Z үеийнхэн улс төрийн өнөөгийн байдлыг “ЗАМБАРААГҮЙ“ гэж үнэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Z үеийнхэн улс төрийн өнөөгийн байдлыг “ЗАМБАРААГҮЙ“ гэж үнэлжээ

/2022.01.05/ 1996-2012 онд төрөгсдийг олон улсад “Generation Z” буюу “Z үеийнхэн” хэмээдэг. Өндөр технологийн үед өсөн торниж буй тэд өмнөх үеийнхнээсээ эрс ялгаатай байдлаараа судлаачид, мэргэжилтнүүдийн анхаарлыг олон талаар татаж, хэдийн “судлагдахуун” болсон билээ.

2021 оны байдлаар Монгол Улсын нийт сонгогчийн 23 хувийг “Z” үеийнхэн бүрдүүлж байна.

  • УИХ-ын 2012 оны сонгуульд 18- 35 насны залуучуудын 60 хувь нь саналаа өгөөгүй бөгөөд санал хураалтад оролцсон сонгогчдын 10 хувь нь 18-25, 25 хувь нь 18-35 насныхан байв.
  • УИХ-ын 2016 оны сонгуульд 18-25 насны залуу сонгогчдын ирц 50.8 хувь,
  • УИХ-ын 2020 оны сонгуульд 62 хувийн ирцтэй оролцсон юм.
  • Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиас харахад, 20-24 насныхны ирц хамгийн бага байна.

Залуучууд бусад насныхнаас 8.3 хувиар доогуур ирцтэй байлаа. Конрад Аденауэр Сангаас Z үеийнхний улс төрийн оролцооны талаар сонирхолтой судалгаа гаргажээ. Тус судалгаанаас гарсан зарим үр дүнг танилцуулж байна. Судалгаанд оролцогчид

  • Хүйсийн хувьд тэнцвэртэй /41% эрэгтэй, 59% эмэгтэй/
  • Боловсролын хувьд 96 хувь нь бүрэнд дунд болон дээд боловсролтой, үлдсэн хувь нь боловсролгүй, бага боловсолтой, бүрэн бус боловсролтой иргэд судалгаанд оролцсон байна.

GEN-Z ЗАЛУУС УЛС ТӨР СОНИРХДОГ ЭСЭХ

“Та улс төрийг хэр их сонирхдог вэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 12 хувь нь “маш их сонирхдог” гэж хариулсан бол 58 хувь нь “ер нь сонирхдог”, “хааяа сонирхдог” гэж хариулсан байна.

“ЕБС-д Нийгмийн ухааны мэдлэг хичээлээр улс төрийн талаарх сэдвийг багш “уншаарай” гээд, бид нар шалгалтандаа зориулж уншаад л өнгөрч байсан. Харин их сургуульд ороод “Улс төр судлал” гэсэн хичээл заавал судлах хичээлүүд дунд байсныг үзсэн. Уг нь яг ойлгоод анзаарвал улс төр бидний өдөр тутмын амьдралтай их холбоотой юм байна лээ. Улс төрийн талаар мэдлэгтэй болсноос хойш улс төрийн талаар анзаарч, сонирхох болсон.”
Биологийн мэргэжлийн оюутан, эмэгтэй, 21 нас
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
“Хамт сурдаг оюутан найзууд улс төр ярьдаггүй, сонирхдоггүй гэж хэлж болно. Оюутны холбооны хэдэн хүүхдүүд л хааяа биелэх боломжгүй эсвэл хошин зүйл ярихаараа “улс төр” хийлээ, ярилаа гэж л ярьдаг. Улс төрийн талаар ойлголт бага. Гэхдээ сонгуульд саналаа өгөх ёстойг бол мэднээ.”
Анагаахын мэргэжлийн оюутан, эрэгтэй, 18 нас

Залуучууд улс төрөөс сонгуулийн дүнг хамгийн их сонирхдог. Улс төрийн шийдвэр гаргах түвшний байгууллагуудаас Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гаргаж буй мэдээллийг илүү их сонирхдог бол шүүхийн шийдвэрийг хамгийн бага сонирхож байна. Бусад гэсэн хэсэгт бичиж хариулт өгсөн залуучуудын хувьд нийгмийн өмнө тулгамдаад байгаа, цаг үеийн шинжтэй асуудлуудыг сонирхдог гэж тайлбар өгчээ.

GEN-Z ЗАЛУУСЫН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО

Өөрийнхөө улс төрийн оролцоог дүгнэх асуултад судалгаанд оролцогчдын 58 хувь нь “зарим үед л оролцдог”, 13 хувь нь “байнга оролцдог” гэсэн бол 15 хувь нь “огт оролцдоггүй” гэж хариулжээ. Судалгааны энэ асуултад нийт оролцогчдын 14 хувь нь “хэлж мэдэхгүй байна” гэсэн хариултыг сонгосон нь улс төрийн оролцоо гэдэг ойлголтыг зарим талаараа мэдэхгүй, эсвэл өөрийнхөө улс төрийн оролцооны түвшинг тодорхойлж үнэлэх байдал тааруу байгааг харуулж болох юм.

“Улс төрийн оролцоо гэдгийг сонгуульд оролцож саналаа өгөх юм байна л гэж ойлгодог. Өөр асуудлуудыг төдийлөн сайн мэдэхгүй байна. Энэ талаарх мэдээлэл манай үеийн залуучуудад тийм сонирхолтой санагддаггүй байхаа.”
Эдийн засгийн мэргэжлийн оюутан, эмэгтэй, 19 нас
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
“Сургуулиа төгсөөд ажил дээр гарахаар улс төрийн ерөнхий ойлголтуудаа бол гадарлахтай болсон байдаг. Гэхдээ улс төр миний амьдралд хэзээ, хаана нөлөөлж байна гэдгийг харвал, хийж байгаа ажилтай минь, амьдралтай минь холбогдоод байгаа нь илүү анзаарагддаг. Ялангуяа, улс төрчдийн гаргаж буй шийдвэрүүд ажил, амьдралд минь нөлөөлөөд ирэхээр илүү ойлгодог, илүү сонирхдог болдог юм байна.”
Хүний нөөцийн мэргэжилтэн, эмэгтэй, 25 нас

Залуучуудын улс төрд оролцдог хамгийн түгээмэл хэлбэр нь “сонгуульд саналаа өгөх” байна. Судалгаанд оролцогчдын 79 хувь нь ийнхүү хариулжээ. Үүнээс гадна “фэйсбүүк хуудас дахь мэдээлэлд лайк зэрэг эможи дарж хариу үзүүлдэг” гэсэн оролцооны хэлбэрийг 71 хувь нь сонгожээ. Харин улс төрийн оролцооны бусад хэлбэрүүдэд “огт оролцдоггүй” ба “энэ талаар ойлголт байхгүй” гэсэн хариултуудыг сонгосон хувь нилээд өндөр буюу 88 хүртэлх хувь байна.

Судалгаанд оролцогчдын 71.1 хувь нь сонгуулийн сурталчилгаа, кампанит ажилд ухуулагчаар ажиллаж байгаагүй, харин 28.9 хувь нь ухуулагчаар ажиллаж байсан байна. Тодруулбал, 3 залуу тутмын 1 нь сонгуулийн кампанит ажилд оролцож байжээ.

“Оюутнууд сонгуулийн үеэр маш олноороо сонгуулийн сурталчилгааны ажилд ухуулагч хийдэг. Манай нэг найз шөнө яваад өрсөлдөгчийнх нь сурталчилгааг “муухай” болгож байсан. Янз бүрийн л ажил хийлгэдэг юм байна лээ. Ойр тойрныхоо хүмүүсийн баахан регистрийн дугаар цуглуулж өгөөд сурталчилгаанд ажилласан хөлсөө авсан гэсэн. Зарим нэг найзууд маань ажилласан мөнгөө дутуу авсан гэж байсан.”
Инженерийн мэргэжлийн оюутан, эрэгтэй, 20 нас
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
“Сонгуулийн үеэр тролл буюу сошиал дээр пост оруулдаг, нэр дэвшигчийнхээ талаарх мэдээг группууд руу шэйрлэдэг, эерэг комент бичдэг, эерэг эможи дардаг ажлуудыг аймгийнхаа хэсэг залуучуудтай нийлж хийсэн. Нэг хүн дор хаяж 5 ширхэг хуурамч хаяг нээгээд түүгээрээ энэ ажлуудыг хийж байсан. Одоо бодоход жоохон муухай юм хийчихсэн ч юм шиг санагдаж байна.”
Нийгмийн ухааны мэргэжлийн оюутан, эрэгтэй, 21 нас

GEN-Z ЗАЛУУС УЛС ТӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫГ ХЭРХЭН ҮНЭЛСЭН БЭ?

Залуучууд өнөөгийн улс төрийн байдлыг ерөнхийд нь замбараагүй байна хэмээн үнэлсэн. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 88 хувь нь “улс төр хэт замбараагүй”, “сонгууль дөхөөд улс төр бужигнасан байдалтай байна” гэж хариулжээ. Харин бусад хэмээх хариултыг өгсөн оролцогчдын хувьд мөн л улс төр эмх замбараагүй байгаа талаар шүүмжилсэн тайлбарууд бичсэн байв.

Эх сурвалж: Конрад Аденауэр

“Цахим соёл” аяныг эхлүүлээ
“Цахим соёл” аяныг эхлүүлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.