МИНИЙ ТУРШЛАГА №11: Хөдөө амьдрах & хотод амьдрах
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИНИЙ ТУРШЛАГА №11: Хөдөө амьдрах & хотод амьдрах

/2022.01.03/ Миний туршлага булангаар орон нутагт амьдарч байгаа иргэн Ч.Бат-Уянгын туршлагыг хуваалцаж байна. (Хатгалын тэмдэглэл)

Гэрэл зургийг Ч.Бат-Уянга

2022 онд хөдөө, тэр дундаа Хатгалд амьдрахаар шийдчихсэн улс мэр сэр байна. Хэдэн сарын турш байнга, тэр тусмаа он гаруут ихсээд байгаа асуултад багцлаад хариулъя даа.

1. Ажлын байр

- Танд яв цав тохирсон ажил хөдөөгийн, ялангуяа сумдын хаана ч байхгүй. Өөрсдөө түүнийг бий болгоно оо. Мэдээж цалин цавагтай хувь, хувьсгалын ажил, албан тушаал байх нь ов ойлгомжтой. Түүнийг нь нутгийнхантай булаацалдах ер нь хэрэггүй санагддаг шүү. Монголын хаа ч амьдралын түвшин ямар байгааг бүгд мэдэж байгаа хойно. Ер нь ажилтан биш ажил олгогч болно гэж зорьвол хаа, хаанаа, хэн хэндээ л хэрэгтэй.

- Гэвч сумдад сайн багш, ялангуяа сайн эмч хэрэгтэй. Сайн мэргэжилтэн, тэр тусмаа залуус их ирвэл нэхэж, шаардах юмны хэмжээ ч ихсэж, дагаад хөдөөгийн эрүүл мэндийн салбар хөгжиж юун магад.

- Бид 100% цахимаар, хотоос ажилладаг. Гэхдээ үүнд учир бий. Нэгт, бүх мэргэжил, бүх ажил цахимаар ажиллах боломжгүй. Хоёрт, цахимаар ажиллахад бидний ажил, туршлага, нас, танилын хүрээ гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Хэрэв зээ бид, хов хотынх байж дөнгөж их, дээд сургуулиа төгсөөд 20-н хэдтэй энд ирсэн бол амь зуух амаргүй байх биз ээ. (Дээр нь зарим төрлийн харилцаа холбоог хотод амьдарч, ажиллаж, сурч байж бэхжүүлэх тохиол их тул үүнийг ч тооцох нь зүйтэй ). Миний хувьд бол хотод байхаас орлого одоогоор буурсан. Орон зайн ялгаа, цахимаар гэдэгтээ гол учир биш. Ахуйн шалтгаан (дасан зохицохтой холбоотой) бас байна.

- Интернэт. Өндөр хурдны интернэтээр ажиллах шаардлагатай улсад хэцүүхэн асуудал энэ. Хязгааргүй хурд, хязгааргүй хэрэглээтэй интернэт байхгүй, дата гэдэг юмтай зууралдана. Тэр нь удаан, хурдан дуусна. Хамаг мөнгө датанд л дуусч байна.

2. Ахуйн нөхцөл

(Байрны хүмүүсийн хувьд шахуу л юм даа.)

- Гал түлэх, байшин хурдан халж хөрөх, худгаас ус авах, мод хагалах, оруулах хашаа хороо, нохой шувуу, ус халаан аяга тавгаа угаах, хар хүйтэнд модон 00 руу гарч бөгсөө хөлдөөх шахам хөнгөрч, хүндрэх, гар хуруу эвдрэх, халтайх гээд өчнөөн юм бий. Устай золгоно, талаар нь хувцсаа угаана, ахиад ус авах болно гээд төвөгтэй процесс бий бий. Энэ асуудлыг дэд бүтцээр шийдэх ёстой атал тэр нь сумдад байхгүй ээ. Хотод бол нийтийн байранд ч болов зүтгэх байх. Энд байхгүй. Үүнд сэтгэл зүйгээ сайтар бэлдэх ёстой. Ахуйгаас хамаардаг сэтгэл зүйтэй хүнд бол хэцүү биз ээ. Ахуйн ажил ихэснэ гэдэг чинь ажиллах цаг нар, тав тухаас хомслоод л байна. Хэрвээ, та гэрийнхээ ажлыг ганцаар нугалдаг дадалтай бол таны ажиллах цаг багасна аа л гэсэн үг.

-Нарийн ногоо, жимс, самар гээд шим тэжээлтэй хүнс ховор. Аарц, сүү, тараг хямд нь сайхан ч гэлээ ногоо, жимс нэн маш чухал. Мэдээж цөөн нэр төрлийнх боловч жимс байх ч үнэтэй. Цаанаа шим нь үгүйг мэдэж буй ч даршилсан вандуй, шиш, холимог ногоо, огурцы руу мөнгө үрэх болов. (Хөдөөгийн хүүхдүүд шим тэжээлийн дуталд ордог байж тун болзошгүй. Өлсөхөөс өөр ойлголт шүү.) "Ногоогоо өөрсдөө тарь" гэх байх. Газар хэсгээс тайлбарыг харна уу. Мөн хоол хошоо л бэлдэхийн тулд амьдраад байвал хэзээ нь нь ажиллах вэ? Ер нь татсан мах, хэрчсэн гурил, хөлдөөсөн ногоо зэрэг чинь хоол хошоо л бэлдэхийн тулд өдөржин борви бохисхийлгүй хөдөлмөрлөдөг амьдралыг хөнгөвчлөх зорилготой анхнаасаа үүссэнг санаарай!.

-Дээрх зарим бэрхшээлийг нийтийн дэд бүтцээс үл хамаарч хувьдаа шийдэх арга аль болох орчин үеийн байшинтай болох. Нарны зайн хураагууртай, шалнаасаа халдаг, нам даралтын зуухтай, пассив хаус нтр гээд мөрөөдөл, судалгаанууд бий. Тэрэнд харин бэл бэнчин хэрэгтэй. Суманд багш, мэргэжилтэн зэрэг төрийн албан хаагчийн цалингаар бол домгийн шувуу нь амилаад, амьдраад, үхэж үрэгдээд , сүнс нь эргэлээ ч бүтэхгүй. Уул нь жишиг таун хороололтой сум гээд төр, хувь цөм нийлээд хийх төсөл биелвэл маш сайн.

3. Газар

- Хатгалд гэлтгүй бүх аймаг, сумдад газрын асуудал хурц гэж анзаарсан. Би ажлын шугамаар бараг 21 аймаг, 210 сумын группт байдаг байлаа. Тэнд үе үе дэгддэг гомдол, санал нь газар эзэмших, өмчлөх нөхцөл, боломж алга тухай. Хүн зон холхисон, аялал жуулчлал, газар тариалантай бүсүүдэд бүүр хурц. Үнэгүй өмчлөх 0.7 га-аа аваагүй нутгийн иргэд байсаар л. Тэгээд бодохгүй юу. Манай энд газар зарах, авах зар зөндөө. Хэтэвчний чинь зузаан мэдэх хэрэг. Ер нь энд гайгүй байрлалтай, газар аваад, аятайхан байшин барих нийт зардал хотод нэг, хоёр өрөө байр авчих дайны юм билээ. Бодох л асуудал. (Ногоо тарих гэх мэтийн асуудал та хувьдаа газартай байж шийдэгдэх учраас дам дамаанаа юм болоод байдаг шүү )

-Хувийн машин чухал юм. Сум учраас таруу байрлалтай, гэтэл автобус байхгүй. Зун, намар, хавар ч яахав, өвөл алхаад байх чанга.

4. Боловсрол

- Хөдөөгөөс хот, хотоос гадаад руу тэмүүлдэг нэг шалтгаан нь боловсрол. Хүүхдүүд маань бага анги, цэцэрлэг тул үүнээс ахисан мэдээлэл алга. Монгол хэл, математик зэрэг үндсэн, академик хичээлүүд бол сайн. Хүүхдийн тоо цөөнөөс болдог уу, багш нарын ялгаанаас болдог уу, ямар ч байсан багш нарын сурагчид тавих анхаарал, цаг зарцуулалт хотоос хамаагүй сайн. Англи хэл, код, STEAM зэрэг өмнөх сургуулийнх нь давуу тал энд харин байхгүй. Үүнийг нөхье гэвэл төлбөрийн чадварын асуудал гарч таарна, гэхдээ бас л цахимаар болж таараад байгаа юм. Төлбөртэй, цахим бус дугуйлан асуусан хүмүүс сумдаар нэг байдаг аа.

- Насанд хүрэгсдийн мэдлэг, боловсролоо дээшлүүлэх асуудал бол 00 заадаг ээ. Мань мэт яах вэ, өнөөхөндөө энэ хүртэл эзэмшсэн академик боловсролоороо болгож байна. Хангалтгүйг нь ном, цахим сургалт, хичээлээс нөхөх гээд л яваа. Одоо ч Coursera, Master class, бас бусцахим хичээлтэй зууралдаад л явжийна. Азаар унших ном, үзэх киноны нөөц сайтай учраас соёлын хэрэгцээ гайгүй.

- Соёлын хэрэгцээг нөхөх газар цөөн. Үүнийг өөрсдөө л бий болгох ёстой. Мөн хот, хөдөөгийн хүмүүсийн соёлын зөрүү нэлээн гарна аа. Нээрэн сумдад Соёлын төвөөс өөр соёл түгээх газар алга. Сумдууд Соёлын төв нэхээд байдаг нь үнэхээр аргагүй юм билээ шүү. Соёлын хэрэгцээг нөхөх газаргүйн сул тал нь нийгэмших, олон хөлийн газрын соёлд сурах нтр хоцрохоос яахав дээ.

5. Эмнэлэг

Аль ч суманд эмнэлэг, эмч байж л таарна. Чанар, нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо гээд ярьвал харин тусдаа хэрэг. Сум, аймаг, хот гээд явж өгөх болно, зарим тохиолдолд. Ж нь, намар хүүхдийн шүд өвдөхөд Мөрөн оров, буудалд хонов. Зардал талийж өгөх юм билээ. Үүнийг бас бодлогоор шийдэх байх. Аймаг, хотын төв эмнэлгүүдийн дэргэд хямд үнэтэй, эмнэлэгт үзүүлж буй, эмнэлэгт буй хүнийг сахиж буй гэх мэтийн бичиг, оноштой хүмүүст хоноглох буудал маягийн зүйл хийх ёстой гэж хараад байгаа. За хадуурсан.

САЙН ТАЛ

Энэ хүртэл сул талууд дурдлаа. Гэхдээ дурдсан шалтгаан нь сэтгэл зүйг тань бэлдэхээс гадна "боломж" гэж олж хараасай гэж хүссэн хэрэг. Дээрх сул талыг нөхөх санаа байгаа бол боломж болчихно шүү дээ.

Сайн тал мэдээж бий. Өчнөөн бий.

- Агаар салхи, нар хур гээд байгалийн хүчин зүйл ойлгомжтой.

-Түгжрэлгүй. Энэ уул нь давуу тал мөн ч нэг талаараа хөдөөд хүн бага, хөгжил дутмагийн л илрэл шүү дээ. Сайн тал нь түгжрэлгүй тул гэр бүлдээ цаг зарцуулах боломж олгож байна. Хоногийн 24 цагийн 25 цагт нь хамт байгаа хойно ялангуяа хүүхдүүдэд сайхан л.

- Эгэл жирийн, нам гүм, илүү дутуу маяггүй, байгаадаа сэтгэл хангалуун амьдарч сурах юугаар ч үнэлэмгүй боломж хөдөөд байна.

-Эх орноо, хүн зоноо, өөрийгөө олж харах, ойлгох, бодох сайхан завшаан. (Улс төрд орно оо гэж боддог бол залуус яваад үзээсэй)

-Ажлын байр өөрсдөө бий болгох, өөрсдөө хөлжингөө нутаг орныг дам хөгжүүлэх асар олон боломж, нөөц байна. Гаднаас нь, шинэ нүдээр харж чадвал, зохих хэмжээний туршлага хуримтлуулсан бол, зориг зүрх байгаа бол мөнгө олж болох санаа, боломж газраар нэг хөглөрч байна.

ТӨГСГӨЛ

Яг SWOT анализ хийхээр сул тал нь ихдэх гэдэг. Үнэнээрээ л байсан нь дээр учраас одоо санаж байгаагаа жагсаалаа. Шууд л "хөдөө гар, хөдөөг хөгжүүл, хот муухай" гэдэг агуулга өгөхийг хүссэнгүй. Ялангуяа залуусыг хэт хөөргөдөөд байх дэмий байх өө. Амарч зугаалах гээгүй амьдрах гэж байгаа шүү дээ. Гэвч хүн гэдэг нь материаллаг хэрэгцээнээс гадна материаллаг бус буюу сэтгэл, оюуны хэрэгцээ өндөртэй улс. Тэр хэсэг чинь хөдөөд байна аа, байна.

За иймэрхүү, дээр дурдсан зүйл бүрээр урт юм бичиж чадахаар байгаа ч яршиг өө, зав алга өө.

Түүний өмнөх нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана
УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана
 
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.