Рахит гэж юу вэ?
Бага насны хүүхдийн хоол хүнсэнд витамин D, кальци хангалтгүй байснаас бие махбодын витамин D, кальци, фосфорын солилцоо хямарч, хүүхдийн ясны эрдэсжилт багасаж, яс зөөлрөн, их биеийн араг ясны хэлбэр өөрчлөгдөж, хүүхдийн өсөлт бойжилт саатан биеийн эсэргүүцэл сулрах эмгэгийг Рахит гэнэ. Шинж тэмдэг ● Хүүхэд цочромтгой, уйланхай, нойрондоо муу болох.
● Хөхөх, хооллох үедээ хөлрөн заримдаа бүр хөлсний дусал бурзайж харагдана. ● Толгой дагз орчмоор илүү хөлрөх ба тэр хавийн арьс загатнаж, толгойгоо шөргөөсөөр үс нь халцрах. ● Хөлс зунгааралдсан цуу шиг эхүүн үнэртэй мөн шээс нь хурц үнэртэй болдог.
Эмчинд хэзээ хандах вэ? Таны хүүхдэд дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол эмчид нэн даруй хандаарай.
Шалтгаан Рахит үүсэх гол шалтгаан нь D витамины дутагдал байдаг. D витамин тодорхой хэд хэдэн шалтгаанаас болж биед дутагдаж байдаг ● Нарны гэрэл – Хүний биеийн арьс нарны гэрэлд гарахад D витаминтай нийлэгждэг. Хангалттай хүүхдээ салхилуулаагүйгээс эсвэл хүүхдэд байнга нарны тос түрхэж өгдөг бол нарны гэрлээс бий болох D витамин дутагдана. ● Хүнс – Загасны тос, өндөг, сүү, жимс зэрэг D витаминаар баялаг хүнс бага хэрэглэснээр дутагдал үүсч болно. ● Биед хангалттай Д витамин орж байгаа ч ясанд шингээж чадахгүй байхаас ● Шулуун гэдэсний үрэвсэл ● Бөөрний эмгэгүүдээс үүдэн D витаминыг ясанд шингээж чадахгүй байх нөхцөл үүснэ.
Хүндрэл ● Өсөлт зогсох ● Нурууны яс дугуйрах ● Биеийн араг яс хэвийн бус болох ● Шүдний гажиг ● Таталт өгөх
Оношлогоо Эмч биеийн дараах хэсгүүдэд үзлэг хийж, хүүхдийн ясан дээр дарж хэвийн бус байгаа эсэхийг шалгадаг. ● Гавлын яс – Сульдаа өвчтэй хүүхдийн гавлын яс зөөлөн байдаг ● Хөл – Хөл дугуйрч, мэдэгдэхүйц майга байвал сульдаа өвчтэй байх магадлалтай ● Цээж – Рахиттай хүүхдийн хавирганы яс нааш товойсон байдаг ● Бугуй болон шагай – Хэвийн хүүхдийнхээс илүү өргөн бугуйн болон шагайн ястай байна ● Рентген зураг – Хүүхдийн ясыг рентген зургаар үзэж ясны гаж ургалт байгаа эсэхийг тодорхойлно. ● Цуснаас D витаминийг тодорхойлох
Эмчилгээ
Сульдаа өвчний үед кальци, Д витаминыг нэмэлт тэжээл байдлаар хэрэглэж эмчилдэг. Гэхдээ заавал мэргэжлийн эмчийн үзлэг, заавар зөвлөгөөний дагуу хэрхэн, ямар тунгаар уух нарийн заалтыг дагах ёстой. Хүүхдийн хөл хэт дугуйрсан, нурууны яс хэвийн бус хэлбэртэй болсон тохиолдолд мэс засал хийж хэлбэр засах эмчилгээ хийдэг.
Эмийн эмчилгээнээс гадна рахит өвчнөөс урьдчилан сэргийлэхэд аргууд: • D витамин агуулсан хоол хүнс хэрэглэх • Нарны гэрэлд гарах нь Д витаминыг нэмэгдүүлэх хамгийн сайн эх үүсвэр бөгөөд өдрийн наранд 10-15 минут гарахад хангалттай хэмжээний Д витамин биеэс ялгардаг.