Ш.Энхтөр: Цахим хөгжлийн яам эмнэлгүүдийн цахимжилтанд анхаараасай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Энхтөр: Цахим хөгжлийн яам эмнэлгүүдийн цахимжилтанд анхаараасай

/2022.03.09/ АУ-ны доктор, клиникийн профессор Ш.Энхтөр өөрийн цахим хуудаснаа эрүүл мэндийн салбарын цахимжилтын асуудал, тус салбарт тулгамдаж буй бэрхшээлийн талаар хөнджээ.

Мөн тэрбээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар өөрийн санал хүсэлтийг бичжээ.

Тэрбээр:

-Эрүүл мэндийн салбарт шийдэгдээгүй, хагас дутуу "шийдэгдсэн" олон асуудал байгаа. Зүй нь байгаа асуудлуудаа хүлээн зөвшөөрөөд, үг санал хэлж байгаа "цөөнхөө" сонсоод, засч залруулаад явах ёстой юм.

Асуудал хэлсэн нэгнийгээ Яамны зарим шинэ дарга нар нь элдэв нэр өгөөд сонсдоггүй, бодлогын залгамж шинж чанар огт үгүй, дээшээ сайд дарга нар нь бодит үнэнээс тасарчихсан, "болж, бүтэж байна; та мундаг шүү" гэдэг үгээр булаастай. Ийм байхад асуудал ужгирсаар л байдаг.

Миний хувьд баримталж ирсэн менежментийн зарчим бол "асуудал байгаа бол хүлээн зөвшөөрч, засч залруулах бодлого" байлаа.

Надад санал болгох хэдэн зүйл байна. Үүнд:

1. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа энэ цахимжуулалтын төсөл их олон жил сунжирч удааширсан. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага бүр дээр бэрхшээлтэй, асуудалтай, хүссэн хэмжээнд ажиллахгүй байгаа.

Шийдэл нь:

Шинээр байгуулагдсан Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯ) онцгой анхаараасай. Эмнэлгүүдийг өөрсдөө шийд л гэдэг. Яг үнэндээ тийм боломжгүй. Цахимжуулалтын асуудлыг эмнэлэг, байгууллагууд өөрсдөө шийднэ гэвэл жинхэнэ "хаус" болохоос гадна, нэгдсэн систем нь ч ажиллахгүй; тийм санхүүгийн чадалтай эмнэлэг ч байхгүй.

Харин ЦХХХЯ, улмаар Засгийн газар онцгой анхаарч дэлхийн жишгийн систем нэвтрүүлэхгүй бол үнэхээр болохгүй байна.

Яг халуун цэг дээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн үгийг дамжлагагүйгээр сонсвол, газар дээр нь очиж үзвэл ойлгогдоно. Эмч, мэргэжилтнүүд та нар маань ч айхгүй, бодит үнэнийг хэлээсэй.

Мөн түүнчлэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд мэдээллийн технологийн үйлдлийн программууд (Microsoft office, virus protection)-г дандаа "crack" байдлаар аргацаан ашиглаж байгаа. Үүнийг өөрчлөхгүйгээр, албан ёсны лицензтэй програм ашиглаж эхлэхгүйгээр цаашид явах аргагүй болсон. Үүнийг ойлгох хэрэгтэй.

ЦХХХЯ-ны ТНБД Б.Болор-Эрдэнэ гээд дайчин, боловсролтой эмэгтэй үүнд анхаарлаа хандуулаасай.

2. Монгол Улсын Засгийн газар асар их хөрөнгө оруулалтаар олон шинэ эмнэлэг, тоног төхөөрөмж ба техник технологитой нь хамт ашиглалтанд оруулж байна.

Үнэхээр зөв хөрөнгө оруулалт. Одоо энэ хөрөнгө оруулалтын үр ашгийг гаргамаар байна. Олон шинэ эмнэлгүүдийн үйл ажиллагаа, дарга удирдлагынх нь ажлыг зорилгодоо хэрхэн хүрч байгаагаар нь дүгнэж баймаар байна.

Жишээ нь: УХТЭ-ийн дэргэдэх Үндэсний оношилгооны төв болон Япон-Монголын эмнэлгийн шинэ техник технологи, хүчин чадал бүрэн ашиглагдах нь удаашралтай байна. Яг шударга үнэлгээ хийвэл ийм л дүр зураг гарна. Үүнд эмзэглэх хэрэггүй. Мэдээж олон хүчин зүйлс нөлөөлж байгааг би мэдэж байна. Гэхдээ арай л хангалтгүй, удаан байна.

Шийдэл нь:

2.1. ЭМЯ, НЭМГ болон лавлагаа Үндэсний төвүүд шинэ эмнэлгүүдийг богино хугацаанд хөл дээрээ босоход нь бүх талаар тусалмаар байна.

2.2. Шинэ эмнэлгүүдийн үүрэг чиглэлийг анх баригдаж, төлөвлөж байх үеийнхээс нь өөрчилж, хувиргамааргүй байна.

2.3. ЭНЭҮТ-2 болон СХД-ийн жишиг Нэгдсэн эмнэлгийг Хүүхдийн төрөлжсөн тусламж үзүүлэх чиглэлээр чадавхийг нь бүрдүүлбэл ЭХЭМҮТ-ийн ачаалал ч буурна; эдгээр шинэ суурьшлын бүсүүдэд амьдарч байгаа иргэд ч хол явахгүйгээр, чанартай, баталгаатай, эрсдэлгүй, сэтгэл ханамжтай тусламж авах боломж нээгдэнэ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нар үүнд онцгойлон анхаараасай.

Сүүлийн өдрүүдэд лавлагаа үндэсний төвүүд бусад эмнэлэг байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа тухай мэдээ гарах болсон. Ийм жишиг угаасаа байсаар ирсэн.

Одоо харин үнэхээр ажил хэрэг болоосой гэж ерөөж байна.

Нөгөө талаар лавлагаа Үндэсний төвүүд бусад эмнэлэг, байгууллагуудыг хэрхэн чадавхжуулснаар ажлыг нь дүгнэдэг болох цаг иржээ.

Дарга нар битгий эмзэглээрэй; миний бичсэнийг бут цохих хариулт өгөх гэж яарахаасаа илүүтэй ойлгож хэрэгжүүлэх гэж оролдоорой.

Эцэст нь онцлоход "Бүх түвшиндээ бие биенээ хуурдаг, асуудлыг хэлж чаддаггүй, бие биендээ саймширч тал засдаг, асуудлыг архагшуулдаг муу зуршлаасаа зоригтой салцгаая" гэж уриалъя гэжээ.

Дахин нэг Орос генерал амь үрэгджээ
Дахин нэг Орос генерал амь үрэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.