МИНИЙ ТУРШЛАГА №12: Таван минут хүрэхгүй хугацаанд хүний амь аврав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИНИЙ ТУРШЛАГА №12: Таван минут хүрэхгүй хугацаанд хүний амь аврав

/2022.01.21/

Хүн гэнэт л хийж үзээгүй зүйлээ сонирхож, зориглоод үзмээр санагддаг даа. Нэг л өдөр гэнэт цусаа бэлэглэж үзмээр санагдаад, далимд нь цусны бүлгээ ч мэдээд авчихмаар боллоо.

Нэг хүний хандивласан 350-400 мл цус гурван хүний амь аврах боломжтой юм.

Энэ талаар судалж "Цус сэлбэлт судлалын үндэсний төв"-ийн автомат хариулагч болох 7011-2857 утсаар цус өгөхийн өмнө анхаарах зүйлсийг мэдэж авлаа.

Цус бэлэглэх нь амралтын өдөр боломжгүй тул ажлын өдөр 08:30-13:40 цагийн хооронд очоод өгдөг юм байна.

ЦУСАА ХААНА ӨГӨХ ВЭ?

Улаанбаатар хотын:

  • Нэгдүгээр эмнэлгийн хажууд Сүхбаатар дүүргийн цусны төв
  • Хоёрдугаар эмнэлгийн зүүн талд Баянзүрх дүүргийн цусны төв
  • Дүнжингарав худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвд хандана. Бидний хувьд нэгдүгээр эмнэлгийн хажууд байдаг цусны төвд очсон. Олоход андашгүй цусны дусал, донор "дорго"-ны тэмдэглэгээ ил харагддаг юм билээ.
  • Хэрвээ орон нутагт байгаа бол тухайн аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны төвд хандах юм.

ХЭН ЦУСАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ ВЭ

  • 17-60 насны
  • 45 килограммаас дээш жинтэй
  • Эрүүл хүн цусны донор болох юм. Хэрвээ анх удаа цусаа өгч байгаа бол "Шинэ донор" хоёроос дээш удаа өгч байгаа бол "Байнгын донор" болно.
  • Эмэгтэй хүн гурван сар тутамд нэг удаа, эрэгтэй хүн бол хоёр сар тутам нэг удаа өгч болох юм.

ХЭН ЦУСАА ӨГӨХ БОЛОМЖГҮЙ ВЭ

  • Элэгний В, С вирусээр оношлогдсон бол
  • ХДХВ/ДОХ оношлогдсон бол
  • Сүрьеэ өвчнөөр өвдөж байсан бол
  • Мансуурах бодис хэрэглэдэг бол
  • Ямар нэгэн өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг бол
  • Эрсдэл бүхий зан үйлтэй бол цусаа бэлэглэх боломжгүй юм.

ЦУСАА БЭЛЭГЛЭХИЙН ӨМНӨ ЮУГ АНХААРАХ ВЭ

  • Өмнөх өдөр нь зургаан цагаас дээш хугацаагаар унтаж амарсан байх
  • Ердийн үед уудаг шингэн зүйлээсээ илүү ихийг уух
  • Согтууруулах ундаа гурав хоног хэрэглээгүй байх
  • Өнгөтэй ундаа, жүүс, сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх
  • Өөх, тос ихтэй хоол идээгүй байх
  • Эм, тариа /дархлаажуулалтын нэмэлт тун мөн хамаарна/ 10-14 хоног хэрэглээгүй байх.

Анх удаа цусаа өгч байгаа хүмүүс өөрийнхөө мэдээллийг өгнө. Энэ нь хоёр хуудас мэдээлэл байна. Өөрийгөө бүртгүүлсний дараа эмч эрүүл мэндийн байдлыг тань шинжин боломжтой эсэхийг тодорхойлох юм. Цусны бүлгээ тодорхойлуулж, цусны даралтаа мөн шалгуулж тэнцсэн тохиолдолд 350-400 мл цусаа өгөх боломжтой болох санж. Миний хувьд цусны даралт бага байсан тул өгөх боломжгүй гэх хариу гарч, бүртгэлийн мэдээллийг маань шууд л хогийн саванд хийх нь тэр.

Цусны даралтны дундаж хэмжээ нь 90 bpm байдаг гэв. Үүнийг хэвийн байлгахын тулд шингэн зүйл сайн уух хэрэгтэй гэж эмч зөвлөлөө.

Хамт явсан найз минь гурван хүний амь аврах боломжтой болжээ. Таван минут хүрэхгүй хугацаанд цус цуглуулж байгаа уут нь түнтийв. Хүний амь аврах чинь таван минут хүрэхгүй хугацаанд болчихдог юм байна. Бүдүүн зүү гартаа зоолгосон байсныг эмч аваад тэр хэсэгт ариутгасан хөвөн тавьж, бентээр ороогоод гурван цагийн дараа авах зөвлөмж өглөө.

Цусаа өгсөн найзынхаа сэтгэгдлийг сонсоход, толгой эргэсэн шинж байхгүй. Халуун цай уугаад 15 орчим минутын дараа хувцасаа өмсөөд гарлаа. Сүхбаатар дүүргийн цусны төв дээр тийм ч олон хүн цуглараагүй, сэлүүхэн байлаа. Эхний хүн цусаа өгчхөөд хувцасаа өмсөөд гарахад дараагийн хүн мэдээллээ бөглөж байх жишээний.

Залуус болзохдоо кино үзэх, хоол идэх зэрэг нийтлэг үйлдэл хийдэг бол хамтдаа очоод цусаа бэлэглэх нь сонирхолтой болзоо болох болов уу? Зэрэгцэж сууж байгаад цусны дутагдалд орсон хүмүүст тус болж байна гэж бодох нь цаанаа л сэтгэлд өег юм билээ.

Бид хоёул хамгийн ховор бүлгийн цустай /АВ/ байжээ. Манай улсын хүн амын дундх цусны бүлгийн хэмжээний талаар сонирхолтой тоон үзүүлэлт байдаг аж. Тодруулбал нийт хүн амын:

  • 0 буюу нэгдүгээр бүлгийн цустай хүн: 40 хувь
  • А буюу хоёрдугаар бүлгийн цустай хүн: 22 хувь
  • В буюу гуравдугаар бүлгийн цустай хүн: 31 хувь
  • АВ буюу дөрөвдүгээр бүлгийн цустай хүн: 7 хувийг эзэлдэг байна. Үзлэгийн эмчээс тодруулахад:

- "Хэрэггүй цус гэж байхгүй. Донорын өгсөн цусыг зориулалтын байрлуулах газар хүртэл тээвэрлээд, дараа нь түүнд шинжилгээ хийснээр олон төрлийн бүтээгдэхүүн болгодог. Зарим төрлийн бүтээгдэхүүнийг богино хугацаанд хадгалах заалттай байдаг бол, заримыг нь таван жил хүртэлх хугацаанд ч хадгалж болдог. Тухайн цусан бүтээгдэхүүнийг цусны бүлгийг дахин тодорхойлсноор шаардлагатай хүндээ хүрдэг" гэв.

Хэрвээ уншигч таны бие эрүүл саруул, дээрх шаардлагыг хангаж байгаа бол мэдээллээ бүртгүүлэх, цусаа өгөх, 15 минут хүлээж суух гээд нэг цаг ч хүрэхгүй бага хугацаанд баатар болох боломж байгааг сануулъя.

Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ
Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ
 
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.