээд явж байгаад би талархалтай байгаа.
Төрийн хяналт шалгалт гэдэг нэрийн дор хяналтын үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд хяналт шалгалт гэдэг үндсэн үгийн утгыг алдагдуулчихсан. Үүнээс болоод хяналт шалгалтыг ард түмэн буруугаар боддог болчихсон. Баасандорж дарга бол их ажилсаг хүн. Төлөвлөгөөт хяналт шалгалт гэдэг хуулийн дарамтыг багасгая гээд үзэж байгаа юм байна. Гэхдээ үнэнээ хэлэх ёстой. Танай МХЕГ бол дампуурсан байгууллага болсон. Тэнд байгаа боловсролын 5 байцаагч чинь диплом шалгахаас өөр зүйл мэдэхгүй. Тэр хүмүүс чинь зөвлөж, тусалж чадахгүй. Тийм оюуны потенциал байхгүй.
Хяналт шалгалт гэдэг чинь агуулга төвтэй биш, хүн төвтэй байх ёстой. Би хувийн хэвшилд олон жил байж мэргэжлийн хяналтад олон жил дарлуулсан учир мэдээд байна.Тиймээс Баасандорж дарга үнэнээ хэл. Та нарт цаашид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх боломж байна уу.
Зөвлөн туслах гэдэг бол ядаж хажуудаа нэг бодлого боловсруулдаг судалгааны байгууллагатай байх ёстой.