/2022.03.03/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинд хоёрдугаар сарын 24-ний өдрөөс дайн эхлүүлсэн билээ. Өнөөдөр найм дахь хоног нь болж буй энэ дайны хариуд барууны орнууд Оросод санхүүгийн болон бусад хоригуудыг тавьж, тус улсын эдийн засгийг хүнд нөхцөлд оруулаад байна.
Оросд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Монголын эдийн засагт ямар байдал үүсэх вэ гэсэн сэдвийн хүрээнд МУИС-ийн багш, Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгстэй ярилцлаа.
-Олон улсын хэмжээнд гүйлгээ хийх боломжгүй болсон энэ үед манай улс Оросоос цахилгаанаа худалдаж авахдаа яаж төлбөр тооцоогоо хийх нь сонирхолтой санагдаж байна?
-SWIFT гэрээнд дэлхийн бүх банк нэгдээгүй байдаг. Нэгдээгүй гишүүн, банкуудаар дамжуулан төлбөр тооцоо хийж болно. SWIFT гэдэг нь төлбөрийн хэрэгсэл биш. А банкнаас Б банк руу төлбөр явуулсан талаар мессежээр мэдэгддэг үйлчилгээ юм. Харин мөнгийг банк, банк бус байгууллага шилжүүлнэ. Тэгэхээр SWIFT-д ороогүй санхүүгийн байгууллагыг ашиглаж болно.
-Рублийн доллартай харьцах ханш нэлээд доогуур боллоо. Манай улсад ч гэсэн рублийн төгрөгтэй харьцах ханш уначихсан байна. УИХ-ын гишүүн асан М.Зоригт, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар "Tнэ боломжийг ашигла, яаралтай хил гаалиа нээгээд тэр улстай худалдаа хийх хэрэгтэй" гэх утга бүхий зүйлс ярьж байна. Хөрш зэргэлдээ орны хувьд бидний хувьд ямар боломж байж болох вэ?
-ОХУ нь эдийн засгийн хоригт орчихсон байгаа. Бид ийм дайны үед ашиг хонжоо олох гээд нэмэлт гүйлгээ хийх, өөр бүтээгдэхүүн экспортоор гаргах зэрэг нь манай улс давхар хоригт орох вий гэх болгоомжлолыг төрүүлж байна. Газар тариалан, экспорт, барилга, тээвэр зэрэг эдийн засгийн мөчлөг эхэлж байна. Яг ийм эгзэгтэй үед элдэв хоригт орох бидэнд эрсдэлтэй байна гэж бодож байгаа юм.
-Яавал нэмэлт хоригт орох магадлалтай байх вэ? Cyber дайн зэрэгцээд байгааг анзаарсан байх. БНХАУ, ОХУ-ын банк санхүүгийн байгууллага руу довтолсоор байна. Үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй байх хэрэгтэй гэж үзэж байна уу? Болгоомжтой байх гэж юуг хэлж байна вэ?
-Бид мэдээ үзэж байгаа шүү дээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал болоход манай улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн. Энэ нь гадаад бодлоготой холбоотой. Хятад ч бас түдгэлзсэн. Түүнээс хойш л Хятадын арилжааны банк руу Cyber халдлага хийсэн байгаа. Манай улс руу ч халдлага хийхийг үгүйсгэхгүй, бэлтгэлтэй л байх хэрэгтэй.
-Манай улсын эдийн засагт үүсэх эдийн засгийн эрсдэл ямар байх вэ? Монгол-ОХУ-ын худалдааны тэнцвэртэй байдал ямар байдаг вэ?
-Манай улс нийт экспортын 1 хүрэхгүй хувийг ОХУ руу экспортолдог. Учир нь ОХУ олон жилийн хугацаанд манай экспортын бараанд өндөр татвар шаардаж ирсэн. Тиймээс тэр татварыг даваад ОХУ-ын зах зээлд үнээр өрсөлдөх боломжгүй байдаг. Импортын тал дээр асуудалтай. Манай нийт импортын 33 хувь нь ОХУ-аас орж ирдэг. Шатахуун, эрчим хүч. Хамгийн хэцүү нь энэ хоёрыг орлуулах боломжгүй. Оросоос авч чадахгүй юм чинь гээд өөр улсаас авах боломжгүй байгаа юм.
Бизнесийн байгууллага нөөцөө бүрдүүлсэн байх гэж найдаж байна.
-Саяхан Шадар сайд Газпром-той байгалийн хийн хоолойн төслийг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Олон хүн энэ талаар шүүмжилж байна. Таны бодлоор байгалийн хийн хоолойн төслийг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан нь хэр цагаа олсон үйлдэл байсан бэ?
-Дайн эхлээд 4-5 хоноход л шуурхайлаад гарын үсэг зурсныг гайхаж байна. Тэр гэрээ нь ТЭЗҮ хийх юм билээ. Гол нь манайд, Газпромд тэр хэмжээний мөнгө нь байгаа юм болов уу? Үйл ажиллагаа нь гол нь манай улсаар дамжаад өөр улс руу очиж байгаа. Тэр улстайгаа ч гэрээгээ хийсэн юм болов уу зэрэг асуудлыг сайтар ойлгохгүй байна. Цаг үеэ олсон бодлого баримтлах хэрэгтэй л гэж бодсон.
-Энгийн иргэд бидэнд ямар болгоомжлол байх хэрэгтэй вэ?
-Манай улсын эдийн засаг өсөх төлөвлөгөө гаргасан ч биелэхгүй байж болно. Учир нь коронавирус, дайн мөргөлдөөн дуусаагүй байна. Энгийн иргэд болгоомжлолын төлөвт ордог. Энэ нь хүний унаган төрх, үйл хөдлөл байдаг. Өрхийн түвшинд хэрэглээ багасна гэсэн үг. Эдийн засаг зогсонги байдалд орох магадлалтай учраас эгзэгтэй үед явуулах алхам, стратеги зэргийг үнэнч шударгаар хэлж байж айл өрх-үйлдвэрлэгч байгууллага-Засгийн газар нь харилцан нэгнийхээ бодлогыг мэдэж байвал, манай эдийн засаг хэцүү үеэ давж гарна гэж үзэж байна.
-Эдийн засгийн нөхцөл байдалд мэдээллийн ил тод байдал хэр хамаатай вэ?
-Мэдээллийн ил тод байдал байхгүй бол зах зээлийн талаарх зөв дохиог үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүд болон худалдан авалт хийх гэж байгаа айл өрх буруу шийдвэр гаргачихвал төлөвлөж байсан бүхэн нь зөрдөг. Итгэл гэдэг нь эдийн засагт их чухал гэдгийг зан үйлийн шинжлэх ухаанаар мэдэж болж байгаа юм. Засгийн газар нь тогтвортой, нээлттэй, ойлгомжтой мэдээлэл түгээж байж иргэдэд итгэл төрнө гэж үзэж байна.
-Баярлалаа.