2022.01.21/: “Өвдөгний үеэр хатгуулллаа”, “Яс ургачихаад өвдөөд байна” гэж зовлон тоочих хүн өнөө цагт олон болжээ. Тэгвэл яг энэ сэдвээр буюу манай орны нөхцөлд түгээмэл тохиолдох болсон үе мөчний өвчний талаар бид “Алтан хүн” эмнэлгийн захирал, клиникийн профессор, зөвлөх эмч Баянбилэгтэй ярилцлаа.
Сүүлийн үед өвдгөөр хатгууллаа гэж ярих хүн олон болжээ. Ямар шалтгааны улмаас хүний өвдгөөр өвддөг юм бэ?
Өвдөгний өвчин ярихын тулд үе мөчний өвчинг ярих хэрэгтэй болно. Хүний нуруу, хүзүү, ташаа, түнх, мөр, тохой, гар сарвуу зэрэг биеийн хэсгүүдэд мөгөөрс заавал байдаг. Энэ мөгөөрсийг тэжээж байдаг шингэн нь байхгүй болсноор өвдөж эхлэхийг үе мөчний өвчин гэж байгаа юм. Үе мөчний өвчин хүндэсрнээр хөдөлмөрийн чадвараа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол ч амьдрал дээр нэг бус. Олон улсад үе мөчний 38 төрлийн өвчин бүртгэгдсэн байдаг. Манай улсын хувьд бруцеллёз өвчин нэмэгдэж тооцогддог. Манай оронд үе мөчний зургаагаас долоон төрлийн өвчин зонхилон тохиолддог.
Хуучин нийгмийн үеийн манай томоохон судлаач нар үе мөчний өвчлөлийн шалтгаан, тархалт зэргийг нэлээн ул суурьтай судалж үзсэн байдаг.
Судалгаагаар үе мөчний өвчнөөр өвдөж байгаа бага насны хүүхдүүдийн 70-80 хувь нь хоолойны ангенаас болдгийг тогтоосон.
Мөн шүдний өвчнөөс болж үе мөчний өвчтэй болох тохиолдол ч бий. Ангенийг багад нь эмчлээгүйгээс болж нас нэлээн явсны дараа буюу 30 гараад 40 хүрээд ирэхийн алдад үений шар ус буюу шингэнийг нөгөөх ангений вирусүүд нь очиж гэмтээдэг. Ингээд үе мөчний өвчин эхэлдэг гэж ойлгож болно. Тиймээс хүүхдийг бага залууд хоолойны ангени, шүдний болон амны хөндийн өвчнийг нь сайн эмчлүүлэх хэрэгтэй.
Ямар нэгэн байдлаар осол гэмтэлд орсны дараа үе мөчний өвчтэй болчихсон хүн олон байдаг шүү дээ?
Ер нь бол залуу хүн хүнд гэмтэл бэртэл авахаас ямагт болгоомжилж явах хэрэгтэй. Ялангуяа сүүлийн үед залуучууд фитнес, бодибилдинг хамаагүй буруу хийснээс болж гэмтэл авч, үе мөчний өвчтэй болж байна. Тиймээс заавал мэргэжлийн газарт нь хандаж, сайн багшийн удирдлага доор зөв хичээллэх хэрэгтэйг хэлье. Дэлхийн хүн амын 40-60 хувь нь ямар нэгэн үе мөчний өвчнөөр өвдсөн байдгийн цөөнгүй хувийг залуучууд эзэлж байгаа.
Үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх тулд бид өдөр тутмын амьдралдаа юуг хийх ёстой вэ?
Би түрүүн хэлснээ дахиад хэлье. Хамгийн нэн тэргүүнд хүүхдээ багаас нь амны хөндийн өвчин, шүдний өвчлөл, ангени зэргээс хол байлгамаар байна. Өөрөөр хэлбэл өвчнийг хаалгаараа орж ирэх боломж битгий олгооч. Нэгэнт хаалгаар ороод ирсэн өвчинтэй тэмцэх амаргүй. Харин хаалгаараа оруулахгүй байх тийм ч хэцүү биш. Хүүхдийнхээ шүдийг өглөө, оройд угаалгаж сургамаар байна. Сайн оогоор угаахаас гадна зориулалтын уусмал, ялангуяа орчин үед эмийн сан болгонд зардаг болсон тамедины уусмалаар зайлж бай. Ханиад томуу хүрсэн хүүхдийн амыг тэр тусмаа тамединаар зайлуулахад ер буруудахгүй. Монголд зарагдаж буй оонуудаас би пепсодент, колгэйт хоёрыг онцолмоор байна. Харин нэгэнт өвчинг хаалгаараа оруулаад өвдөөд эхэлчихсэн бол мэргэжлийн эмчид аль болох хурдан ханддаг байгаач ээ. Битгий цаг алдаач. Ангенийг багад нь эмчлэх хэрэгтэй. Шаардлагатай бол хоолойны махыг нь авах замаар эмчилнэ.
Үе мөчний өвчинг намдаадаг тарианууд сүүлийн үед орж ирдэг болж. Энэ хэр үр дүнтэй вэ?
Америк, Герман зэрэг орны эрдэмтдийн нарийн судалгаа шинжилгээний үндсэн дээр гаргаж авсан тариануудыг манай хувийн эмнэлгүүд хийдэг болсон. Улсын эмнэлгүүдэд ийм тариа тэр бүр байдаггүй. Манай эмнэлэг ч мөн адил ийм тариаг хийж байгаа. Шинжлэх ухаан бол шинжлэх ухаан шүү дээ. Нарийн судалгаа шинжилгээний үндсэн дээр гаргаж авсан тариа тус болно уу гэхээс муу болно гэж хэзээ ч байхгүй. Манай эмнэлэг дээр үе мөч нь өвдөөд бүр болохоо байгаад ирсэн хүн тэр тариаг чинь хоёроос гурван курс хийлгээд өвдөлт нь багасаад их сайхан болоод буцаж байх жишээтэй. Бүр алс холын Увсаас хүртэл хүрч ирээд ахин дахин хийлгэж байгаа хүн ч байна. Тиймээс тэр тариаг би хувьдаа дэмий гэж хэлэхгүй.
Үе мөчний өвчтэй зарим хүмүүс өвдөөд эхлэхээрээ судас нь дагаад бүдүүрээд гараад ирдэг. Энэ ямар учиртай юм бэ?
Үе мөчний өвчин гэдэг чинь үений мөгөөрс, шар ус, үений аппаратыг нь хөнөөдөг өвчин. Тиймээс судсанд ч бас ачаалал өгөх тохиолдол байдаг. Давхацмал хэлбэрийн өвчин яваад байна гэсэн үг л дээ. Энд дахиад тариа ярих хэрэгтэй болно.
Нэгдүгээр шатны эмчилгээнд үений тариа хийдэг. Энэ тариаг хийсэн эхний арав хоногт л хөдөлгөөн засраад аятайхан болоод ирэх ёстой. Хойноос нь үений шингэн шар ус гэдэг тариаг хийдэг. Хоёрдугаар шатны эмчилгээ гэсэн үг. Ингэснээр хөдөлгөөн бүр чөлөөтэй болж ирдэг. Харин гурав дахь шат нь манай өвчтөнүүдийн хамгийн ихээр хийлгэхийг зорьдог, хүсдэг тариа. Монголоор шилэн хөгжлийн натри буюу цэлцэгнүүр гэдэг тариа. Энэ тариаг хийлгэснээр яг л амортизаторгүй машинд аморзи тавьчихсан мэт болж ирэх ёстой. Зовиур шаналгаагүй болно гэсэн үг л дээ. Өөр нэг арга бол эхэсийн бэлдмэл хэмээх Японы эрдэмтдийн гарган авсан хамгийн сүүлийн үеийн ололт амжилт байна.
Эхэсийн бэлдмэл буюу PRP гэдгийг хийлгэснээр тухайн эрхтэнийг буцаагаад цоо шинээр ургуулж, төлжүүлдэг гэж ойлгож болно. Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт юм. Хүний эхэсийг аваад буцаагаад тэр хүнд нь тариад өгчихөж байгаа хэрэг.
Таныг яг энэ чиглэлээрээ төрийн шагнал “Алтан гадас” авсан гэж сонссон?
Тийм ээ. Хүний үений системийг яаж нөхөх үү гэдэг асуудлаар би болон манай эмнэлгийн хамт олон сүүлийн 20 жил ажилласан. Үүгээрээ ч төрийн зохих шагнал авсан.
Хүний үений шар ус яагаад алга болдог юм бэ?
Үений шар ус буюу үений шингэний тусламжтайгаар хүний мөгөөрс хаашаа ч ямар ч хэлбэрийн хөдөлгөөн хийсэн чөлөөтэй хөдөлж, нугарч байх ёстой. Гэтэл тэр шар ус нь алга болсноор хүний яс чинь хоорондоо хавираад холгоод эхэлж байгаа хэрэг. Улмаар шар ус байхгүй болсноор оронд нь илүү яс ургаж эхэлдэг. Харин үений шар ус яагаад алга болдог вэ гэвэл ерөөсөө үрэвслээс болдог. Миний хэлээд байгаа ангени чинь нэг төрлийн үрэвсэл гэсэн үг шүү дээ.
Хиймэл үе тавиулах сонирхолтой хүмүүс олон болжээ. Гэтэл та үүнийг монгол хүнд тохирохгүй гэж үздэг байх аа?
Гарцаагүй тавихаас өөр аргагүй бол тавьж болно л доо. Миний хэлээд байгаа гурван тариаг систем дараалалтай хийлгээд нэмэр болохгүй байгаа хүнд хиймэл үе буюу хиймэл хөл тавьж болно. Гэхдээ энэ хиймэл үе чинь Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд төдийлөн тохиромжтой биш гэдэг нь батлагдсан.
Хүний үений шар ус үрэвсэхгүй бол өөрөө байж л байдаг гэж ойлгож болох уу?
Тэгж ойлгож болно. Үений аппарат гэдэг чинь үенийхээ хооронд жийргэвчтэй. Гадна талдаа мөгөөрстэй, мөгөөрсний гадна талд булчирхайтай байдаг юм. Булчирхай үрэвсээгүй тохиолдолд үенийхээ шар усыг үений хөндий рүүгээ оруулж байдаг юм. Булчирхай үрэвссэнээр шар усаа чөлөөтэй хөндий рүүгээ оруулахаа больж эхэлнэ л гэсэн үг.
Үений шар усаа үрэвсүүлэхгүйн тулд хоол хүнсэндээ хэрхэн анхаарах ёстой вэ?
Өөрийгөө үе мөчний өвчтэй болж гэдгээ эхний шинж тэмдгээр нь анхаарч мэдсэн бол тараг, айраг, шар айраг, гаазтай ундаа зэрэг исгэлэн зүйлсээс шууд татгалзах хэрэгтэй. Энд би кофег бас онцолж хэлмээр байна. Шууд татгалз.
Зарим хүн монгол хүн цагаан идээгээ идэхгүй байх юм уу гэж уурладаг. Тийм биш ээ. Цагаан идээ ч бас дотроо тохирох өвчин, тохирохгүй өвчин гэж байна. Өөр нэг зүйл бол жингээ байнга барьж байх хэрэгтэй. Таргалалт үе мөчинд хэзээ ч сайн зүйл болдоггүй юм шүү. Залуудаа их ачаалал авдаг байсан тамирчин хүмүүс нас өндөр гараад спортоо орхичихоор амархан таргалдаг талтай. Тиймээс тэтгэвэртээ гарсан ч гэсэн өөртөө тохирох спортын хөдөлгөөнөө хийдэг байхад буруудахгүй.
Би энд нэг зүйлийг хэлмээр байна. Манай монголчууд барууныхан шиг хувийн эмч, гэр бүлийн эмчтэй байж сураагүй. Тиймээс би хүн гэр бүлдээ, бас өөртөө хувьчилж байнга үзүүлдэг нэг эмчтэй байх нь тун зөв шүү гэдгийг хэлье.
Тарианы талаар дэлгэрүүлж асуумаар байна. Монголд хэр олон эмнэлэгт таны хэлсэн америк, германы тариаг хийж байгаа вэ. Үнэ өртөг нь ямар байдаг юм бол?
Үений зориулалтын тариаг хийхийн тулд манай улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэлтэй, баталгаатай тариа, эмнэлэг хоёрыг сонгох хэрэгтэй. Манай эмнэлгийн хувьд албан ёсны зөвшөөрөлтэй, баталгаатай тариаг германаас авчирж хийдэг. Хүмүүс энэ тариа чинь хэдэн жилийн баталгаатай юм гэж асуудаг. Би хариуд нь та хэр олон жил ямар байдлаар өвдсөн юм бэ. Тариагаа хийлгэхээс гадна миний өгөх зөвлөгөөг цаашдын амьдралдаа байнгын дэглэм болгож чадах уу гэж асуудаг. Ганц тарианаас биш миний хэлээд байгаа дэглэм, тур дундаа идэж уухаас чинь их зүйл шалтгаалдаг юм.
Өвчин намдаах олон төрлийн тос дэлгэрч байна. Энэ талаар юу хэлэх вэ?
Монгол хүн энэ нэг сэтгэлгээнээсээ салах ёстой. Монгол ардын үлгэрт нэг сохор охин байж гэнэ ээ. Тэр охины баруун гарт заяаных нь хань хүрэнгүүт хараа орж гэнэ ээ гэж гардаг. Гэтэл бодит амьдрал дээр өвчнийг нэг хүнээс, эсвэл нэг ламаас ямар нэгэн юм олж хэрэглээд тэр дор нь эдгээчихнэ гэж байдаггүй. Өвчин үүснэ гэдэг чинь өөрөө систем. Түүнийг эмчлэх арга чинь бас л систем. Өвчин үүснэ гэдэг чинь өөрөө түүх. Тэр түүхийг эмчилдэг арга чинь өөрөө түүх буюу шинжлэх ухаан. Системтэй, дараалалтай. Анагаах ухааны ололт амжилтыг л ашиглаж тэр өвчнийг эмчилнэ шүү дээ.