/2021.12.30/: Өнгөрсөн 30 жилийн хугацаанд геологи, уул уурхайн салбарын хамгийн гол хууль болох Ашигт малтмалын тухай хуулийг 1994 онд анх баталж, 1997, 2006 онд тус тус шинэчлэн найруулжээ. Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар зах зээлийн нийгмийн үед геологи, уул уурхайн салбарыг зохицуулах эрх зүйн шинэ харилцаа, орчин бүрдсэн юм.
АМТХ нь “Алт” хөтөлбөр эрчимтэй хэрэгжих бололцоог бүрдүүлсэн. 1991 онд алтны олборлолт жилд 800 кг байсан бол “Алт” хөтөлбөрийг баталж хэрэгжүүлснээр 2001 онд 13 тоннд хүрч нэмэгдэж байсан юм.
- 1994 он. Ашигт малтмалын тухай хуулийг Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцүүлж баталсан.
- 1997 он. Ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдсанаар хайгуул, ашиглалтын цоо шинэ эрх зүйн орчин бий болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломж бүрдсэн
Уг хууль хэрэгжсэнээр 2006 он хүртэлх хугацаанд Монгол улсын нийт газар нутгийн 44 хувьд нь 6000 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож, хайгуулын үйл ажиллагаа ихээхэн идэвхжсэн. 2000 оны дунд үе гэхэд Монгол улс дэлхийн хайгуулын ажлын нийт санхүүжилтийн 4 хувийг татсан байдаг.
- 2006 он. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх нийгмийн шахалт бий болж, 1994, 1997 оны хуулийн үзэл баримтлалд тусгагдсан асуудлыг нэгтгэн боловсруулж гаргасан. Уг хуульд төрийн оролцоог оруулсан нь Үндсэн хуулийн 6.1 заалтыг хэрэгжүүлэх оролдлого байв. Энэ хуульд өмнөх хуульд байгаагүй зарчмын хэд хэдэн өөр зохицуулалт нэмэгдсэн. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилал бий болж, уг ангилалд багтсан ордыг ашиглахад төр хувь эзэмшиж оролцохыг хуульчилсан.
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА САЛБАРТ ЦОГЦ ЗОХИЦУУЛАЛТЫГ БИЙ БОЛГОНО
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий төр болон хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг багтаасан Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/332 дугаар тушаалаар байгуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зайлшгүй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрдэс баялгийн салбарт үйлчилж буй 10 хуульд дүн шинжилгээ хийж нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл буйг тогтоож, шийдвэрлэх шаардлагатайг тодорхойлсон юм. Мөн “Монгол улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын 131-д “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 онд боловсруулахаар, түүнчлэн Засгийн газрын 2021 оны 14 дүгээр хуралдааны тэмдэглэлд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан уг хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх чиглэлээр холбогдох хуулиудын төслийг боловсруулж, Улсын Их хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах зайлшгүй шаардлага тулгарсан.
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ГОЛ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ НЬ
- Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах,
- Эрдэс баялгийн салбарт үйлчилж байгаа хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах
- “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан уг хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх
- Салбарын шинэчлэлийг зайлшгүй хийх гэсэн асуудал байна.
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛСНААР ЯМАР ЭЕРЭГ ҮР ДҮН ГАРАХ ВЭ?
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуул, ашиглалт, баяжуулалт, борлуулалт, байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлт, уурхайн хаалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, уул уурхайн эрсдэлийн удирдлага, орон нутгийн уялдаа холбоо зэрэг бүхий л асуудлыг хамрах бөгөөд салбарын удирдлагын тогтолцоог цогцоор шийдсэн эрх зүйн зохицуулалттай болно. Үүнд:
- Уул уурхайн үйл ажиллагаа эрэл, хайгуулын шатнаас эхлэн төлөвлөгдөж хаагдах хүртэлх бүх үе шатанд нээлттэй, ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлсэн бүрдүүлснээр байгаль орчны хамгаалал нэмэгдэх, нутгийн удирдлагын болон олон нийтийн оролцоо хангагдана.
- Уурхайн хаалтын шинэ тогтолцоог санхүүгийн баталгааны механизмтай уялдуулан бий болгосноор уул уурхайн үйл ажиллагаанд өртөгдсөн аливаа газар нөхөн сэргээгдэхгүйгээр эзэнгүй орхигдох эрсдэл багасна.
- Олон улсын шилдэг техник, технологийг нэвтрүүлэн аливаа эрсдэлийг тодорхой хэмжээгээр урьдчилан харж чаддаг тогтолцоог бий болгосноор уул уурхайн хөгжлийг дэмжиж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна.
- Учирч болох аливаа эрсдэлийг бууруулснаар уул уурхайн үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг тогтвортой нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэн эдийн засгийн чадавхи, баталгаа сайжирна.
Хайгуулын салбар нь асар их хөрөнгө оруулалт шаарддаг. Уул уурхайн үйлдвэрлэлээс дор хаяж 10 жилээр түрүүлж явагдаж байх учиртай тус салбарын хөрөнгө оруулалт өнөөдөр хангалтгүй байна. Хэдийгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгож байгаа ч, шинээр олгож буй тусгай зөвшөөрлийн тоо цөөн байна. Тухайлбал, 2020 онд 40 хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд нэг тусгай зөвшөөрлийг олгоход шаардагдах хугацаа дунджаар 35 хоног байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг 2-3 хувилбараар олгохоор тусгаж буй. Олборлолтоос боловсруулалт руу шилжиж байгаа өнөөгийн түүхэн цаг үе, ирээдүйн хөгжлийг Ашигт малтмалын тухай хууль зураглана