Монгол Улсын бүрэн эрхт байдлаар эхэлдэг Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг нь “Хүний эрх, эрх чөлөө” хэмээдэг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ч хөнддөггүй энэ бүлгийн талаар Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.
-Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэдэг. Ер нь Үндсэн хуулийн гол санааг та товчхон хэлж өгөөч?
-1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш 30 жил болж байна. Юуны өмнө Монгол Улсын Ардчилсан анхны хууль гэдгээрээ онцлог.
Үндсэн хуулиараа бид юун түрүүнд Тусгаар улс гэдгээ баталгаажуулдаг. Дэлхий нийт, олон улсын сайн туршлага хандлагыг хүлээн авч, харилцан суралцана гэдэг үзэл баримтлал байдаг. Тэгээд хамгийн гол нь хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулна гэдгийг Үндсэн хуульдаа суулгаж өгсөн. Ингээд үндэснийхээ уламжлал, өв соёлын сайн талыг хадгалж, хөгжих ёстой. Хамгийн сүүлд нь иргэний хүмүүнлэг ардчилсан нийгмийн цогцлуулан бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гэдэг дээр багцалдаг. Ийм учир Үндсэн хуулиасаа бид гол зорилгоо харж болно.
Монгол маягийн мөрөөдөл гэж юу вэ, биднийг юу хамтатгадаг вэ гэдэг асуултад Үндсэн хуулийн оршилд хариулчихсан байдаг. Тэр нь бид хамтдаа иргэний, ардчилсан нийгэм байгуулмаар байна гээд маш тодорхой заачихсан. Эдгээрийг бид хамтын зорилго, луужингаа болгон харж байх учиртай.
-Одоо Үндсэн хууль батлагдсанаас хойш 30 жил өнгөрчээ. Тэгвэл энэ хугацаанд Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөөг хангах гэдэг хоёрдугаар бүлгийг манай улс, эрх баригчид хэр хангаж ирснийг тодорхойлвол?
-Одоо бид гучин жилээ эргэн харах ёстой. Гучин жилийн хугацаанд Үндсэн хуульд хоёр л удаа өөрчлөлт оруулсан. Нэг нь, 2001 онд 7 өөрчлөлт оруулсан бол 2019 онд нэмэлт өөрчлөлт хийжээ. Гэвч 2-р бүлэгт засвар оруулдаггүй, тогтвортой байдаг.
Хэрэгжилт ямар байгааг 30 жилийн дараа дүгнэхэд үнэхээр сайн тал байна. Бусад хуулиудыг батлахдаа Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд суурилж байна. Эхний 10 жилд иргэний оролцоог багтаасан хууль 15, дараагийн 10 жилд 25 хууль сүүлийн үед 125 хууль болсон байна. Хүний эрх эрх чөлөөтэй шууд хамаатай 78 хууль байдаг. Ингээд үзэхээр Үндсэн хууль суурь нь учир “яс, үс, шөрмөс” нь буюу бэхжүүлэх ёстой тэр бүтэц нь салбар хуулиуд байдаг. Тэгээд энэ салбар хуулиудаараа суулгаж яваа нь сайн тал мөн.
Олон улсын түвшинд хаана явна вэ гэхээр Шударга ёсны индексээр улс төрийн болон иргэний эрх, эрх чөлөө дундаж хэмжээнд байна гэж харж болно.
Иргэдийн эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх эрх чөлөө нь 2021 оны байдлаар дэлхийн улс орнуудтай харьцуулахад яг дундаж байна. Мөн ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хөдөлмөрлөх эрх дунд хавьд байдаг. Харин дунджаас доош үзүүлэлттэй байгаа эрхүүд гэхээр иргэний халдашгүй байх, хянан шийдвэрлэх ажиллагааны шударга байдал зэрэг нь багтаж байна.
-Анхаарах асуудал нь юу вэ?
-Үндсэн хуулиар үндсэн зургаан зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Хүний эрхийн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд зарим хязгаарлалт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Харин хязгаарлалт шаардахгүй дөрвөн эрхийг нэрлэсэн. Энэ нь хүн амьд явах, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эрүү шүүлтээс ангид байх эрхүүд юм.
Үндсэн хуульд заасан бусад бүх эрхийг хязгаарлаж болно. Харин хязгаарлахдаа баримтлах зарчмаа тогтоогүй, хэвшээгүй байна. Юун түрүүнд, хуулиар заавал заана гэх зарчим.
Хуульд заагаагүй бол төрийн байгууллага, албан тушаалтан дураараа үндэслэлгүйгээр эрхийг хязгаарлаж болохгүй. Үүний жишээг бид жагсаал цуглаан дээр харж байна.
Жагсаал цуглааныг ямар тохиолдолд албадан тарааж болох вэ гэдгийг Үндсэн хуулийн 19-ийн гуравт нь заасан гурван зорилгын үүднээс л бид хүний эрхийг хязгаарлаж болно. Энэ гурав нь “Үндэсний аюулгүй байдал, хүний эрх эрх чөлөө, бусдын эрх эрх чөлөөг хөндөх нийгмийн хэв журмыг гажуудуулсан бол” гэдэг заалтууд. Энэ зорилгыг зөвтгөх үүднээс хязгаарлаж болно. Гэхдээ тухайн эрхийнхээ үндсэн цөм асуудлыг хөндөхгүй байхыг эрмэлзэх ёстой, бүрэн үгүйсгэж болохгүй. Тэгээд ялгаварлан гадуурхаж болохгүй, хараат бус шүүхээр ийм асуудал гарвал шүүх эрх нь нээлттэй байх ёстой.
-Цар тахлын үеийн хүний эрхийн заалтууд дээр юуг анхаарах вэ?
-Цар тахлын үеийн иргэний болон улс төрийн эрх дээр олон улс юуг анхааруулаад байна гэхээр иргэний хувийн орон зайн эрх чөлөөг хэрхэн хангах, ямар тохиолдолд хязгаарлах вэ гэдэг дээр анхаарах ёстойг сануулж байгаа.
Аливаа шийдвэр нь юуны тулд гарч байгаа юм гээд бодвол хүний төлөө, нийгмийн эрүүл мэндийг хангахын төлөө гарч байгаа. Тиймээс гарч байгаа шийдвэрүүд дээрээ хүний эрхийн мэдрэмжтэй байж, хүнлэг байхыг ХЭҮК анхааруулж, зөвлөж байгаа.
Сүүлийн хоёр жил буюу 20, 21 он бидэнд төр захиргааны байгууллагын шийдвэр гаргалтын уялдаа холбоо хангалтгүй байгааг хангалттай харуулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөл хорио тогтоосон үед хоол хүнсээ авч чадахгүй байдалд хүрсэн. Зарим тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэний үр хүүхэд хүнсэндээ явж болдог гэдгийг бодолцох ёстой. Гэтэл бид Үндсэн хуульдаа “Хүн бүр тэгш эрхтэй” гэж заасан шүү дээ. Захиргааны байгууллагын шийдвэр нь олон талт байдлыг бодолцохгүй байгаагийн жишээ.
-Олон улсад дунджаас доош үнэлгээ аваад байгаа эрхүүд яагаад ийм доогуур түвшинд орчихов оо?
-Эдийн засаг, нийгэм, соёлын эрх хангалтгүй үнэлгээ аваад байгаа. Мөн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”-ийн хангалт дунджаас доогуур түвшинд байна. Үүн дээр хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, сурч боловсрох, хоол хүнс шим тэжээл, орон байраар хангагдах эрхүүд дунджаас доогуур байна. Эдгээр нь хүн өөрөө хүсээд шийдэгддэг асуудал биш.
Хүн өөрөө хүсээд шууд суралцах боломжоор хангагдах боломжгүй, хүсээд эрүүл мэндийн эрхээ эдэлж чадахгүй. Энд төр заавал нөхцөл бололцоог нь олгох буюу төр институтыг байгуулсан байх, эдгээрийг хангах гэж төрөөс ажилтнууд ажилладаг байх, нөөцийг нь хангалттай, хүртээмжтэй байлгах ёстой.
Төр ийм байдлаар институци байгуулж чадаагүйгээс иргэд эдэлж чадахгүй ийм эрхүүдийг “Позитив эрхүүд” гээд байгаа юм.
Сурч боловсрох эрх дээр гэхэд бүх нийтээрээ бичиг үсэг тайлагдсан, үүгээрээ олон улсад өндөр түвшинд яваад байдаг боловч боловсролын ялгаатай, тэгш бус байдлын индекс өсөөд байна. Нийгмийн боломжтой хэсэг нь сайн боловсрол олж аваад байдаг. Гэтэл манай Үндсэн хуульд ерөнхий боловсролын сургуулийг ижил хэмжээнд ижил стандартаар олгоно гээд заачихсан.
Улаанбаатар хотын хэмжээнд багшийн тоо, анги дүүргэлтийг хар. Хөдөө орон нутаг багшийн чанарыг хар. Ингээд явахаар бид эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ хангуулахын тулд бүх нөөцөө дайчлаагүй дүр зураг харагдана.
Цар тахал бидэнд эрүүл мэндийн эрхийнхээ байдлыг харах боломжийг олголоо. Энэ бол тогтолцооны асуудал. Төр өөрөө дүгнэлт хийх ёстой.
Хүний эрхийн Олон улсын пактын 2-р зүйл эхлэхдээ “Энд заасан эрхүүдийг улс орон бүр өөрийнхөө нөөцийг дайчлан хамгийн боломжит байдлаар ахиц дэвшил гаргахад анхаарах ёстой” гэдэг.
Энэ бүхэн нь “Бид нөөцөө зөв зүйл рүү зөв хандуулж чадаж байна уу? Байгаа нөөцөө хамгийн тохиромжтой байдлаар хуваарилаж чадав уу” гэдэг асуултад хөтөлнө.
-Тэгвэл Үндсэн хуулийнхаа 30 жилийн ойн дээр бид хэрэгжилтэн дээр эргэн харж, дүгнэлт хийж, Төр өөртөө асуултын тэмдэг тавих ёстой юм байна гэж ойлголоо. Гэхдээ яг ямар асуултан дээр үлдэх вэ, асуултаа хэрхэн оновчтой тавих вэ гэдэг асуулт гараад байна?
-Тэгэхээр төрөөс хамааралтай эрхүүд учраас бүгдээрээ Үндсэн хуулийнхаа 30 жилийн ойгоор тодорхой дүгнэлт хийгээд цаашдаа ерөнхийлж болохгүй гэдэг дээр тогтмоор байна. Харин боловсролын салбарт тэгш бус байдлыг бууруулахын тулд яг яах ёстой юм бэ, орон нутгийн хэмжээнд боловсролын ялгааг ингэж багасгая, стандартыг ингэж дээшлүүлье, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ингэж сайжруулъя гэж ярих цаг болжээ.
Мөн төр хүний эрхийг хамгаалах ёстой. Хүний эрх хаа нэгтээ зөрчигдлөө гэж бодъё. Тэгвэл тухайн хүн зөрчигдсөн эрхийн хохирлоо барагдуулж, эрхээ сэргээлгэхийн тулд хандах байгууллага нь тодорхой байж, тэр байгууллага нь харъяаллын дагуу эрхийг нь сэргээж хохирлыг барагдуулдаг байх хэрэгтэй. Энэ нь бүрхэг байна. Иргэний эрхийг хамгаалах механизм нь бүрэн ажиллаж чадахгүй байгаа юм. Мэдээж, Эрүү, Иргэн, Захиргааны шүүх ажиллаж байна. Үндсэн хуулийн цэц ажиллаж байна. Гэсэн хэдий ч энэ дунд хийдлүүд үлдээд байна. Хамгаалагдахгүй, сэргээгдэж чадахгүй байгаа эрхүүд үлдээд байна.
-Жишээлбэл?
-Жишээ нь, нийтийн эзэмшлийн зам талбай дээр халдашгүй байдлын эрх зөрчигдвөл яах вэ. Арга хэмжээ авч чадахгүй байна. Автобусанд ямар нэгэн байдлаар хүнийг доромжлох, биед нь хүрэх асуудал гарлаа гэхэд яах вэ гэхээр өөр зөрчлийн зүйл хамаатуулахгүй бол хуулийн хувьд боломжгүй байна.
Дээр нь сэтгэл санааны хохирлын асуудлыг энэ гучин жилд ерөөсөө шийдэж сурсангүй. Хүчингийн хэргийн хохирогч боллоо гэнэ, ажлын байрны бэлгийн дарамтын хохирогч боллоо л гэнэ. Гэтэл материаллаг зардлаа яриад байгаа атлаа хүний сэтгэл санааны хохирлыг нь хэрхэн барагдуулах вэ гэдгийг ярьдаггүй.
ХЭҮК-т жишээ нь, нэг гомдол ирлээ. Гэтэл тэр гомдолд дурьдсанаар тухайн хэргийг шүүхэд шилжүүлэлгүйгээр прокурор дээр 10 жил гацаасан байгаа юм. Огт хэрэгсэхгүй болгоогүй, тэгсэн атлаа шийддэггүй. Гэтэл Үндсэн хуулийн үзэл баримтлалд суурилсан Эрүүгийн хуулиар “Гэм буруутай нь тогтоогдоогүй бол түүнийг хэрэгсэхгүй болгох ёстой”. Энэ хооронд хүний амьдралын нэг үе өнгөрдөг. Ийм байж болохгүй. Хохирогчид суурилсан хянан шийдвэрлэх үйл ажиллагаа хангалттай биш байна гэж хэлнэ.
Эцэст нь тэгш бус байдлыг гүнзгийрүүлэхгүй байх нь хамгийн том асуудал. Гучин жилийн өмнө хувийн өмчийг чөлөөтэй болголоо, аж ахуй эрхлэх хөдөлмөрлөх эрх чөлөөтэй болжээ. Гэтэл гучин жилийн дараа баялгийн хуваарилалтаа эргэн хартал Монголбанкны 2021 мэдээллээр ядуурал 30 хувиас огт буугаагүй байна. Дээр нь тэгш бус байдал, боловсрол, эрүүл мэнд дээр эдийн засгийн эрхүүд буурахгүй улам гүнзгийрч байна. Дээр нь хүн амынх нь 20 хувь хэрэглээний 40 хувь бүрдүүлдэг гэхээр Энэ бүхэн дээр хүний эрхтэйгээ холбож дүгнэх шаардлагатай.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.