-Сүүлийн 5 жилд агаарын бохирдлыг бууруулахад хагас их наядыг зарцуулжээ-
Агаарын бохирдлыг бууруулахад сүүлийн жилүүдэд чамгүй мөнгө зарцуулж байна. Гэвч агаарын бохирдол буурахгүй, эсрэгээрээ нэмэгдсээр.
Аудитын ерөнхий газраас 2021 онд агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд шалгалт хийсэн тайлангаа гаргасан. Тус тайлангаас харвал сүүлийн 5 жилд агаарын бохирдлыг бууруулахад 533 тэрбум төгрөг зарцуулсан гэжээ. Гэвч агаарын бохирдол дараах байдлаар нэмэгдсэн гэж Үндэсний аудитын хороо тайлагнажээ:
- Хүхэрлэг хийн агууламж 2016 онд стандартаас 1.8 дахин их, 2020 онд жилийн дундаж агууламж 47 мкг/м3 болж Монгол Улсын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2.4 дахин өндөр;
- PM10 тоосонцрын 2016 оны жилийн дундаж агууламж 128 мкг/м3 буюу Монгол Улсын стандартаас 2.6 дахин их, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 6.3 дахин өндөр байсан бол 2020 онд 90 мкг/м3 болж буурсан ч Монгол Улсын стандартаас 1.8 дахин их, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 4.5 дахин өндөр;
- PM2.5 тоосонцрын 2016 оны жилийн дундаж агууламж 79 мкг/м3буюу Монгол Улсын стандартаас 3.16 дахин их, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 3.95 дахин өндөр байсан бол 2020 онд 49 мкг/м3 болж буурсан ч Монгол Улсын стандартаас 1.9 дахин их, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2.45 дахин өндөр.
БОАЖЯ 2024 ОН ГЭХЭД РМ2,5-ЫГ 55МКГ/М3 БОЛГОХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН Ч…
Байгаль орчин, Аялал жуулчлалын яам нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон зорилт тавин ажилладаг. Үүний тавдугаарт “Ногоон хөгжил” гэсэн бүлэгт “Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн заасан байдаг.
Энэ дагуу тус яам нийслэл болон аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулж, Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг 55 мкг/м3, РМ10 тоосонцрын агууламжийг 115 мкг/м3-д хүргэнэ гэдэг амлалт авсан.
Харамсалтай нь, амласан хугацааных нь тал нь өнгөрчихөөд байхад энэ өвлийн байдлаар агаар дахь РМ2,5 бодисын хэмжээ 200-350мкг хүрч байна. Энэ нь байх ёстой хэмжээнээс 7 дахин өндөр байгааг илэрхийлнэ.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНД МОНГОЛЫН “ХАМГИЙН ТОМ”
ДАРГА НАР БАЙДАГ
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд даргалдаг. Сар гаруй хугацааны өмнө огцорсон Н.Уртнасан сайд агаарын бохирдлыг бууруулах асуудлыг орхигдуулж, Үндэсний хороог тун цөөн хуралдуулсан гэдэг. Түүний өмнө дарга асан Д.Сарангэрэл, Н.Цэрэнбат, Д.Оюунхорол нар тус хороог даргалж байсан.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг ханган ажиллах үүрэгтэй. Дашрамд сонирхуулахад, Аудитын газар энэ хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт гаргасан. Үндэсний хорооны бүрэлдэхүүнд дараах хүмүүс ордог:
- Ерөнхийлөгч,
- Ерөнхий сайд,
- УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх,
- Яамдын дэд сайдууд,
- Шадар сайдын зөвлөхүүд,
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
- Нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч,
- МХЕГ, ЦЕГ, ОБЕГ-ын дарга нар
- Шадар сайдын ажлын албаны дарга
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД СҮҮЛИЙН 5 ЖИЛД
533 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛСАН
Агаарын бохирдлыг бууруулахад сүүлийн 5 жилд зарцуулсан 533 тэрбум төгрөгт сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагааны зардал, сайжруулсан түлшээр хангаж буй төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой түлш компанийн зарцуулалт огт ороогүй болно.
Энэ удаад албан тушаалаараа Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог даргалж байгаа юм.
Энэ жилийн хувьд Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос агаар орчны бохирдлыг бууруулахад зориулан 43,6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. Үүний 23 тэрбумыг нь агаарын бохирдлыг бууруулахад, 5 тэрбумыг нь хөрсний бохирдлыг бууруулахад, 2 тэрбум гаруйг нь хог хаягдлыг бууруулахад гэх мэтээр зарцуулахаар төлөвлөсөн байна.
Энэ нь ёстой л “аманд ч үгүй, хамарт ч үгүй” төсөв бөгөөд түүнийгээ ийнхүү тараан цацаж байгаагаас харвал 2022-2023 оны өвөл агаарын бохирдол буурна гэж найдалтгүй ажээ.