Эрээнд саатсан барааг сарын хугацаанд татаж дуусгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрээнд саатсан барааг сарын хугацаанд татаж дуусгана

2021.07.30

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Гаалийн шинэчлэл"-ийн хүрээнд хилийн Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.

Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явцыг шалгалаа. Төслийн хүрээнд нийт 33.7 га талбайд зорчигч, тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 30, ачаа тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 28 барилга байгууламж болон дэд бүтэц, хүнд даацын 1,4 км авто замын ажлууд хийгдэхээс гадна инженерийн шугам сүлжээ төвийн шугамд бүрэн холбогдох юм. Боомтыг өргөтгөж шинэчилснээр өдөрт дунджаар 4000 суудлын автомашин, 500 гаруй том оврын ачаа тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэнэ. Ингэснээр зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин, ачаа тээврийн хүчин чадал 3 дахин нэмэгдэх юм.

2019 оны 09 сард эхэлсэн барилгын ажил өдгөө 41%-ийн гүйцэтгэлтэй байгаа ба Ковид-ын нөлөөтэй олон шалтгааны улмаас төлөвлөгөөт хугацаанаас 21%-иар хоцорч байгаа аж. Тухайлбал, Хил хаалттайн улмаас барилгын материалын нөөц хангамж тасалдсаны зэрэгцээ боловсон хүчний асуудал үүсжээ. Улсын Засгийн газрын 2020 оны 168 дугаар тогтоолоор тус төслийн гадаадын ажиллах хүч 510 байхаар шийдвэрлэсэн ч, одоогоор төслийн талбай дээр 89 хятад ажилтан, 40 гаруй монгол ажилтан ажиллаж байна.

Төлөвлөгөө ёсоор Замын-Үүдийн Боомтын өргөтгөл 2022 онд ашиглалтад орох боловч хугацаандаа амжихгүй тул гэрээг сунгах саналтай байгаагаа илэрхийлэхэд Шадар сайд боломжгүй гээд ачаа тээврийн хэсгийг 10 дугаар сард, зорчигч тээврийн хэсгийг 12 дугаар сард ашиглалтад өгөх бэлтгэлээ ханган шахаж ажиллахыг даалгалаа.

Мөн Эрээнд саатсан 3172 тээврийн хэрэгсэл ачаа барааг 1 сарын хугацаанд татан авна.

Замын-Үүд хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарч эхэлжээ.

Тухайлбал, долдугаар сарын 1-ний байдлаар Замын-Үүдийн чөлөөт бүсийн гадна, дотор талд 2600 гаруй тээврийн хэрэгслийн дараалал үүсээд байсныг бууруулж, өдгөө чөлөөт бүсийн дотор 237, чөлөөт бүсийн хашаанд 1250 тээврийн хэрэгсэл байгаа аж.

Эрээний хил дээр хүлээгдэж буй 3172 ачаа тээврийн хэрэгслийг шуурхай татан авахын тулд өдөрт нэвтрэх авто тээвэр болон төмөр замын тээврийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хөх хотын болон Эрээний төмөр замын байгууллагатай Монгол Улсын Засгийн газар, УБТЗ удаа дараагийн хэлэлцээр хийсний үр дүнд өргөн царигийн 3 дахь замыг өнөөдрөөс нээж эхэлсэн бөгөөд ингэснээр өдөрт нэвтрүүлж буй 50 вагон ачааг 2 дахин нэмэгдүүлэх боломж бүрдлээ.

Ийн өдөрт тогтмол 100-120 автомашин, 100 вагон ачаа тээврийг нэвтрүүлдэг болсноор Эрээний хил дээр гацаад буй бараа бүтээгдэхүүнийг нэг сарын хугацаанд багтааж татан авах тооцоолол байна.

Замын-Үүдийн боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэх,мөн үнийн хөөрөгдлийг цэгцлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд Шадар сайд даалгалаа.

“Хэдхэн компанид давуу эрх олгож, дур зоргоороо үнэ тогтоодог жолооч нарыг хараад суугаад байлгүй шаардлагатай тохиолдолд төр оролцож, жолооч болон тээврийн хэрэгслүүд гаргаж ачаа тээврээ татан авах болно” хэмээн онцолсон юм.

Эх сурвалж: Монгол Улсын шадар сайдын мэдэгдэл

Даац хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсоор байх уу
Даац хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсоор байх уу
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.