ЭМЧ: Нүдний хараа, дэлгэцийн өвчин
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Нүдний хараа, дэлгэцийн өвчин

Хараа муудах гажигтай холбоотой таван баримт

"Орбита" нүдний эмнэлгийн их эмч, анагаах ухааны магистр Ж.Энхцэцэгтэй нүдний хараа болон сүүлийн үед түгээмэл дэлгэрэх болсон дижитал дэлгэцийн өвчний талаар ярилцлаа.

Нүд бол их эмзэг эрхтэн гэж ярьдаг. Хүүхдийн нүдийг бүр багаас нь хамгаалах ёстой юу?

Нүдийг гаднаас нь харахад жирийн л нэг хоёр бөөрөнхий зүйл мэт боловч маш чухал эрхтэн. Шөнө орой болсон хойно тавхан минут тог тасрахад бид юу ч харж чадахааргүй болдог. Нүдгүй бол үүнтэй л адилхан. Тиймээс хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, нүд нь эрүүл байна уу, ямар нэгэн эмгэгтэй юу гэдгийг үзүүлэх хэрэгтэй. Төрснөөс хойшхи хамгийн эхний үзлэгээр тухайн хүүхэд гэрэл мэдэрч байна уу зэргийг заавал үзэж оношлох ёстой. Улмаар өсч торниж эхлэх үед нь нас насанд тохирсон нүдний хөгжлийг шалгах нарийвчилсан шинжилгээнүүдийг өгөх шаардлагатай.

Эмэгтэй хүүхэд гурав, эрэгтэй хүүхэд 3,5 наснаас эхэлж хүснэгт доторх дүрсүүдийг харж эхэлдэг юм. Тиймээс энэ насан дээр нь заавал хүүхдээ мэргэжлийн нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.

Сүүлийн үед мохоо хараа гэж их ярьдаг болсон. Хүүхдийн нүдэнд бага насанд нь ямар нэгэн хугарлын гажиг байсаар байтал аав, ээж нь үүнийг мэдэж оношлуулахгүй явах тохиолдол цөөнгүй гарах боллоо. Ингэж оношлоогүйгээс болж хүүхэд бага ангид ороод самбар дээр бичсэнийг харахгүй байх, үүнээсээ болж хичээлдээ тааруу сурах үзэгдэл гардаг. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгийг дээрх насанд хүүхэд бүрт хийх учиртай. Урьдчилан сэргийлэх үзлэгийг бүр цэцэрлэгт байхаас нь зохион байгуулалттайгаар хийдэг болмоор байна.

Харааны эмгэг удамших магадлал амьдрал дээр хэр их байдаг вэ?

Аав, ээж хоёр нь хасах буюу холын харааны шил зүүдэг хүмүүсийн гурван хүүхдийн хоёр нь удамших магадлалтай. Харин эцэг, эхийн нэг нь хасах шил зүүдэг бол гурван хүүхдийн нэгэнд нь удамшдаг гэж үздэг. Энд харааны олдмол гажигийг оруулж тооцоогүй гэдгийг хэлье. Үе алгасч удамшдаг харааны эмгэг гэж бий. Таны хараа муу байлаа гэхэд хүүхдэд тань удамшаагүй мөртлөө хүүхдийн хүүхдэд удамшина гэсэн үг.

Эхийн хэвлийд байгаа ургийг хараа муудах магадлалтай эсэхийг нь мэдэх боломж өнөөгийн анагаах ухаанд байхгүй юу?

Ийм боломж одоогоор алга. Хамгийн найдвартай арга бол төрсөн даруйд нь оношлуулах явдал.

Орчин үеийн хүмүүсийн хараа муудахад хүргэж байгаа хамгийн түгээмэл ямар шалтгаан байна вэ?

Дижитал дэлгэцийн өвчин буюу компьютер вижн синдром гэдэг өвчин хамгийн түгээмэл тохиолдож байна. Энэ өвчин албан байгууллагын ажилтнууд буюу компьютерийн ард тогтмол суудаг хүмүүсээс гадна хүүхдүүдэд гар утас, таблет зэргээр их тоглосноос болж түгээмэл тохиолддог болсон.

Аав, ээжүүд хүүхдээ үгэндээ оруулж, томоотой байлгахын тулд гар утас, таблетаа өгөөд олон цагаар суулгачихдаг. Гэтэл хүүхдийн хараа амархан цуцдаг учраас олдмолоор хасах шил зүүх харааны эмгэг энэ шалтгаанаас болж их тохиолдож байна. Ингээд хүүхэд хасах шил зүүхээс нааш холын барааг тод харж чадахаа больж эхэлж байгаа юм.

Дижитал дэлгэцийн өвчнөөс сэргийлэхийн тулд туяатай шил зүүнэ гэж хүмүүс их ярьдаг болж. Ийм шил үнэхээр хамгаалж чаддаг юм уу?

Үр дүнгүй арга гээд хэлчихье. Хүмүүс туяатай шилийг үр дүнгүй гэхээр гайхаж магадгүй. Үүний оронд дасгал хийж, нүдээ амрааж сурах хэрэгтэй. Гурван 20-ийн зарчим гэж байдаг. Энэ зарчим нь 20 минут дэлгэцээс хамааралтай байлаа гэхэд түр азнаад 20 секунд цонхоор алсын бараа харах гэх мэтээр нүдээ амраах арга юм. Мөн өдөрт цайныхаа цагаар, эсвэл ажил тарсны дараа бүлээн усанд алчуур норгоод нүдэн дээрээ жин тавихад нүд маш сайн амралт авч чаддаг. Энэ бол байнга дэлгэцээс хамааралтай байдаг хүмүүст хамгийн тохирох, сайн зөвлөгөө юм.

Харааны болон гоёлын линзийг их хэрэглэдэг боллоо. Линз нүдэнд хэр тохиромжтой бүтээгдэхүүн бэ?

Гоёлын контакт линзнээс болж өгвөл бүр татгалзмаар байна. Ер нь хүний нүдэнд тохиромжгүй зүйл шүү дээ. Харин харааны контакт линзний тухайд заавал мэргэжлийн эмчид үзүүлж, тохирох шинжилгээг өгч, зөвлөгөө авч байж зүүх ёстой. Сүүлийн үед дэлхий дахинд контакт линзтэй холбоотой нүдний бүлэг өвчнүүд шинээр илрэх боллоо. Харааны линзийг зүүхдээ зохих зааврын дагуу өөрийнхөө нүдний бүтцэд тохирсон, мэргэжлийн стандарт шаардлагыг хангасан линзийг сонгож зүүх ёстой. Мэргэжлийн эмч бидний хувьд тухайн хүний нүдний бүтцийг олон үзүүлэлтээр үзэж, шинжилж байж харааны контакт линз зүүх эсэхийг нь шийддэг.

Шил зүүсэн мөртлөө хараа нэмж муудаад байна гэж ярьж байгаа хүнтэй нэг бус таарч байлаа. Үүний шалтгаан юунд байдаг юм бол?

Нүдний бүтэц, үйл ажиллагаатай холбоотой. Хүний холын хараа муудах ихэнх тохиолдол нь нүдний дагуу тэнхлэг сунаж, уртассанаас болж үүсдэг. Гэтэл энэ дагуу тэнхлэг нь өөрөө 25 нас хүртэл сунаж, уртсах боломжтой байдаг. Бага насны хүүхдийн тухайд хэрэв хасах шил зүүдэг бол нүдний дагуу тэнхлэгийн уртсалтыг зогсоож, харааны муудалтыг тогтоох эмчилгээг сүүлийн үед хийдэг болсон. Манай "Орбита" эмнэлэг дээр энэ эмчилгээг хийж байгаа. Эмийн буюу дусаалга дусаах замаар эмчилдэг юм.

Насанд хүрэгчдийн хувьд нүдний хараагаа нэмэгдэхээс яаж сэргийлэх вэ?

Үүнийг ярихын тулд дахиад л дижитал дэлгэцийн өвчин буюу нөгөө компьютерээ ярих хэрэгтэй болно. Компьютерийн ард зөв сууж, тохиромжтой хугацаанд зөв ажиллаж сурах хэрэгтэй байна.

Таны толгойн зулай хэсэг компьютерийн чинь дэлгэцийн дээд өнцөг хоёр нэг түвшинд байх ёстой. Дээр нь компьютерээсээ 45-70 сантиметрийн зайтай суух хэрэгтэй. Мөн дэлгэцийн налуугийн хэмжээ 20 градус байх нь хамгийн зөв гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа. Гэрэлтүүлгийн хувьд харанхуй биш орчинд компьютерийнхээ дэлгэцнээс үл ялиг бүдэгхэн өрөөний гэрэлтэй байх нь тохиромжтой гэж үздэг болсон.

Хамгийн гол нь зөв суух явдал.

Нүдний шилээ сонгохдоо анхаарах зүйлсийн талаар манай уншигчдад хэлж өгөөч?

Энэ бол маш чухал асуудал. Нүдний нарийн мэргэжлийн эмчээс ямар шилийг яаж зүүх талаар заавал зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэхгүйгээр зарим хүмүүс тааралдсан газраасаа өөрт таалагдсан шилээ авч зүүчих гээд байдаг. Зарим нь тод харж байх тусмаа сайн гээд харааны шилээ нэмж зүүх гээд байхад үлдсэн зарим нь хараа маань сайжирч байна гээд улам багасгаж зүүх гэдэг талтай. Харин би шилний хүрээ нь ч тэр, доторх шил нь ч тэр тухайн хүнд өөрт нь шил огт зүүгээгүй юм шиг тийм мэдрэмжийг төрүүлж, харуулж чадаж байвал хамгийн сайн гэж хэлмээр байна. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч байж шилээ сонгох хэрэгтэй.

Харааны шил зүүдэг хүмүүс ямар хугацаанд, ямар давтамжтайгаар мэргэжлийн эмчид үзүүлэх ёстой вэ?

Хүүхдээс эхэлье. Нэмэх шил зүүдэг, мохоо харааны гажигтай хүүхдийг гадаадад бол найман долоо хоног тутамд эмчид үзүүлэх ёстой гэж үздэг. Монголд бол гурван сард нэг удаа үзлэг хийнэ. Харин хасах буюу холын харааны шил зүүдэг хүүхдийн хувьд хагас жил тутамд үзүүлэх учиртай. Жил тутам дээр хэлсэнчлэн 0,5-аар нэмэгдэж байгаа тохиолдолд үзүүлж, хянуулах хугацаа арай өөр болж ирнэ л дээ. Энэ талаар яривал их удаан ярьж болно.

Хараагаа сайжруулах уламжлалт дасгал гэж байдаг уу. Хуучны хүмүүс голын урсгал ширт, холын бараа хар гэхчлэн зөвлөдөг байх аа?

Хараагаа муутгахгүй байх тусгай зориулалтын дасгал хаа сайгүй заадаг. Гэвч хамгийн сайн арга бол бүр хүүхэд наснаас нь өдөрт 30 минутаас доошгүй хугацаагаар гадаа гаргах хэрэгтэй. Гадаа гарч тоглож байгаа хүүхэд хол, ойрын зайг харсаар байгаад нүдний булчингуудын ажиллагаа зөв явагддаг болчихдог.

Хоол ундны тухайд юу хэрэглэх нь нүдний хараанд хамгийн тохиромжтой байдаг юм бэ?

Хоол ундны тал дээр омега-3 сайн уух хэрэгтэй. Бусдаар бол хоолны нарийн дэглэм байхгүй.

Хүмүүс нүдний янз бүрийн дусаалга их хэрэглэдэг болж. Энэ нь зөв үү?

Заавал эмчийн зөвлөгөөгөөр нүдний дусаалгыг хэрэглэх хэрэгтэй. Хүн хүний нүд хуурайших, нулимс гоожих, харшил өгөх зэрэг шалтгаан нь харилцан адилгүй.

Элдэв гаж нөлөө үзүүлдэг дусаалга их дэлгэрч байна. Ялангуяа азийн орнуудаас манайд орж ирж байгаа элдэв төрлийн гаатай судас нарийсгагчтай дусаалга сүүлийн үед их хэрэглэх боллоо. Энэ нь нүдэнд тийм ч сайн биш.

Иймэрхүү дусаалгыг зурагтаар сурталчлаад байгаа шиг өдөр бүр дусаах зориулалттай байдаггүй. Онцгой тохиолдолд долоо хоногтоо ганц хоёроос илүү дусаах ёсгүй. Тиймээс зурагтын сурталчилгаа бодит амьдралаас хол зөрүүтэй гэдгийг хэлмээр байна.

Манай эмэгтэйчүүд нүдний шивээс, сормуус суулгах зэргийг их хийлгэдэг болж. Үүнээсээ болж гоо сайхнаараа хохирох тохиолдол ч гарч байна?

Сормуус суулгах, шивээс хийлгэх зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа газрууд нүдний эвэрлэг бүрхүүл буюу хамгийн гадна талын бүрхүүлийг мэдээгүйжүүлж байгаад хийдэг. Тиймээс зулгарах, шархлах тохиолдол цөөнгүй гардаг. Мэргэжлийн гоо сайханчтай зориулалтын шаардлага хангасан гоо сайхны газарт энэ төрлийн үйлчилгээг хийлгэх хэрэгтэй гэж зөвлөе.

Номыг хараагаа муутгахгүйгээр хэрхэн зөв уншиж сурах вэ?

Хамгийн түрүүнд гэрэлтүүлгийн асуудал яригдана. Бүдэг гэрэлд ном уншиж болохгүй. Өдрийн нарны гэрэл хамгийн зохимжтой. Уг нь бол дижитал дэлгэц харж сууснаас ном уншиж суусан нь хамаагүй дээр. Гэхдээ мөн л зөв сууж, зөв уншиж сурах хэрэгтэй. Хамгийн гол нь 20 минут уншчихаад 20 секунд нүдээ амраах аргыг хэрэглэх хэрэгтэй.

Хараа тэглэх лазер эмчилгээ их дэлгэрч байна. Энэ хэр үр дүнтэй байдаг юм бэ?

Хараа засах лазерийг хийлгэж болно. Манайд ч, гадаадад ч их хийдэг болсон. Гол нь эхлээд нүдээ нарийн сайн үзүүлж, мэргэжлийн эмчийн хяналтанд орж, зөвлөгөө авах хэрэгтэй.

Нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шилийг хэрхэн зүүж хэрэглэх ёстой юм бэ?

Энэ бол нарны хэт ягаан туяаны тусгал ихтэй манай орны нөхцөлд хамгийн тохиромтжой шил. Манай орон чинь өөрөө хурц нартай, цэлмэг тэнгэртэй. Үүнээс болж нүдэнд мах ургах буюу өөх ургах өвчнөөс гадна болорын цайралт их явагддаг. Дээд тал нь 98 хувь хүртэлх хэт ягаан туяаны хамгаалалттай шилийг манай орны нөхцөлд хэрэглэж болно. Ийм шилний давуу тал нь харааны шил биш, нарны шил зүүсэн юм шиг харагдаж чаддаг явдал.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.