Гэртээ цагаан сараа тэмдэглэхийг эрмэлзсэн хүмүүс захаар холхино
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэртээ цагаан сараа тэмдэглэхийг эрмэлзсэн хүмүүс захаар холхино

/2022.01.24/ "Хойшоо, хойшоо, замаас холдоорой" гэх үгийг ямар ч захад байгаа ачигчид чанга гэгч нь хэлнэ. Тэд хүнтэй үг солих завгүй, ихэнхдээ бухимдангуй зөрж өнгөрөх юм. Лангууны эгч нар ачигчийн ядарч байгааг шагширч хоцорход, тэрээр хэдийнээ дараагийн ачаагаа авах гээд замдаа гарчихсан байх санж.

Зах хоосон байна аа. Өдийд хөлтэй нь хөлхөж сар шинийн баярын идээ, будаа, гар цайлгах бэлэг сэлт зэргийг бэлдэж, наймаачдын нар нь гийдэг үе байсан цаг өнгөрсөн бололтой. Бөмбөгөр худалдааны төвийн хүнсний хэсэгт зөрж өнгөрөх хүний цуваа сийрэг байна. Үнэхээр л энэ айхтар цар тахал бидний хандыг хага дарсан бололтой. Лангууны эгч нараас яриа авах гээд дөхөөд очиход цаад өрөө рүүгээ орж, сиймхийг сүвэгчлэн завгүй төрх бүрдүүлнэ. Зарим нь үнэхээр л бараагаа жижиглэж уутлах гээд завгүй харагдана. Цөөн хэд нь утсаа оролдож байх зуураа, намайг төвөгшөөж "Завтай хүнээс нь асуу" гэсэн хариултаас өөр үг цухуйлгасангүй.

Зах дотор есөн шидийн зэрэглэлийн хүмүүс холхино. Ноорхой хувцас өмссөн хүн гартаа авах зүйлсийн жагсаалтаа атган юуг ч юм бэ хайж өнгөрөх бол, зарим нь захын нүх сүв бүрийг андахгүй мэддэг, лангууны эгч нартай ч сүрхий яриа өрнүүлж байх нь тааралдана. Булган шуба өмсөөд, хар шил зүүсэн хямсгар эзэгтэй нар дээгүүр харан зөрж өнгөрөхөд, олон жил уулзаагүй андтайгаа таараад буу халах хижээл насны ах ч байв.

Зөрж өнгөрөх хүмүүс гартаа уут бариагүй байх нь ховор. Даавуун уут, жижигхэн чемодан маягийн зүйл /нэрийг нь мэдсэнгүй/, элдэв брэндийн уут /лого нь халцарсан/, том торон, цаасан хайрцаг гэхчлэн хүн бүр л аль нэг гартаа их, бага хэмжээний бараа барьж явах юм.

Хэвийн боов зарж байгаа хэсэг харин ачаалалтай байлаа. Хүмүүс ч хэдэн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг андахгүй сайн мэдэх юм. Худалдагч нар амталгааны зориулалтаар үйлдвэр бүрийн хэвийн боовноос жижиглэн тавьж, худалдан авагчид ч тэндээс нь амтлаад шийдвэрээ гарган зогсоно. Тэнд настан буурлууд няхуур хандаж, төрөл бүрээс амтлаад үнэ тарифийг нь лавлана.

Гүрмэл боовноос худалдаж аваад, цааш явсан эмээтэй хуучиллаа.

Засаг, төрийнхөө шийдвэрийг дагаад гэр, гэртээ баяраа тэмдэглэхээр шийдсэн эмээ 80 нас шүргэж яваа гэв. Хүүхдүүд нь гадаадад амьдардаг. Германд байдаг хүүхэд нь нэг сая төгрөг баярын зүйлсээ авахад нь нэмэрлэж, энд байгаа хүүхдүүд нь бууз, ууцыг нь бэлдэж өгчээ. "Хүүхдүүдийнхээ буянд л болж байна, зөвхөн тэтгэврээ авдаг байсан бол бүтэхгүй байж. Юмны үнэ тэнгэрт хадсан байна. Уг нь хүүхдүүд маань бүгд машинтай. Би дуудвал дороо л хүрээд ирнэ. Гэхдээ настай хүн чинь аль болох хөдөлж, хөлсөө гаргаж байвал гэж бодоод гэрээсээ гараад ирсэн. Манай хэд чинь ихэнхдээ Хан-Уул дүүрэгт амьдарч байна" гэх нь тэр. Эмээ ч яарсан бололтой, хаалга руу нүд нь гүйж байсан тул эрүүл энхийг хүсээд цааш явлаа.

Гарах гээд хаалга руу дөхтөл нэг ах, жижигхэн ширээн дээр зөгийн бал, жимсний чанамал тэргүүтнийг өрж тавьсан байв. Зөрж өнгөрөх хүмүүст "Нэгийг авбал нэг үнэгүй, ухаалаг худалдан авалт болно шүү" гэж зарлаж байлаа. Дөхөөд очтол нэг литр зөгийн бал 25 мянган төгрөг. Үүнийг авбал хажууд нь байгаа аньс, нэрсний чанамал, чацарганы сиропоос сонгоод нэгийг нь дагалдуулж авах боломжтой гэсэн байв. Ах ч цуцалтгүй зарлах бөгөөд, дөхөж ирсэн хүмүүст уриалгахан тайлбарлаж байлаа.

Захаас гараад 40 гаран насны болов уу ахтай тааралдаж сар шинийн бэлтгэл ажлыг нь сонжив. Тэрээр:

- "Залуу хүн учраас бэлдэх зүйлс нь гайгүй байна. Энэ жил айл хэсэхгүй, айл хүлээн авахгүй. Гэртээ л жаахан хүүхдүүдтэйгээ буузаа идээд, кино үзэж өнгөрөөнө. Ахмадууд маань ирсэнгүй гэж гомдоллох байх. Үнэндээ та хэдийгээ л элдэв өвчин тусахгүй байгаасай гэсэндээ очихгүй шийдвэр гаргасан юм шүү" гэв.

Ийнхүү гэр, гэртээ баяраа тэмдэглэх хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, худалдааны төвөөс идээ, будаагаа цуглуулсан хүмүүстэй уулзсан тэмдэглэл маань өндөрлөж байна.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.