Б.Түвшин: Хавдрын өвчлөлийг орон нутагт нь эмчилж чадвал хотод ачаалал буурна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Түвшин: Хавдрын өвчлөлийг орон нутагт нь эмчилж чадвал хотод ачаалал буурна

Зургийн тайлбар: Б.Түвшин Хөвсгөл аймгийн иргэнд ургац хураалтанд тусалж буй нь

Зөвхөн Хавдар судлалын Үндэсний төвд хийдэг нарийн мэргэжлийн мэс засал, эмчилгээг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт есдүгээр сараас хойш хийж байна. Орон нутагт ажиллаж, өөрийгөө сорихоор шийдсэн Б.Түвшин эмч "булган сүүл" дагуулж, араасаа Хавдар судлалын Үндэсний төвийн нарийн мэргэжлийн гурван залуу эмчийг "урвуулчихсан" ажиллаж байгаа нь энэ.

Ямар хүсэл зоригоор ийнхүү тэд орон нутгийг зорих болсон талаар Б.Түвшин эмчтэй онлайнаар холбогдож, ярилцлаа.

-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Баясгалан овогтой Түвшин гэдэг. Би Нэгдүгээр дунд сургуулийг төгсөж, дараа нь Анагаахын шинжлэх ухааны Их сургуулийг дүүргэсэн. 2016 оноос Хавдар судлалын үндэсний төвд таван жил ажиллажээ. Миний нарийн мэргэжил бол хавдрын мэс засал тэр дундаа ходоод гэдэсний хавдар. Япон, Солонгос, Тайваньд зэрэг азийн орнуудаар суралцаж нарийн мэргэжлээ дээшлүүлсэн.

ОРОН НУТАГТ АНХ УДАА ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭ, МЭС ЗАСЛЫГ
ХИЙСЭН ТОХИОЛДОЛ

-Иргэд өөрсдөө ирээд эмчлүүлэх боломж байсаар байтал орон нутагт нь очиж эмчлэхийн шаардлага юу байсан бэ?
-Хавдар судлалын төвд ажиллаж байхад орон нутгаас, бүр холын аймгуудаас ирж байгаа өвчтөнүүд эдийн засаг, ахуй амьдрал гээд бүх талаас нь харахад их хэцүү санагддаг. Эмчилгээний зардлаас илүүтэй хагалгаанд орох ээлжээ хүлээх хугацаанд зарцуулах бүхэн, замын зардал гээд л. Зүрх нь өвдсөн хүн зүрхээ үзүүлээд, ходоод нь өвдсөн хүн ходоодоо эмчлүүлээд явж болдог. Гэтэл хавдар бол өөр мэс засал. Хими болон туяа эмчилгээ хийлгэнэ, цаг их орно.

Хотод орж ирээд энэ бүх эмнэлэгийн үйлчилгээг авч байгаа иргэд маань үнэхээр хүнд байдалд байгаа нь илтэд мэдэгддэг байсан.

Энэ талаар найз Л.Хануй болон бусад үеийнхээ нөхөдтэй ярилцлаа. Бид бүгдээрээ энэ үйлчилгээг хүнд нь ойртуулах хэрэгтэй юм гэдэг дээр санал нэгдсэн. Ер нь хүний үндсэн том эрх бол өөртөө ойр газраас хүртээмжтэй, чанартай эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах шүү дээ.

-Энэ эрхийг эдлүүлэх үүрэг нь төрийнх биз дээ?
-Тэр бол тийм. Гэхдээ төр бол боломжийг л бүрдүүлж өгөх үүрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 3-р тогтоол батлагдаж, эмнэлэгүүд гүйцэтгэлээрээ санхүүжих болсон нь бид ийм ажил хийх боломжийг нээж өгсөн. Заавал төр бүх зүйлийг хийж өгнө гэж хүлээхгүй залуу хүмүүсийн амбицаараа зүтгэсэн. Хэд хэдэн аймагтай холбогдтол Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн удирдлага их нааштайгаар хүлээн авч, ажиллах хүсэлт тавьсан. Тэдний хувьд мөн хавдрын өвчлөлийг бууруулах, нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээг ард иргэддээ хүргэх хүсэл зорилготой байсан юм билээ. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга Оюунжаргал “Бидний зорилго нэгдэж байна, Та хагас жилийн хугацаатай ирж ажиллаад, нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээний суурийг тавьж өгөөч” гэдэг санал тавьсан. Гэхдээ тухайн үед би Япон улс руу сурахаар явах гэж байлаа. Учир нь 2020 онд би Японы Засгийн газрын тэтгэлэг авч, PhD сурахаар болсон байсан юм.

-Тэгээд Япон Улсад суралцахаа хойшлуулсан хэрэг үү?
-Ярилцаж байгаад нэг удаадаа хойшлуулахаар болж, наймдугаар сарын 31-нд гэр бүлээрээ наашаа гараад давхисан даа. Биднийг энэ ажлыг хийхэд эмнэлэгийн зүгээс дэм болсноос гадна сайхан сэтгэлтэй хүмүүс ч бас тусалсан. Дээр өгүүлсэн, энэ ажлыг хамтдаа санаачилсан найз Л.Хануй маань цээжний хөндийн мэс заслын эмч.

Манай гэр бүлийнхэн энд ирээд удаагүй байтал Л.Хануй ч ирсэн. Ирснээсээ хойш бид хамтдаа гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг мэс заслыг 20 гаруй хүнд хийсэн байна. Ажил дажгүй л явж байна.

-Орон нутагт өмнө нь хавдрын мэс засал ингэж олон удаа хийж байсан болов уу?

Б.Түвшин, Л.Хануй нар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хавдар бүхий элэгний
зүүн дэлбэн тайрах мэс засал хийж буй нь

-Орон нутагт анх удаа хавдрын мэс заслыг хийсэн тохиолдол. Улсын хэмжээнд хавдрын эмчилгээ, мэс заслыг зөвхөн гуравдугаар шатлалын эмнэлэгт л хийдэг. Өөр газар хийдэггүй. Тиймээс 21 аймаг, 9 дүүргийн бүх хүн шаардлага гарвал Хавдар судлалын Үндэсний төвд ханддаг.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Нэгдүгээр эмнэлэгүүд сүүлийн үед хийж байгаа. Хувийн эмнэлэгээс Интермэд, Сонгдо хийж байгаа болов уу. Энэ оноос эхлээд Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Гурван гал эмнэлэгт цөөн тоогоор орж эхэлсэн.

-20 гаруй хагалгааг гурван сарын хугацаанд хийсэн гэхээр хэр их тоо вэ?
-Энэ бол бидний тусалж чадах хэмжээний л тоо юм. Өөрөөр хэлбэл, бид эрт оношилж, яаралтай арга хэмжээг авч чадсан гэсэн үг. Гэтэл үүний хажуугаар хожуу үедээ оношлогдсон хүмүүс ч бий. Хөвсгөл аймагт жилдээ 300 орчим хорт хавдрын тохиолдол оношлогддог. Бидний хийж буй ажил жигдрээд эхэлвэл хийгдэх мэс заслын тоо цаашдаа олон болох төлөвтэй. Тэгэхээр энэ тийм их тоо биш юм.

-Хавдрын нөхцөл байдал ийм их байхад аль ч аймагт өдийг болтол хавдрын хагалгаа, эмчилгээг хийдэггүй нь бас их харамсалтай юм аа?
-Зайлшгүй л хийх ёстой санаачилга. Энийг аймаг бүрт биш юм гэхэд ядаж бүсчлээд ч болтугай хийх ёстой.

БИД ХӨГЖИЖ, НАСЖИЛТ НЭМЭГДВЭЛ ХАВДАР НЭМЭГДЭХ НЬ ЗАЙЛШГҮЙ.
ГАГЦХҮҮ ЭРТ ОНОШЛОХ ЧУХАЛ

-Хавдрын шалтгаантай нас баралт нийт хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаарт жагсаж байхад шүү дээ?
-Наадх чинь бол үнэн. Гэхдээ “Хавдар маш их” гэдэг андуу ташаа ойлголт яваад байдаг. Манай улс хавдрын тохиолдлын тоо их, гэвч туйлын их биш. Дэлхийд жаран хэдэд жагсдаг. Өндөр хөгжилтэй орнууд манай “дээгүүр” орно.

Өөрөөр хэлбэл, хүн өндөр наслах тусам хавдрын шалтгаан нэмэгддэг. Хавдаргүй орнууд бол хүмүүс нь 50 хүрэхээсээ өмнө нас барчихдаг ядуу улс орнууд шүү дээ.

Манай улсад элэгний хавдар л хэт их. Тэгэхээр энийг сайтар ойлгох ёстой. Харин хорт хавдрын нас баралтаараа дэлхийд дээгүүр ордог. Эрт оношилж, эрт эмчилгээг эхлүүлэх шаардлагатай гэсэн үг. “Хавдар аймаар их байна” гэж айж зугатах биш харин түүнийг даван туулах арга замуудыг тодорхойлох нь зөв. Нийгмийн эрүүл мэндийн боловсролыг иргэдэд олгох шаардлагатай. Ингэж хавдрын шалтгаант нас баралтыг бууруулна. Харин бид цаашдаа хөгжвөл хавдрын өвчлөл улам нэмэгдэнэ л гэсэн үг.

-Тухайн нутагт нь эмчилгээний арга барилаа үлдээх, нутагшуулахын ач холбогдол нь юу вэ?
-Нутагшуулахад, цаашид үйл ажиллагаа нь жигдрэхэд мэдээж цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ орон нутгийн эмч, ажилтнууд хангалттай ур чадвартай. Энэ тийм хэцүү асуудал ч биш.

Хэрвээ орон нутагт хавдрын зонхилох асуудлуудыг шийддэг болчихвол хотод гуравдугаар шатлалын эмнэлэгүүдийн ачаалал буурна. Ингэвэл том эмнэлэгүүд маань гадаадад гарч эмчлүүлээд байгаа тэр өвчнүүдэд анхаарч, судалж, дотооддоо эмчилдэг болж, хөгжиж эхэлнэ.

Ингэвэл гадагшаа урсаж байгаа мөнгөн урсгалыг зогсох боломжтой. Эс тэгвэл улсынхаа өнцөг булан бүрээс ирсэн өвчтөн бүхнийг эмчилнэ гэвэл эмнэлэг нь ч хөгжихгүй, өвчтөнүүд нь ч хожихгүй.

АР ГЭРИЙНХНЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛД ОРУУЛАХААС ЭМЭЭСЭНДЭЭ ХОТ ОРЖ ЭМЧЛҮҮЛДЭГГҮЙ ЮМ БАЙНА

-Есдүгээр сард очсон гэхээр гурван сарын хугацаанд 20 гаруй томоохон хагалгааг хийжээ. Орон нутгийн эмнэлэгийн тоног төхөөрөмж, мэс засалд хамт орж байгаа багийнхны ур чадвар нь хэр байна?
-“Хөдөөний эмч нар тааруу” гэж боддог нь тун буруу, худлаа. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа эмч, сувилагч нар ерөнхий мэс засал хийх мэдлэг, чадвар тун сайн. Дараагийн түвшинд гарахад бэлэн байна. Багаж, тоног төхөөрөмжийн хувьд бид шийдэж чадсан. Яг л гуравдугаар шатлалын эмнэлэгт хэрэглэдэг тоног төхөөрөмж хэрэглэж байна. Барилга байшингийн хувьд үнэхээр хэцүү. Бараг 1970-аад онд баригдсан ч юм уу, би сайн мэдэхгүй. Хэмжээ нь үнэхээр жижиг. Хүн ам нь энэ хугацаанд хэд дахин нэмэгдсэн л байлгүй дээ.

-Орон нутгийн эмч, эмнэлэгийн ажилтнуудын ачаалал, цалин хангамж нь хэр юм байна?
-Ачаалал нэлээд их байна. Цалингийн хувьд монгол орон даяар адилхан. Сүүлийн үед эмнэлэгүүд гүйцэтгэлээрээ санхүүжих механизмд шилжиж байгаа нь бас их зөв гэж боддог. Тэгээгүй бол жишээ нь бид энд ирж ингэж ажиллах боломж бүрдэхгүй. Энэ бол магтууштай шийдвэр, системийн өөрчлөлт.

Б.Түвшин эмч Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийнхэнтэй /Баруун гар талын цэнхэр хувцастай/

-Иргэд нь яаж хүлээж авч байна?
-Хөвсгөлөөс хотод очиж, хавдрын эмчилгээ хийлгэхэд зардал нь 10-20 сая төгрөг болдог гэнэ. Тийм болохоор оношоо сонссон ч хот руу явдаггүй хүмүүс их юм байна. Ар гэрийнхнээ эдийн засгийн хүндрэлд оруулахаас зайлсхийж, “Би тэртэй тэргүй өндөр настай хүн” гэдэг. Оношоо сонсчихоод хоёр жил хот оролгүйгээр нутагтаа байгаа хоёр ч хүнд энд ирснээсээ хойш хагалгаа хийлээ. Тэр хүмүүс маань эмчлэгдсэн.

-Хөдөө орон нутаг руу эмч нарын “явуулын баг” нэлээд явдаг байх аа. Та энийг юу гэж боддог вэ?
-Би энэ ажилд шүүмжлэлтэй ханддаг. “Болсон болоогүй” эхо-ны аппарат барьчихаад, хэдэн хүнийг үзэж оношлоод л болдог. “Том” эмч нар нь хөдөө очиж ганц нэг хагалгаа хийгээд буцах гэх мэт. Энэ бүхэн цаг зуурын, үлдэцгүй үйл ажиллагаанууд.

Монголчууд бид бүгдээрээ ер нь ийм өнгөц, үр дүн багатай зүйл хийдэг болчихож. Тэгээд ийм өнгө будгийн ажилдаа маш их хөрөнгө мөнгө зарцуулдаг. Нэг удаа хэдэн хүнд үзлэг хийгээд явах нь чухал уу, тухайн орон нутагт цаашдаа тэр нарийн үзлэгийг үздэг болж үлдээх нь чухал уу.

Бидний хувьд ямарваа нэгэн зүйл хийж байгаа бол арга барил нь тухайн газраа үлдэх ёстой гэдэг эрмэлзлэл, зорилготой.

-Л.Хану та хоёрын орон нутагт анхны хавдрын мэс заслыг хийж байгаа энэ ажил чинь бусад мэргэжил нэгтнүүдэд чинь хэрхэн тусаж байгаа бол?
-Манай Хавдар судлалын Үндэсний төвд ажилладаг хоёр залуу, чадварлаг эмч надтай холбогдсон. Элэг цөсний чиглэлээр ажилладаг эмч нь О.Дамдинсүрэн, цээжний хөндийн мэс заслын эмч нь Г.Гантогтох гээд залуучууд. “Орон нутагт ажиллах нь мэргэжлийн хувьд бахархмаар сайхан үйлс юм байна” гээд бидэнтэй нэгдсэн.

Зургийн тайлбар: Зүүн гар талаас Б.Түвшин, Г.Гантогтох, Л.Хануй, О.Дамдинсүрэн

Ингээд анх хоёулаа Хөвсгөл аймагт ажиллана гэж бодож байтал одоо дөрвүүлээ болчихсон. Л.Хануй бид хоёр хэсэг хугацааны дараа өөр газар руу шилжихэд манай хоёр эмч эндээ үлдэж, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн чадварлаг багийнхантай үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

ХОТ РУУ ТЭМҮҮЛЭХ НҮҮДЭЛ УДАХГҮЙ ЭСРЭГЭЭРЭЭ БОЛНО

-Орон нутгийн залуус ихэнхдээ хот руу ирж суурьшдаг болсон гэсэн шүү дээ. Та бүхний нутагшуулах стандартыг цааш нь авч явах залуус хэр их байх юм?
-Эсрэгээрээ болсон. “Хотод очвол бүх юм сайхан болно” гэдэг худлаа.

Ялангуяа эрүүл мэндийн салбарт хотын эмнэлэгүүд нарийн мэргэжлийн боловсон хүчний хувьд хэт илүүдэл бий болсон. Хүн бүхэн л ямар нэгэн аргаар том эмнэлэгт орохыг хүсдэг.

Энэ нь алсдаа залуу эмч нарын өсөж хөгжих хурдыг сааруулдаг. Хэдхэн жилийн дараагаас орон нутагт ажиллах нь маш үнэ цэнтэй болно.

-Эмч нар маш их хугацааг суралцахад зарцуулдаг. Гэтэл тийм их мөнгө, цаг хугацааг зарцуулчихаад тав тух муутай орон нутгийг сонгож, ажиллана гэж?
-Тав тух гэдгийг хэрхэн харахаас л шалтгаална. Өндөр байшин, диско клабаар харвал таны хэлж байгаа зөв. Гэтэл орон нутагт түгжрэл алга, хүссэн газраасаа таван минутын хугацаанд л зорьсон газраа очно. Тийм учир бүх хүн цайны цагаараа гэртээ очиж, тухтай нь аргагүй хоол цайгаа хийж идчихээд ажилдаа гарна. Орон нутагт амьдрах гэдэг ер нь бидний төсөөлж байснаас хамаагүй гоё болчихсон юм байна лээ. Тэгээд мэргэжлийнхэнд бас хувийн амбиц гэж байдаг. Нарийн мэргэжлийн эмч нарын хувьд тохиолдлын тоо бас их чухал. Ихэнх тохиолдол нь хөдөө орон нутагт байна шүү дээ. Шийдвэр гаргах боломжоо хүлээсээр амьдралынхаа арав, хорин жилийг өнгөрөөж байгаа залуус олон бий. Тэгэхээр одоо бүх зүйл өөрчлөгдөж байна шүү гэдгийг ойлгох цаг болсон байна.

-Чөлөө зав гарч байх юм уу?
-Би боловсролын салбарыг мөн сонирхдог. Хөдөө орон нутагт ч мөн адил чанартай боловсрол хүрдэг байгаасай гэж хүсдэг. Тийм болохоор чөлөөт цагаараа хүүхдүүдэд англи хэл зааж байна. Англи хэлний багш нарт IELTS-ийн формат зааж байна. Даанч багш нар маань маш зав муутай, ачаалал ихтэй ажилладаг юм байна. Орон нутагт багш нар маань стандарт шалгалт авах хэмжээний арга барил эзэмшвэл бас хэрэгтэй юм болов уу. Гэхдээ багш нар маань хэдий зав муутай ч өглөө 06 цаг гэж уулзаад, сар гаруй хичээллэсэн шүү.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Дархлаажуулалтын цэг 10-20 цаг хүртэл ажиллана
Дархлаажуулалтын цэг 10-20 цаг хүртэл ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.