/2022.1.3/ Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-2022 онд эдийн засгийг хэрхэн харж байна вэ?
-Монголын эдийн засгийг тун товч тайлбарла гэвэл “Бид гурван боомт, гурван түүхий эдээс хамааралтай” ийм л улс. Хэдийгээр агаарын, замын гэх мэт албан ёсны 46 боомттой ч Нарийн сухайт, Гашуун сухайт, Замын-Үүд гэсэн гурван боомт ажиллавал экспорт, импорт нь явна, гацвал гацна. Нийт экспортын 90 хувийг уул уурхай, түүний 70 хувийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр гурав эзэлнэ. Энэ гурван түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнэ ханш өсвөл манай орлого өснө, буурвал бууна.
2021 онд төсвийн орлого нэлээд сайн бүрдэж, гадаад худалдаа /экспорт/ 8,8 тэрбум долларт хүрсэн бөгөөд үүний 6 тэрбум гаруйг зөвхөн нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр гурав эзэлнэ. 2020 онд экспортын орлого 7,5 тэрбум доллар байсан. Энэ жилийн хувьд өндөр өссөн шалтгаан нь зөвхөн дээр дурьдсан гурван түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт. Түүнээс олборлосон биет хэмжээг нь үзвэл аль нь ч өсөөгүй. Харин ч 2021 онд 28,7 сая тонн нүүрс олборлох байтал биелэлт нь 16 сая тонн байсан.
НҮБ-ын Худалдаа хөгжлийн байгууллагаас улс орнуудыг түүхий эдийн хамаарлаар нь судлан гаргадаг. Өнгөрөгч хавар гаргасан судалгаанд Монгол Улсыг уул уурхайн цөөн хэдэн бүтээгдэхүүнээс шууд хамааралтай буюу зөвхөн эдгээр түүхий эдээс 75 хувийн хамааралтай гэдгийг тодотгосон. Манай улстай ижил орнуудад Замби, Чили улсууд ордог.
Эцэст нь дүгнэхэд, 2021 оны хувьд азаар дээрх бүтээгдэхүүний үнэ өслөө. Харин 2022 он бол эрсдэлтэй.
-Манай гол нийлүүлэгч Хятадын эдийн засаг 22 онд саарах төлөвтэй байгаа.
-Дэлхийн банк арваад хоногийн өмнө Хятадын эдийн засгийн өсөлтийн төлвийг 5,7 хувьтай байна гэх таамаг гаргасан. Эдийн засгийнх нь өсөлт саарахад олон хүчин зүйл нөлөөлж байгаагаас үл хөдлөхийн зах зээл, худалдан авалт зэргээс гадна сүүлийн үед Тайвань, Уйгар Шиньжаны асуудлаас болж АНУ-аас хятадад удаа дараа хориг арга хэмжээнүүдийг авч байна.
-Гэхдээ дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ нэлээд өсөх нааштай хүлээлт байгаа шүү дээ?
-Тэр чинь холын таамаглал. 2020 онд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн эрэлт буурснаар үнэ нь унасан. 2021 онд сэргэсэн шүү дээ. 2022 оны хувьд төмрийн хүдрийн үнэ жишээ нь аль хэдийнээ буураад эхэлчихсэн. Найдаж болох үнийн өсөлт зэсийн баяжмал дээр гарч болзошгүй. Гэхдээ манай улсын хувьд зэсийн баяжмал гаргаж байгаа биет хэмжээ нь Оюутолгойн гэрээ нэг тийш шийдэгдтэл нэмэгдэхгүй. Бидний өөрчилж чадах зүйл бол нүүрс болон алт. Алт, нүүрс хоёроос бусад нь биднээс огт хамаарахгүй. Бид ирэх жил эдийн засаг дандаа өснө гэж төлөвлөсөн ч бодит байдал дээр ийм байх боломжгүй. Сүүлийн үед улсын төсвийн төлөвлөж байгаа байдлыг харахаар маш үрэлгэн байгаа.
-Тэгвэл төсвийн орлогыг эергээр төсөөлж, зарлагыг нэлээд өндөр тавьчихсан даа?
-2022 онд 15,8 их наяд төгрөгийн орлого олохоос 4 их наядыг нь уул уурхайгаас төвлөрүүлнэ гэж төлөвлөсөн. 2021 онд төсвийн орлого талдаа биелсэн ч зөвхөн түүхий эдийн үнийн өсөлтийн ачаар шүү дээ. Гэтэл төсвийн зарлага маш өндөр. Манай улсын төсвийн зарлага 2017 оноос хойш маш хурдацтай өсөж байна. 2017 онд төсвийн зарлага 7 их наяд байсан бол 2021 онд 14 их наяд болсон нь ердөө таван жилийн дотор хоёр дахин өссөн үзүүлэлт.
-Бусад улс орнуудын төсвийн зарлага нь бас өндөр байна уу?
-Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд Засгийн газрын зах зээл дэх оролцоо бага байдаг тул баруун европын орнуудын төсвийн зарлага бүр бага. Төсвөөрөө дамжуулж зардаг мөнгө нь ДНБ-д /Дотоодын нийт бүтээгдэхүүн/ эзлэх зарлага нь 20 хувиас хэтэрдэггүй. Харин зүүн европын улсуудын хувьд 25 орчим хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ ¼ -ийг Засгийн газрын шийдвэрээр улсын төсвөөрөө дамжуулан зарцуулж байна. Манай улсад энэ хэмжээ 38,8 хувьд хүрчихээд байна. Шилжилтийн эдийн засагтай бусад улсуудад ч ийм өндөр зарлагатай орон байхгүй.
Бүр хүндрэлтэй байдалд орсон Албани гэх мэт ганц нэг орон л 35 хувьтай байж магад. Энэ нь Монгол Улс зах зээлийн эдийн засаг гэдэг утгаасаа улам бүр холдож байгаагийн илрэл.
-Гурван боомтын нэг болох Замын-Үүд Эрээний боомт дээр энэ хавар нэлээд асуудал үүсэх байх. Хятад улс олимп дуустал хилээ нээхгүй нь ч ойлгомжтой болох шиг боллоо. Энэ асуудлыг шийдэх эдийн засгийн ямар арга зам байгаа бол?
-Замын-Үүдээс Эрээн хүртэлх зай 12-15 км л байдаг. Гэхдээ ямар ч бартаа саадгүй тэгш газар. Манай улс Эрээнээс ачаагаа автомашинаар болон галт тэргээр зөөвөрлөдөг. Галт тэрэгний хувьд дээд урт нь 14 вагон л байх ёстой. Очоод дугуйг нь солино гэх мэтээр хугацаа их зарцуулдаг тул хэчнээн хурдан явсан ч галт тэргээр ачаа зөөх үйл явц хязгаарлагдмал. Тэгвэл бидэнд гурав дахь боломж бас байгаа юм. Тэр нь олон төрлийн тээврийн хэрэгсэл ашиглах буюу нэг траканд 2 ба түүнээс дээш чиргүүл залгах. Энэ аргыг газар нутаг томтой, ачаа таваар ихээр тээвэрлэдэг Австрали зэрэг улс орнууд ашигладаг. Нэг чиргүүл нь л 100 тоннын хүчин чадалтай гэхээр маш гайхалтай үр дүнтэй. Манайх одоо бол нэг машин 80 тонн л нүүрс гаргаж байгаа. Энэ боломжийг бий болговол ачаа эргэлт огцом сайжирч, хурдасна.
Техникийн бэлтгэл ажиллагаа 2-3 сар, мөн жолооч нараа төдий хугацаанд бэлтгэнэ биз ээ. Ирэх онд зарлачихсан олон зорилтоо шийдэхийн тулд энэ ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй.
-Боомтоо бас сайжруулах хэрэгтэй болох байх даа.
-Одоохондоо байгаа хүчин чадал дээрээ энэ техникийн шинэчлэлийг хийхэд л болно. Гол нь ачаа бараагаа ахиухнаар, хурдан хугацаанд хил нэвтрүүлэх л юм. Хил нэвтрүүлсний дараа бол асуудлыг шийдэхэд амар.
Эхний ээлжинд Эрээнээс Замын-Үүд рүү нэн яаралтайгаар, их хэмжээгээр ачаа бараагаа нэвтрүүлэх шаардлагатай. Ингэж шийдэж чадахгүй бол бөөгнөрсөн бараа, тэндээс шинээр захиалж оруулж ирэх бараа, зарлагдсан тендэрийн дагуу ачаа таталт гээд энэ хавар маш их бөөгнөрөл үүсэх болно. Шийдэж чадахгүй бол дахиад л инфляци нэмэгдэнэ.
Одоо харин хил хаалттай байна гээд байхаар бэлтгэл ажиллагаагаа л сайн хийх хэрэгтэй. Удирдлагын түвшинд Хятадын талтай дараах төрлийн тээврийн хэрэгслээр ачаагаа татна гэдгээ тохиролцох хэрэгтэй. Гүйцэтгэлийн түвшинд бэлтгэл үйл ажиллагаагаа хангах нь зүйтэй.
-Инфляци 2021 онд бараг 10 хувьд дөхлөө. Гэхдээ энэ нь зөвхөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний л үнийн өсөлт. Үүний хажуугаар импортын барааны үнийн өсөлтийг тооцсон бол нэлээд өндөр гарах болов уу?
-Инфляци хоёр янз. Манайд хэмжээд, зарлаад байгаа нь CPI буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг инфляцид тооцож байгаа. Сагсанд ордоггүй цемент, тоосго гэх мэт бараа бүтээгдэхүүн нь PPI гэдэг ангилалд ордог. Манайх энэ хэсгийг огт тоодоггүй учир хэрэглэгчид очдог өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний л инфляцийг тооцдог. Малын тооллогоор 67 сая мал тоологдсон нь өнгөрсөн оныхоо хэмжээнд байна. Тэгэхээр махны үнэд гарах өөрчлөлт нь тийм их биш болов уу. Гол асуудал нь импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний асуудал байна. Хилийн асуудлаа одоо хүртэл шийдээгүй байна. Хойд хөршийн хувьд инфляци нь 8,6 хувь байна.
ОХУ экспортынхоо бараа бүтээгдэхүүнд квот тогтоосны дотор химийн бордоонд арванхоёрдугаар сарын 1-нээс эхлээд зургаан сарын хугацаатай квот тогтоолоо.
-Хаврын тариалалтын үе таарах нь ээ?
-Энэ нь зөвхөн бордоо биш юм. Химийн бодисын хувьд нитрат аммония гэдэг бодис байдаг. Энэ нь химийн бордоо, мөн тэсрэх бодисонд ордог. Уул уурхайн тэсэлгээнд хэрэглэдэг гэсэн үг.
Энэ бодис удаан тасарвал манай уул уурхайн салбарт хүндрэл учирна. Үүний зэрэгцээ ОХУ улаанбуудайн экспортдоо квот тогтоохоор яриа хэлэлцээ өрнүүлж байна.
-Долларын ханшийг хүчээр барьж байна. Долларын данс хооронд гүйлгээ хийхийг хориглох, долларын хадгаламжийн хүүг бууруулах гэх мэт арга хэмжээ авч байна. Төгрөгийн хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн нь үүнтэй холбоотой ч байж болзошгүй. Гэвч энэ нь хэдий хүртэл үргэлжлэх бол?
-Төв банк банкуудын захиалгаар валютын дуудлага худалдааг цахимаар явуулдаг. Эндээс харахад хэвийн байна. Гагцхүү хил хаалттай учир ганзагын наймаачид худалдаа хийхгүй, хил гаалиар зорчих боломжгүй байгаа нь долларын нийлүүлэлтэд эерэгээр нөлөөлөөд байгаа юм. “Найман шарга зах валютын ханшийг тогтоодог” гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Найман шарга дээр валютын эрэлт бага байгаа учраас л ханш хэлбэлзэхгүй байгаа юм. Төв банкан дээрх үйл ажиллагаа хэвээрээ л явж байгаа.
Гэхдээ хил нээгдвэл эрэлт үүснэ. Хавраас бараагаа шинээр татах шаардлага гарна. Ирэх хаврын хувьд үүсэх валютын эрэлтийг хангаж чадах уу гэдэг төвөгтэй.
-Ямар арга хэмжээ авч хаврын савлагааг давах боломжтой байх вэ?
-Тансаг хэрэглээний татварыг нэмнэ гэж ярьж байх шиг байсан. Энэ нь худалдан авалтыг зөв тийш чиглүүлэх бас нэг боломж. Жишээ нь, өндөр үнэтэй автомашины татварыг нэмдэг ч юм уу. Тэгэхээр ид бүтээн байгуулалтын цаг үедээ тансаг хэрэглээний худалдан авалтыг бууруулж, нэн хэрэгцээтэй байгаа барилгын материал зэрэг бусад бараа бүтээгдэхүүний худалдааг дэмжих нэг хэлбэр.
-Ковидын хуулийг оны өмнөхөн сунгалаа. Үүнийг та хэрхэн харж байна?
-Хуулийн хэлэлцүүлгийн явцаас харахад нэг л зүйл дээр ахиц гарч. Түрүүнд нь төсөвтэй холбоотой нэг заалт оруулсан нь төсвийн ерөнхийлөн захирагч хоорондоо мөнгөө шилжүүлэн баталж болно гэх заалт байлаа. Жишээ нь, Байгаль орчны сайд багцаасаа Нийгмийн хамгааллын сайд руу шилжүүлчихэж болно гэж Сангийн сайд тайлбарласан. Гэтэл энэ нь Төсвийн тухай хуулиар хориотой.
Нэг хуулиар нь зөвшөөрч, нөгөөхөөр нь хориглосон ийм алдаатай бодлого нэг жил үргэлжилсэн. Хэрвээ сөрөг хүчнийхэн овсгоотой байсан бол энэ асуудлыг шүүрэн авч ашиглах боломжтой байлаа.
Түрүүнд нь Л.Одончимэд Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд байхдаа яг ийм асуудлаар огцорч байсан шүү дээ. Энэ алдаагаа засахыг эдийн засагчид жил шахам хэлж, сануулсан. Гэтэл сая Цар тахлын тухай хуулийг сунгах эсэх талаар хэлэлцэх болоход Засгийн газар дахиад энэ алдаагаа оруулсан. Энэ бол хууль зөрчиж байгаа, засаглалын зарчмыг зөрчиж байгаа асуудал. Засгийн газар дураараа сайд нарын багцыг хольж сольдог бол УИХ төсөв батлах шаардлагагүй. Аль ч улсад ингэж болдоггүй. Парламентын засаглалтай учир төсвийг болон төсвийн тодотголыг УИХ л батална. Тиймээс энэ асуудлыг УИХ хүлээж аваагүй. Энэ нь дэвшил байлаа. Цаашдаа төсөвт өөрчлөлт орохоор бол тодотголоор л шийднэ.
-Иргэдийн цахилгааны төлбөрийг тавдугаар сарын 31-нийг хүртэл улс төлөхөөр болсон. Яг ингэх шаардлага байсан юм болов уу?
-Хоёр талтай асуудал юм л даа. Нэг талаасаа иргэдэд хэрэгтэй мэт боловч нөгөө талдаа Эрдэнэт үйлдвэрт хүндрэл учруулж буй хэрэг. Өнгөрсөн жил хөнгөлөлт үзүүлэхээр болоход тус үйлдвэрийн захирал Байнгын хорооны хуралдаанд “Энэ мөнгө бол Эрдэнэт үйлдвэр тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх байсан мөнгө” гэж хэлж байсан. Энэ жил тэгэхээр дахиад сунгаж байна гэдэг Эрдэнэт үйлдвэр тоног төхөөрөмжийн шинэчлэлтээ хойшлуулаад байна л гэсэн үг.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.