Метаверс бүтээх өрсөлдөөний улмаас Майкрософт ажилтнуудаа алдсаар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Метаверс бүтээх өрсөлдөөний улмаас Майкрософт ажилтнуудаа алдсаар байна

Microsoft Компани нь AR технологийн анхдагчдын нэг бөгөөд тэдний хөгжүүлсэн Hololens төхөөрөмж нь энэ төрөлдөө хамгийн дэвшилтэт технологид тоооцоггдог.Caption

/2022.01.17/: Метаверс орчныг хөгжүүлэх мэдлэг чадвартай ажилтнуудаар багаа зузаатгах өрсөлдөөн ширүүссэн нь Microsoft корпораци өнгөрсөн жил augmented-reality (AR) технологийн багийн ажилтнуудаа бусад компанид алдахад хүргэжээ.

Тэдний ихэнх нь Мета Платформс буюу бидний сайн мэдэх Фэйсбүүк компани руу “урвасан” талаар Microsoft-д ажиллаж байсан нэгэн ам алджээ.

Microsoft-ын хуучин ажилтнуудын яриагаар бол тус компаний AR технологийн баг нь 1500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд өрсөлдөгч компаниуд нь тэдний HoloLens AR нүдний шилний технологи хөгжүүлэлт дээр ажиллагсдыг цалинг нь хоёр дахин өндөр амлаад ч хамаагүй ажлыг нь солиулж дөнгөж байгаа аж.

Тэдний LinkedIn хаягийг харахад HoloLens багийн гишүүдээс лавтайяа 70 хүн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Microsoft-оос гарсан гэж бичсэн байх бөгөөд тэдний 40 гаруй нь AR технологийн чиглэлд ихээхэн хүч хөрөнгө хаяж буй Мета компанид ажилд орцгоожээ.

Шилжин ажиллагсдын дунд тус багийг урт хугацаанд ахалж ажилласан хүмүүс ч байгаа юм. Тухайлбал, HoloLens-тэй холбоотой хэрэглэгчдийн санал хүсэлт хүлээн авах ажлыг хариуцаж байсан Charlie Han өнгөрсөн зун Мета руу “урвасан” бол HoloLens-ийн дэлгэцийн багт ажиллаж байсан Josh Miller мөн шинэ оны өмнөхөн Мета-гийн дэлгэц хариуцсан албаны дарга болсон байна. Тэднээс энэ шилжилтийнх нь талаар ярилцлага авах гэсэн сэтгүүлчийн хүсэлтэнд аль аль нь одоогоор хариу өгөөгүй байгаа ажээ.

Харин Microsoft компанийн хэвлэлийн төлөөлөгчийн зүгээс тус компани олон жилийн турш энэхүү метаверс технологи хөгжүүлэлтийг түүчээлэн ажиллаж байгааг дурдаад, AR төхөөрөмжийг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, илүү чадалтай, илүү хямд, мөн олон төрөл хэлбэртэйгээр гаргах ажилдаа шамдсаар байгаа талаар мэдээлэл өгчээ.

Microsoft HoloLens 2 | Mixed reality is ready for business

HoloLens багийн ажилтнуудын шилжилт хөдөлгөөний талаар тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд ерөнхийдөө бол аль ч технологийн компанид боловсон хүчний тогтвортой байдал нь томоохон сорилт болоод байгаа талаар, мөн Microsoft компани аль болох ажилчдаа тогтвортой ажиллуулах, шаардлагатай болж шинээр ажилтан авч, орлуулахад анхаарч байгааг дурдсан байна.

Харин “хэргийн эзэн” болох Мета компани энэ талаар одоог хүртэл ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа билээ.

Технологийн топ компаниуд нэгнийхээ ажилтныг урвуулж авах, жижиг компаниудын ажилтнуудад өндөр цалин хөлс амлаж, ажилд урьдаг явдал байсаар ирсэн. Харин энэ удаагийн Мета компани руу хийж буй шилжилтүүдийн хурд болон далайцаас харахад Мета компани AR технологийн хувьд маш хурдтай өсөж, томрох хүсэлтэй байгааг харуулж байна. Мэдээж ийнхүү өрсөлдөөн ширүүссэнээр хөдөлмөрийн зах зээл дээрх AR хөгжүүлэгчдийн үнэлгээг хөөрөгдөж, улмаар жижиг компаниуд өрсөлдөхөд ярвигтай болгож байна хэмээн ажлын байранд AR нэвтрүүлэх үйлчилгээ үзүүлдэг Mira Labs Inc компанийн захирал Matt Stern ярив.

Фэйсбүүк компани нэрээ Мета болгон өөрчлөхдөө метаверс руу чиглэсэн компани болж байгаагаа зарласан билээ.Caption

Өнгөрсөн оны аравдугаар сард Фэйсбүүк компани нэрээ Мета болгон өөрчилж, метаверс орчин руу илүү их анхаарч, шинэ технологи хөгжүүлэлтийн багуудад их хэмжээний хөрөнгө оруулах шаардлага үүссэний улмаас тус компанийн 2021 оны үйл ажиллагааны ашиг 10 тэрбум ам.доллараар бууруулж байгаа талаар мэдэгдсэн. Компанийн төлөвлөгөөгөөр метаверс технологи хөгжүүлэх ажилтнуудын тоо улам нэмэгдсээр байх ба ирэх 5 жилийн дотор Европ тивд л гэхэд 10 000 шинэ ажилтан авах төлөвтэй байгаа ажээ.

Мета компанийн энэхүү шинэ тэлэлтээс болоод ажилтнуудаа алдаад байгаа компаниуд дан ганц Microsoft-оор тогтохгүй бөгөөд Microsoft-оос Мета руу шилжин орсон хүмүүсийн яриагаар бол Apple компаниас ч технологийн ажилтнууд гарч, Мета руу ирсээр байгаа юм байна. Тэдний LinkedIn профайл ч энэ хөдөлгөөнийг баталж байгаа юм. Bloomberg ч мөн энэ талаар мэдээлж байсан бөгөөд манай сэтгүүлчийн энэ талаарх асуултанд Apple компани мөн л ямар нэгэн байдлаар хариу өгөхөөс татгалзжээ.

Мета компанийг ийнхүү олон тооны ажилтан урвуулж авахад хүргэсэн метаверс орчин гэгч нь одоогоор хөгжүүлэлтийн шатандаа явсаар байгаа технологийн нэгэн шинэ дэвшил бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар метаверс орчинд хүмүүс ажиллаж, тоглоом тоглож, суралцаж, тэр ч бүү хэл дэлгүүр хэсэх боломжтой болох ажээ. Тиймээс энэхүү цахим шинэ ертөнцийн тулгуур багана болсон AR, VR төхөөрөмжүүдийн хөгжүүлэлтэнд Microsoft, Apple, Meta зэрэг технологийн аваргууд олон тэрбум доллар зарцуулж, хүн хүч хуваарилж байгаа юм.

Facebook Builds New Team For Its VR Business, Metaverse

VR буюу виртуаль бодит байдлын төхөөрөмжүүд хэрэглэгчдийг виртуаль ертөнцөд илүү гүн автуулах шидтэй бөгөөд, виртуаль орчинд тоглоом тоглохын тулд хэрэглэгч гадна орчноос өөрийгөө тусгаарласан тусгай төхөөрөмжийг толгойдоо зүүдэг онцлогтой юм. Тэгвэл Мета компанийн Oculus нь 2021 онд энэхүү төхөөрөмжийн зах зээлийн 75 хувийг дангаар эзэлж байгаа талаар International Data Corp судалгааны компанийн тайланд дурдагдсан байна. 2021 онд нийтдээ 9,4 сая ширхэг VR төхөөрөмж зарагдсан нь энэ жил буюу 2022 оны эцэс гэхэд 13,6 сая ширхэг болж өсөх төлөвтэй байгаа судалгааны дүнг тус компани гаргасан юм.

Харин Augmented Reality буюу AR технологийн хувь хэрэглэгчийн харж буй бодит орчин дээр цахим контент, тухайлбал, 3 хэмжээст дүрс, визуаль контентийг давхарлаж харуулах технологи гэж энгийнээр тайлбарлаж болох юм. Технологийн салбарын зарим мэргэжилтнүүд уг технологийг VR-аас ч илүү хөгжих боломжтой гэж үздэг боловч хөгжүүлэлтийн хувьд VR-тай харьцуулахад илүү ярвигтай технологи билээ. Өнгөрсөн онд AR төхөөрөмж нийтдээ 325 000 ширхэг л зарагдсан ба энэ онд 1,35 сая болж өсөх магадлалтай талаар дээрх IDC компанийн судалгаанд дурдагдсан байна.

Технологийн томоохон компани бүр өөр өөрийн ухаалаг нүдний шил бүтээж, энгийн нүдний шилний хэмжээтэй төхөөрөмжид AR боломжийг нэгтгэхээр төлөвлөж байгаа нь AR болон VR технологи хөгжүүлэгчид, инженерүүдийн эрэлтийг ихэсгэж, үүнийг дагаад тэдний дундаж цалинг ч үлэмж хэмжээгээр өсгөжээ. Ажлын байрны зарууд дунд ч метаверстэй холбоотой ажлын байрууд маш олноор зарлагдаж байгаагийн жишээ нь хөдөлмөрийн зуучлалын Indeed вэбсайтад нийтлэгдэж буй энэхүү шинэ технологитой холбоотой ажлын байрууд нэг жилийн өмнөхөөсөө даруй 10 дахин нэмэгдээд байгаагаас харж болохоор байна.

Угтаа бол Microsoft компани нь AR технологийн анхдагчдын нэг яах аргагүй мөн. HoloLens төхөөрөмжийг анх 5 жилийн өмнө танилцуулж байсан бол өдгөө HoloLens нь хамгийн дэвшилтэт AR төхөөрөмж болоод байгаа юм. Microsoft компани ерөнхийдөө бизнес, үйлдвэрлэлийн зориулалтаар төхөөрөмжөө түлхүү хөгжүүлж байсан бол сүүлийн үед илүү хөнгөн, илүү хямд үнэтэй болгох замаар энгийн хэрэглэгчдийн зах зээл рүү тэмүүлж байгаа талаар тэдний хуучин ажилтнууд ярьж байна. Гэхдээ хэрэглэгчийн зах зээлд зориулсан тус төхөөрөмж нийтийн хэрэглээнд зориулж гарахад хараахан бэлэн биш байгаа ажээ.

Meta 2' AR Glasses Available to Pre-order, 1440p with 90 Degree FOV for  $949 – Road to VR

Мета компани ч мөн AR технологийн багаа өргөтгөх, хүн нэмж ажилд авах дээр шуурхай анхаарч ажиллаж байгаа юм. Өнгөрсөн оны есдүгээр сард тэд Ray-Ban нүдний шилний үйлдвэрлэгч EssilorLuxottica SA компанитай хамтран, ухаалаг нүдний шилээ танилцуулсан ч энэ төхөөрөмж нь одоогоор зураг авах, богино бичлэг хийх зэрэг энгийн үйлдлүүдээр хязгаарлагдсан функцтэй байна.

Ерөнхийдөө бол Microsoft Компани AR технологийн тал дээр бусдаас урд алхаж яваагаас болоод тэдний ажилтнууд өрсөлдөгчдийнх нь бай болоод байна. Өөр аль нэг компани цоо шинэ AR төхөөрөмж гаргах хүртэл Microsoft энэ салбарын тэргүүлэгч байсаар л байх шинжтэй гэж IDC компанийн судалгааны менежер Jitesh Ubrani дүгнэж байна.

Microsoft компанийн ерөнхий захирал Satya Nadella 2015 онд анхны HoloLens шилийг танилцуулж байсан ба тус төхөөрөмжийг тоглоом болон энтертайнментийн платформуудад холбохын оронд ажлын байрны бүтээлч хэрэгсэл маягаар бизнесүүдэд зориулан хөгжүүлэхийг илүүд үзсэн юм. Компани AR технологи хөгжүүлэлтэд олон тэрбум ам.доллар зарцуулсан ч нэг бүр нь 3500 ам.долларын үнэтэй тус төхөөрөмж нь хэрэглэгчдийн зах зээлд одоо болтол сайн нэвтрээгүй л байна.

Судалгааны IDC компанийн тооцооллоор Microsoft компани анх нээлт хийснээс хойш одоог хүртэл нийтдээ 200-250 мянган ширхэг HoloLens борлуулсан гэж үзэж байгаа юм. Компанийн зарим удирдлагууд энэхүү төслийн санхүүжилтийг танахаар ярилцаж байсан ч HoloLens-ийн багийнхан батлан хамгаалахын салбарын томоохон тендерт ялснаар удирдлагуудын байр суурь зөөлөрсөн гэлцдэг.

Өнгөрсөн жилийн 3-р сард Microsoft компани АНУ-ын Армид AR төхөөрөмж нийлүүлэх тендерт ялсан бөгөөд арми энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар тулааны талбарт цэргүүд утаан дунд болон бусад хүндрэлтэй нөхцөл байдалд зүг чигээ зөв олоход туслах зорилготой юм. Компаний өгсөн мэдээллээр бол тус гэрээ нь 10 жилийн хугацаатай, 20 гаруй тэрбум ам.долларын өртөгтэй ажээ.

Гэвч тус тендерт ялснаасаа хойш Microsoft компани шинээр нэмэгдсэн ажлыг гүйцэтгүүлэх инженер, хөгжүүлэгчид ажилд аваагүй нь ажилтнуудыг гайхашруулж, Microsoft компани уг технологийг хөгжүүлэх чин хүсэлтэй байгаа эсэхэд эргэлзэж эхэлсэн байх магадлалтай, тиймдээ ч бусад өрсөлдөгч нараас нь ирсэн ажлын саналыг зөвшөөрөхөд хүргэсэн байх гэж тус компанид ажиллаж байсан инженер, ажилтанууд ярьж байна.

Үнэн хэрэгтээ армийн захиалгаар хөгжүүлэх төхөөрөмж нь техникийн талын зарим бэрхшээлүүдтэй тулгараад байгаа талаар мөн хуучин ажилтнууд ярьсан юм. Жишээ нь, HoloLens төхөөрөмж дээр өндөр нягтралтай, шөнийн дурангийн үйлдэл нэмэх нь маш ярвигтай ажил болж таарчээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд олон ажилтнаа алдсан нь нөхцөл байдлыг улам ч ээдрээтэй болгож байгаа талаар тэд мөн дурдсан юм.

Гэвч Microsoft компани одоо ч AR технологийн алба нь хүчтэй бүрэлдэхүүнтэй хэвээрээ байгаа ба төслийн явц ахицтай байгаа талаар албан ёсоор мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: WSJ

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.