Өнөөдрийн байдлаар Хүнс тэжээлийн дэмжлэг авдаг 250 орчим мянган иргэн байна. Эдгээрийг задалж үзвэл:
- Хүүхэд 111 мянга гаруй хүүхэд
- Ахмад настан 9670
- Хөгжлийн бэрхшээлтэй 17 мянга гаруй
- Хөдөлмөрийн насны иргэн 114 мянга гаруй
Хүнсний дэмжлэгийн хүрээнд хүүхэд 8 мянга, том хүн 16 мянган төгрөгийн дэмжлэгийг авдаг. Он гарснаас хойшх эхний зургаан сард энэ дэмжлэгт 17,5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулаад байна.
Хүнсний дэмжлэг авдаг өрхүүдийн 41 хувь нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хамрагдаж байгаа ажээ.
ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРЖ БАЙНА ВЭ?
Хүнсний дэмжлэгт хамрагдах ёсгүй өрхүүд авдаг, эрх олгоход ашиг сонирхлын зөрчил үүсдэг зэрэг бодит шалтгаанууд дээр үндэслэн Хүнсний дэмжлэг олгох журамд зарим өөрчлөлтийг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн яамнаас оруулахаар болсон юм.
Өөрчлөлтийн хүрээнд дараах өрхүүд ХАСАГДАНА:
- 200+ малтай 839 өрх
- 2+ автомашинтай 53 өрх
- 2+ байртай 6 өрх
Ингээд дээрх өрхүүдийн нийт 3099 насанд хүрэгч, 2426 хүүхэд Хүнсний дэмжлэгээс хасагдаж байна. Ингэснээр жилд 826 сая төгрөгийг улсын төсвөөс хэмнэнэ. Эс бөгөөс илүү зорилтот, авах ёстой хүмүүст нь тусламжийг өгөх боломж нээгдэж байна.
Нэмэлт БОЛОМЖУУД дараах байдлаар бий болж байна. Үүнд:
- Хаягийн зөрчилтэй ч, шаардлага хангасан тохиолдолд хүнсний дэмжлэгт хамрагдаж болно
- Хүнсийг авах дэлгүүрийн сонгон шалгаруулалт гэж зүйл байхгүй болсон. Түрүүнд нь хорооны нийгмийн ажилтан дэлгүүрийн сонгон шалгаруулалт хийдэг байсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг байв. Мөн ингэснээр элдэв тайлан тооцоо нийлэх зэрэг хүндрэлүүд үгүй болсон.
- Бараа бүтээгдэхүүний үнэ, иргэдийн сонголтыг харгалзан НӨАТ-ын баримт олгодог 235 мянга гаруй хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөс сонголт хийх боломжтой болсон
ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТ:
Хүнсний талон олголт нь хоёр жилийн хугацаатай болжээ. Энэ хугацаанд тухайн өрхөд хоёроос дээш ажлын байр санал болгох бөгөөд татгалзсан тохиолдолд Хүнсний дэмжлэгийг зогсоох арга хэмжээ авна.
ИРГЭД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?
Иргэн Б.Оюунбаатар:
- Энэ их зөв алхам аа. Манай улс бүр халамжийн улс орон болж дууссан. Халамж аваад, ажил хийх сонирхолгүй. Энэ чинь хүмүүст сайн сайхан юм хийж байгаа хэрэг огт биш. Энэ бол алсуураа хорлож байгаа хэрэг юм.
Иргэн Д.Тунсагдулам:
- Ажил хийх сонирхолтой хүн байхгүй болсон. Ажлын зар хэчнээн тавиад ирэх хүн байхгүй. Энүүний шалтгаан чинь ерөөсөө энэ халамж шүү дээ. Харахаас халамж авах шаардлагагүй хүн л аваад байгаа нь өөрөө буруу байгааг л харуулаад байгаа юм.
Иргэн Х.Амин:
- Хэрэгтэй хүмүүстээ хэрэгтэй л байдаг байх. Сайн ялгаж, салгах нь зөв.