Оном сангийн ТУЗ-ын тэргүүн, шинжлэх ухааны доктор Д.Наранбаатартай ярилцсаныг хүргэж байна.
-Ковидтой холбоотойгоор гамшгаас хамгаалах зэрэглэлийг улбар шар түвшингээс шар түвшин рүү шилжүүллээ. Нөхцөл байдал хэвийн хэмжээ рүү шилжиж, иргэдийн сэтгэл санаа ч уужирч эхэллээ. Эдгээрээс анзаараад дүгнэвэл цар тахал ер нь дуусчихсан уу?
-Ковид дуусаагүй. Манай эрдэмтдийн багийнхан “Чимээгүй тахал” гэдэг үе рүүгээ шилжлээ гэж үзэж байна. Энэ чимээгүй тахлын хор уршиг урт хугацаанд гарч ирнэ. Өнөөдөртөө биш. Магадгүй хоёр эсвэл гурван жилийн дараагаас хор уршгийнх нь хэмжээ алгуурхнаар өгсөх байх.
Цаашид ковид арилна гэсэн ойлголт байхгүй. Илүү мутацилагдаж, мөлхөө түвшинд шилжинэ.
Ингэж хэлснээрээ Засгийн газраас гаргасан шийдвэрийг буруутгаж байгаа юм биш. Гэхдээ одоо вакцинжуулалтдаа маш сайн хамрагдах хэрэгтэй байна. Эхний хоёр тунд хамрагдсан хүмүүсийн тоо хангалттай өндөр түвшинд. Гэхдээ чанарын хувьд тийм ч сайн биш. Тиймээс Засгийн газраас 3,4 дүгээр тунг хийх ажлыг эхлүүлсэн. Гэхдээ өнөөдөр гуравдугаар тунд хамрагдсан хүний тоо 1,000 гаруйхан буюу зорилтот хүн амын 53 хувь юм. Энэ бол хангалттай хувь ерөөсөө ч биш. Үүнийг бид 80, 90 хувь болгож, цаашлаад хүүхдүүдээ вакцинжуулж эхлэх ёстой. Урт хугацаанд гарах хор уршгаас хамгаалах зүйлээ одооноос хийхгүй бол болохгүй.
Манайд ВА1 орж ирэхэд тодорхойлоход их амархан байсан. Гэхдээ одоо ВА2 хувилбар орж ирсэн эсэхийг мэдэхгүй байна.
-Дельта, омикроны давлагааны үед бидний айж байсан нэг зүйл нь эрүүл мэндийн байгууллагууд ачааллаа дийлэхгүй байх гэдэг айдас байсан. Одоо тэгвэл бидэнд айх шалгаан бий юу?
-Байлгүй яахав. Одоо бол өвчний хүндрэлүүд, урт хугацааны ковидын улмаас гарч ирэх хор уршигт төвлөрөх хэрэгтэй. Энэ вирусийн ханиаднаас ялгаатай нэг зүйл нь эсийн хүлээн авагч гээд байгаа S2 нь бидний бүх эд, эрхтэнүүд дээр байж байгаа. Зүрх, уушги, бөөр, тархи гэх мэт.
Олон хүн “Ковид туссаны дараа юм санахаа больчихлоо. Манантаад байна” гэдэг зүйлийг ярьдаг. Энэ хүмүүсийг судлаад үзэхээр тархины эд эсүүд нь бага багаар үхэж, хатуурал болж байгаа шинж тэмдгүүд илэрч байна. Тиймээс л энэ ковидыг чимээгүй тахал гэж нэрлээд байгаа юм.
Цар тахалтай зохицож амьдрах шийдвэрийг бүхий л улс орон гаргаж байна. Нийтээрээ хөл хорио тавьдаг цаг үе бол өнгөрсөн. Цаашдаа ковид мөлхөө байдлаар тархаад л байна. Зарим нь халдвар авснаа мэдэхгүй. Тэдгээр хүмүүс дархлаа сул байгаа хүмүүсийг очиж халдварлуулдаг. Тэр хүмүүс цөөн тоогоор ч гэсэн хүндэрч 2-3 долоо хоног өвддөг. Бидний судалгаагаар вакцин хийлгээгүй болон настай хүмүүсийн биед вирус байх хугацаа урт байна гэдэг нь тогтоогдсон.
-Биед нь вирус удаан байх тусам гэмтээх эрхтнүүдийн тоо нэмэгдэнэ гэсэн үг үү?
-Тийм. Мөн синофармын 2 тунтай хүмүүс вирустай байх хугацаа урт байна. Гурван сайн тунтай хүн бол хурдан эдгэж байгаа. Вирус биед удаан хугацаагаар байна гэдэг нь тухайн хүний эд эрхтэнийг гэмтээж байна гэсэн үг. Тэр тусмаа муу байгаа эрхтнийг нь улам дордуулж байдаг. Жишээлбэл, чихрийн шижинтэй хүний өвчин илүү хурдацтай болж, хүчил төрөгчийн дутагдалтай хүнийг илүү хүндрүүлнэ гэсэн үг.
Бидэнд үүнтэй ижилхэн туршлага зөндөө байна. Тухайлбал, элэгний вирус. 1990-ээд онд цочмог байх үедээ ХӨСҮТ-ийг дүүргэж байсан гэж манай ахмад эмч нар ярьдаг. 1991 оноос элэгний В вирусийн вакцин хийлгэж эхлээд буурсан. Гэхдээ одоо манай улсад элэгний хорт хавдраар нас барж буй хүний тоо буурахгүй байна. 1990 онд элэгний хорт хавдраар нас барах хүний тоо олон улсын дунджаас 6 дахин их байсан бол одоо 11 дахин өндөр болсон. Тухайн үед болсон гамшгийн хор нөлөөг бид чимээгүй тахал хэлбэрээр одоог хүртэл амссаар байгаа нэг жишээ бол энэ юм.
-Таныг вакцин ярьж эхлэхээр “Энэ хүн вакцины шахаа хийх гээд 4, 5-р тун хийлгэх ёстой гээд яриад байна” гэдэг хардлага гарах байх даа. Энэ талаар та ямар хариу өгөх вэ?
-Нэгдүгээрт, би Файзер эсвэл Модерна зэрэг вакцины компаниас мөнгө төгрөг авдаг зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.
Хоёрдугаарт Монголд вакцины чиглэлээр бид дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны сэтгүүлүүдэд судалгаагаа нийтлүүлсэн. Бидэнд яг бодитой судалгааны үр дүн байна. Ийм байтал эрдэмтэн хүн мэдэж байгаа зүйлээ хэлэхгүй бол энэ бидний хувьд ёс зүйгүй зүйл.
-Вакцин хоорондын хугацаа 3 сар, мөн өвдөөд эдгэснээс хойш 3 сарын хугацаанд дархлаатай байна гэсэн. Гэтэл шинж тэмдэггүйгээр өвдөөд эдгэчихсэн бол энэ хугацааг яаж барих вэ?
-Зарим хүн халдвар авснаа ч мэдэхгүй байгаа. Гэхдээ ужиг ковидын ядрах, мартах зэрэг шинж тэмдгүүд илрээд байдаг. Ужиг ковидтой байгаа хүмүүс вакцин хийлгэхэд дархлааны систем нь reset хийгдэж, ужиг ковидын шинж тэмдгүүд нь алга болдог. Энэ бол 30 орчим хувьд нь гарч байгаа тохиолдлууд. Тиймээс вакцин хийлгэхэд буруудах зүйл байхгүй. Харин вакцингүй байж байгаад халдвар авсан бол сэргэх хугацаа нь дахиад урт байна.
-Хүмүүс халдвар аваад эдгэсэн нь хамаагүй дээр юм байна гээд яриад байгаа нь буруу болж таарах нь ээ?
-Тэр худлаа. Халдвар аваад эдгэхээр дархлааны төвүүд гэмтэж байгаа. Дархлааны төвүүдийн гэмтэл маш удаан хугацаанд эргэн сэргэж байна.
Бид Америк, Монгол хүмүүс дээр харьцуулсан судалгаа хийсэн. Судалгаагаар вакцингүй хүмүүс халдвар аваад эдгэж байгаа бол дархлааны тогтоц нь муу, дээрээс нь дархлааны системийн төвүүд нь гэмтсэн учраас тэр нь сэргэх гэж удаан хугацаа ордог нь тогтоогдсон. Тэгэхээр хүмүүс маань вакциндаа сайн хамрагдаарай. Энэ маш чухал байна.
Ярилцлагыг бүрэн эхээр нь үзэх: