/2022.03.17/: “Ахмад настны нийгмийн халамж, төлбөрт үйчилгээг нэвтрүүлэх боломж, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгууллаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Ахмад настны нийгмийн халамж, төлбөрт үйчилгээг нэвтрүүлэх боломж, шийдэл” хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 16-нд Төрийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг болон Ахмад настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, төрөлжсөн асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нар үг хэллээ.
Хэлэлцүүлэгт ажлын хэсгийн гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Монголын Ахмадын Холбоо, ахмад настны амралт сувиллын болон бусад төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, ахмад настны төлөөлөл оролцов.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ, тэдгээрийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдвээр танилцуулга хийв.
Тэрбээр салбарын зүгээс ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, ахмад настны амьжиргааг дэмжих халамжийн дэмжлэг, хөнгөлөлт, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, цаашдын зорилтын талаар танилцуулав.
Мөн Монголын Ахмадын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Бямбацэрэн ”Ахмадуудад тулгамдаж буй асуудлууд” сэдвээр хэлсэн үгэндээ ахмад настны талаар хууль тогтоомж, эрх зүйн орчин хангалттай байгаа ч хэрэгжилт хангалтгүй байгааг дурдан ахмадуудын эрүүл мэнд, халамжийн үйлчилгээнүүдийг эрхэлдэг байгууллагуудын үйл ажиллагааг илүү нягт уялдуулах, цаашид тогтолцооны шинжтэй өөрчлөлтийг хийх, өөрөөр хэлбэл эрүүл мэндийн болон асаргаа, халамжийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх боломжийг судлах нь зүйтэй гэлээ.
Түүнчлэн ахмадын санг хуульд зааснаар байгуулах, ахмадын зөвлөх үйлчилгээг бүрэн хэрэгжүүлэх, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлого нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх, ахмад настнуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах ая тухтай тайван амгалан орчинг бүрдүүлж, бие даасан хараат бус элдэв халдлага хүчирхийллээс ангид байлгах нөхцөлийг бүрдүүлэх, ахмадын түрээсийн орон сууцны хангамж хүрэлцээг нэмэгдүүлж, тэдэнд түрээслээд өмчлөх эрх олгох асуудлыг хөндлөө.
Ахмад настны үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг төлөөлж “Дэвжих сайхан” НҮТББ-ын тэргүүн Ч.Энхсайхан ахмад настанд үзүүлж буй үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын талаар танилцуулж, цаашид ахмад настны үйлчилгээ үзүүлэхэд нийслэлийн дүүрэг бүрт Нэг цэгээр дамжуулан үзүүлдэг болгохын тулд www.ehalamj.mn системд халамжийн үйлчилгээний төрөлд нэмж оруулах, төрийн ажил үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэж байгаа ТББ, ХХК зэрэг иргэний нийгмийн байгууллагуудад мэдээллийн нэгдсэн сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаартай олгодог болгох зэрэг санал дэвшүүлэв.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг “Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс гаргасан ахмад настны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх санал, зөвлөмжийг нэгтгэн цаашид ажил болгон хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо анхаарч ажиллах болно” гэв.
Эх сурвалж: ХНХЯ