Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, дэлгэцийн донтолт нэн ялангуяа утасны тоглоомын хэтрүүлэн хэрэглээний талаар СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, эмч Л.Цэрэндолгортой ярилцлаа. Түүнчлэн тус төвийн хүүхдийн тасгийн ачаалал ямар байгаа талаар яриа өрнүүлсэн юм.
-Сүүлийн үед танай төвийн ачаалал хэр их байгаа вэ? Сурагчдын амралт эхэлсэн учир СЭМҮТ-д хандах хүүхдийн тоо нэмэгдэж байна уу?
-Сурагчдын амралт эхэлснээс үл шалтгаалж ер нь байнгын ачаалал өндөр байдаг. Харин цар тахлын үеэр хөл хориотой байсан учир СЭМҮТ-д хандах хүүхэд бага байсан.
-Сүүлийн 5 жилд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, гар утасны донтолттой болж буй хүүхдийн тоо өссөн үү?
-Ер нь өссөн үзүүлэлттэй байгаа. Үүнээс гадна манайд тусламж үйлчилгээ авах гэж ирж буй хүүхдийн тоо нэмэгдэж байна. Жилд 2 мянга орчим хүүхэд кабинетээр тусламж, зөвлөх үйлчилгээ авч, шаардлагатай тохиолдолд хэвтэн эмчлүүлдэг байсан бол одоо 2 мянгаас дээш гарчхаад байна. Үүнээс харахад энэ төрлийн асуудалтай хүүхдийн тоо өсөж байна гэж хэлж болно.
-Жилээс жилд дэлгэцийн донтолттой хүүхдийн тоо өсөж байна гэж та хэллээ. Тэгэхээр хүүхдийн дэлгэцийн донтолт ямар шалтгааны улмаас үүсдэг вэ?
-Мэдээж хэтрүүлэн хэрэглэх байдал олон удаагийн давтамжтай байвал энэ нь донтолт үүсэхэд нөлөөлнө. Үүнээс гадна маш олон хүчин зүйлсийн нөлөөгөөр донтолт буюу эмгэг бий болдог. Тухайлбал, хүүхдийн төрөлхийн сэтгэлзүйн онцлог ямар байх, хүүхэд өөрийн стресс бухимдал, асуудлыг даван туулах төрөлхийн чадвар нь хэр байна вэ гэдгээс их зүйл хамаарна. Мөн гэр бүлийн орчин их чухал.
Нийгмийн бичил орчин буюу хүүхдийн анхдагч сэтгэл зүйн болон бие физиологийн хэрэгцээг хангадаг газар бол гэр бүлийн орчин юм. Энэ орчинд хүүхэд амар тайван, аюулгүйн мэдрэмж нь бүрэн хангагдсан, сэтгэлзүйн хувьд өөрийгөө илэрхийлэх бүрэн боломжтой эсэх, эцэг эх нь хүүхдээ маш сайн анхаарч сонсдог зэргээс шалтгаалж хүүхдийн аливаа зүйлд уруу татагдах, донтох хувь хэмжээ нэмэгдэх юм уу буурдаг.
Хүүхдийн сэтгэлзүйн хэрэгцээ хангагдаагүй байвал ямар нэг төрлийн донтолтод автах эрсдэл тодорхой хувиар нэмэгддэг гэж үздэг.
Түүнчлэн хүүхдийн утасны хэрэглээ их байгаагийн гол шалтгаан нь гэр бүлийн орчинд нь тийм хэмжээний хэрэглээтэй хүн байгаа болохоор л тэр.
-Дэлгэцийн донтолттой болсон хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Дэлгэц хэтрүүлэн хэрэглэж буй хүүхэд хоолны дуршилгүй болох, анхаарал төвлөрөх байдал муудах, хичээлдээ сонирхолгүй болж сурлагын чанар буурах, ядарч сульдах, халдварт өвчинд өртөмтгий болох зэрэг бие нь өвдөх нөхцөл байдал үүснэ.
Харин донтсон хүүхэд дуртай зүйлээ хийхийн тулд худал ярих, эцэг эхээ унтсан хойно шөнийн цагаар тоглох, хичээлээ тасалж, даалгавраа хийхгүй байх гэх мэт амин чухал физиологийн унтаж хооллох, нийгмийн харилцаанд орж найз нөхөдтэйгөө уулзах, сургуульдаа явах, суралцах зэрэг чухал үүргээ умартаж эхэлдэг. Энэ бол донтолтын шинж юм.
Тиймээс донтолт байна уу, хэтрүүлэн хэрэглээ байна уу гэдгийг ялгаж мэдэн цаг алдалгүй мэргэжлийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Эсвэл интернетэд байршсан маш олон зөвлөгөөнүүд дундаас хүүхэдэдээ тохирохыг нь туршиж үр дүн гарах хүртэл нь тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Үр дүн гартал гэхээр хэдий хэр хугацааг зарцуулах хэрэгтэй вэ?
-Аливаа шинэ зуршил хамгийн багадаа 2-3 сар тууштай хийсний үр дүнд бий болно. Мөн тухайн хүүхдийн хэдий урт хугацаанд хэрэглэсэн байдлаас хамаарна. Хоёр, гурван жил дадал болсон зүйлийг өөрчилнө гэвэл бас л төдий хэмжээний хугацаа шаардагдахыг үгүйсгэх аргагүй. Хүүхэд бүр харилцан адилгүй байдаг. Гэхдээ нэг долоо хоног, нэг сар туршиж үзээд үр дүн гарахгүй байна гэж болохгүй. Тиймээс удаан хугацааны, тууштай байдлын үндсэн дээр эерэг үр дүнд хүрнэ.
-Эцэг эхчүүд хүүхдээ боль гээд утсыг нь хураачихдаг атлаа өөрсдөө хажууд нь оролдоод суучихдаг. Гэтэл энэ яг шударга зүйл үү?
-Хүүхдийн байр сууринаас авч үзэх юм бол энэ маш шударга бус явдал. Эцэг эх хүүхдээ байг боль, чамд хортой гэдэг атлаа өөрсдөд нь хор нөлөө үзүүлэхгүй юм шиг дэргэд нь хэрэглэдэг. Ингэхээр хүүхэд гайхаж, тодорхойгүй байдал үүснэ. Ийм байдалд орсон хүүхэд нэг бол шууд үгэнд нь орж бууж өгнө. Гэхдээ шударга бус байдлыг мэдэрсэн байдаг. Нөгөөтэйгүүр нууцаар хэрэглэх асуудал үүснэ. Мөн эцэг эхийнхээ үгэнд итгэхгүй бол эхэлдэг. Надад муу гэчхээд өөрсдөө хэрэглээд байгаа юм чинь худал ярьж байна гэж бодно шүү дээ. Тэгэхээр дараагийн удаа эцэг эхийнхээ өгсөн зөвлөгөө зөвлөмжид итгэх итгэлгүй болно. Ийм энгийн үйлдлээр хүүхдийн эцэг эхдээ итгэх итгэл буурдаг.
-Үүнээс гадна өөр нэг асуудал байдаг нь эцэг эхчүүд хүүхдээ сатааруулахын тулд, эсвэл уйлах бүрт нь утас өгчихдөг шүү дээ. Үүний оронд яавал дээр вэ?
-Хүүхэд уйлж байна гэдэг таагүй мэдрэмжтэй байгаагийн шинж. Эсвэл анхаарал халамж хүсэж байна гэсэн үг. Тиймээс хүүхэдтэйгээ амьд харилцаанд орж, анхаарал халамж тавих хэрэгтэй. Тэрнээс биш утас өгч, телевизийн урд суулгана гэдэг тухайн хүүхдийн анхаарлыг л өөр тийш нь чиглүүлсэн болохоос үндсэн хэрэгцээг нь хангасан гэсэн үг биш юм. Хэрэв утсаа өгсөөр байвал анхаарал халамж авах хэрэгцээ нь улам л хумигдаж байна гэсэн үг.
Үүний оронд хүүхэдтэйгээ ижил өндрийн түвшинд зэрэгцэж байгаад нүд рүү нь харж ярилцах хэрэгтэй. Хүүхдийн нас бага байлаа гээд юм ойлгодоггүй гэсэн үг биш. Харин ч маш товч, тодорхой, цөөн үг ашиглах хэрэгтэй. “Миний хүүхэд яагаад уйлав, яасан юм болоо, ээж рүүгээ хараарай, ээждээ, аавдаа хэлээрэй, аав нь сонсъё” гэхэд л хүүхдэд харилцааны суурь тавигдаж эхэлдэг. Ингээд яриад байхаар хүүхэд өөрийн нөөц бололцоогоор нэг, хоёр үгээр эсвэл үйлдлээрээ илэрхийлж эхэлдэг.
-Хүүхдийн дэлгэцийн донтолтыг хязгаарлахгүй бол алсдаа нийгэмд, тухайн гэр бүлд тохиолдож болох хор уршиг юу вэ?
-Аливаа төрлийн донтолт гэр бүлээс эхлээд нийгмийн бусад орчинд маш их хор хохирол учруулж байдаг. Хувь хүний асуудал мэт боловч тийм биш юм.
Донтолттой хүнтэй байгаа гэр бүл тайван амгалан байдал алдагдана. Мөн тухайн хүний зан авирт ихээхэн өөрчлөлт орсон байдаг учир эргэн тойрондоо байнгын таагүй уур амьсгалыг бий болгож байдаг.
Дэлгэцийн донтолт зөвхөн хүүхэд насанд нь тохиолддог асуудал юм шиг боловч хүүхэд насанд хүрэхээр бусад төрлийн донтолтод автах суурийг тавьж өгдөг. Яагаад гэхээр донтолт бүр тархинд органик өөрчлөлтийг бий болгож байдаг.
-Өөр зүйлд донтох гэхээр юу байж болох вэ?
-СЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар донтолттой тэр тусмаа гар утасны тоглоомонд хэт автсан хоёр хүүхэд тутмын нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан. Мөн зарим нэг хүүхдийн хувьд дэгдэмхий уусгагч бодис, газ эсвэл архи пиво хэрэглэж үзсэн байх гэх мэт өөр хэлбэрийн донтолт хавсарч илэрсэн. Хуулийн хязгаарлалтаар дээрх зүйлийг хорьж байдаг боловч насанд хүрээд бүх зүйл нь нээлттэй болоод ирэхээр дээрх хүүхдүүдэд архинд донтох эмгэг их илэрдэг. Хамгийн элбэг тохиолдож буй хэлбэр нь мөрийтэй тоглоом юм. Мөрийтэй тоглодог залуусыг судалгаанд хамруулахад ихэнх нь бага насандаа маш их ПС юм уу гар утсаар тоглож байсан хүмүүс байдаг. Суурь нь бага насанд нь тавигдчихсан учраас хэсэг хугацаанд тэвчиж болох ч стресс, саад бэрхшээлээс болж нөгөө зүйлдээ дахиж татагддаг.
-Ийм эмгэгтэй болсон хүүхдийг эмчилхэд хэчнээн төгрөгийн зардал гардаг вэ?
-Яг одоогоор бол энэ төрлийн эмчилгээний зардлын үнийг тогтоогоогүй байна. СЭМҮТ-д хүүхдийн сэтгэцийн тусламж үйлчилгээг үнэгүй хийдэг.
Эмийн эмчилгээний үнийг тооцож болох ч хамгийн чухал эмчилгээ болох танин мэдэхүй, сэтгэл заслын эмчилгээг үнэлсэн үнэлгээ манайд байхгүй. Сэтгэл заслын эмчилгээ хийж байгаа хүнээс асар их анхаарал, мэргэжлийн ур чадвар шаарддаг. Хувийн эмнэлгүүд энэ төрлийн эмчилгээг нэг цагийн 100-200 мянган төгрөгөөр хийдэг. Курс эмчилгээ бол үүнээс хэд дахин илүү төлбөр төлнө. Хэрэв энэ эмчилгээг хэдэн саяар үнэлээд эхэлбэл эцэг эхчүүд маань “энэ чинь ёстой аймар асуудал юм байна. Хүүхэд маань дэлгэцийн донтолттой, эмгэгтэй болчих л юм бол асар их үнэтэй төлбөр төлдөг юм байна” гэдгийг ойлгож урьдчилан сэргийлэх тал дээр илүү их анхаарч магадгүй юм.
Гэхдээ хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд гэдэг үнэлэгдэшгүй асар чухал зүйл. Үүнийг мөнгөөр үнэлж болохгүй. Эрүүл сэтгэцтэй хүүхэд эрүүл иргэн болж төлөвшинө. Эрүүл иргэн улсын хөгжлийн үнэт капитал шүү дээ.
-Таны зүгээс эцэг эхчүүдэд юу гэж зөвлөмөөр байна вэ?
-Нэг л зүйлийг хэлмээр санагддаг юм. Хосууд маань хүүхэдтэй болохоосоо өмнө өөрсдөө сайн төлөвшөөрэй. Хүүхэд гэдэг зүгээр нэг тоглоом юм уу гэр бүлтэй больё гэж бодоод бий болгочихдог зүйл биш. Хэрэв хүүхэдтэй болохоор шийдсэн бол эхлээд хүүхэд өсгөж хүмүүжүүлэх боловсролтой болох хэрэгтэй. Өөрсдөө сэтгэцийн болон биеийн эрүүл мэндийн асуудалгүй байж эрүүл хүүхэд төрүүлнэ шүү дээ. Өнөөгийн нийгэмд ажиглагдаж буй нэг зүйл нь өөрсдөө бэлэн болоогүй, эцэг эхийнхээ хажууд хүүхдээрээ шахуу байж хүүхэд төрүүлж байгаа нь дараа дараагийн хор уршгийг дагуулж буй явдал юм.
Залуучууд маань хүүхэдтэйгээ зэрэгцэж өсөөд байгаа асуудал байдаг.
Анхдагч хэрэгцээ болсон байр, машин зэрэг материаллаг зүйлд анхаараад хүүхдээ хаячихдаг. Хүүхэд тэр хооронд өсөж, хөгжсөөр л байдаг. Энэ үед хүүхдэд анхаарал тавих эцэг эхийн хайр халамж, хүүхэдтэйгээ нягт холбоо тогтоох зэрэг нандин чухал зүйлс ард хоцрогдчихдог. Тиймээс та бүхэн маш сайн өөрсдийгөө боловсруулж хүүхдийн нас насанд тохирсон хэрэгцээ, шаардлагын талаар судалж мэдэн сэтгэл зүй, нийгэм, физиологийн хэрэгцээг хангах тал дээр анхаарвал хүүхэдтэйгээ харилцахад илүү дөхөм болно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа