Коронавирүсийн нэгэн шинэ хувилбар омикроны талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хэрхэн өгүүлснийг та бүхэнд товчлон хүргэе.
1.ХААНА, ХЭЗЭЭ АНХ БҮРТГЭГДЭВ?
Ойролцоогоор өнгөрөгч долоо хоногийн үеэр Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад анх бүртгэгджээ. Йоханесбург, Гаутенг зэрэг хот, мужуудаас эхэлсэн вирүсийн шинэ хувилбар өдгөө тус улсад бүрэн тархжээ.
2.ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА ЮУ ГЭЖ АНХААРУУЛАВ?
ДЭМБ өнгөрөгч баасан гарагт шуурхай хуралдсан юм. Хуралдаанаар энэ шинэ төрөл нь халдварын тархалт хурдантай, түрүүчийн үеүдэд хэрэглэж байсан эмчилгээний үр дүн болон вакцины үр дүнг бууруулах магадлалтай гэжээ. Тус хурлаар вирүсийн мутацид омикрон гэх нэрийг өгсөн юм. Мөн "Бид энэ вирүсийн талаар дорвитой мэдсэн зүйл одоогоор алга. Судалгаа үргэлжилж байна. Одоогоор мэдэж байгаа зүйл гэвэл энэ шинэ төрөл нь зуу гаруй мутацаас бүрдэж байна" гэжээ.
3.ОДОО ХЭРЭГЛЭЖ БАЙГАА PCR ТЕСТЭЭР ИЛРҮҮЛЖ ЧАДАХ УУ?
Өмнөд Африкийн Халдварын үндэсний төвөөс "Лабораторит 100 гаруй PCR шинжилгээг туршиж үзсэн. Асуудал гараагүй. Тиймээс цаашид энэ төрлийн шинжилгээ илрүүлэх боломжтой. Хэдий мутац үүссэн ч энэ шинжилгээгээр илрүүлэх боломжтой" гэж мэдээлжээ.
4.ШИНЭ ХУВИЛБАР ОМИКРОНООС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
Ковидын үндсэн вирүсээс хамгаалж байгаа арга хэмжээгээ авна. Японы эрдэмтэн Фүжиэ "Энэ шинэ хувилбар судлагдаж байгаа тул одоогоор хэн ч эцсийн хариуг баттай хэлэх боломжгүй. Гэвч вирүсээс хамгаалахын тулд вакцинд хамрагдах, зайгаа баримтлах, маск зүүх, гараа ариутгах дүрмүүдийг баримтлах нь хамгийн зөв алхам байх болно" гэлээ.
5.ЭРДЭМТЭД ЮУ ГЭЖ ЯРЬЖ БАЙНА ВЭ?
Дэлхий даяараа энэхүү мутант вирүсийн талаар эрдэмтдийн "амыг" харж байна. Гэвч тэд "Болзошгүй, магадгүй, таамаглаж байна, айж сандрах хэрэггүй, судалгааны үр дүнг хүлээж байна" хэмээн ярьж байна.
6.ОМИКРОН ДЭЛХИЙН ХЭДЭН ОРОНД БҮРТГЭГДЭЭД БАЙНА ВЭ?
2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны байдлаар дараах улсуудад бүртгэгдээд байна.
Австрали: Тус улсын Сидней хотод Өмнөд Африкаас буусан хоёр зорчигчид омикрон мутац илэрчээ. Тэдэнтэй хамт зорчсон 12 хүний тест сөрөг гарсан ч, тэднийг тусгаарлаад байна.
Итали: Италийн ЛаПрессе мэдээллийн байгууллагаас Мозамбек улсаар аялаад ирсэн хосуудад омикрон илэрсэн гэж мэдээлжээ. Мөн тэдний хүүхдүүдийн тест эерэг гарчээ.
Герман: Мөн Өмнөд Африкаас арваннэгдүгээр сарын 24-нд очсон хоёр зорчигчоос илэрчээ.
Нидерланд: Өмнөд Африкаас өнгөрөгч баасан гарагт очсон 61 хүнээс ковид илэрчээ. Тэдний дунд омикрон бүртгэгдсэн байна.
Британи: Британид хоёр омикрон тохиолдол илрээд байна. Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавидын мэдээлснээр Өмнөд Африкаас очсон иргэдтэй холбоотой ажээ.
Израйль, Хонконг, Ботсвани улсуудад мөн адил тохиолдлоор хоёр хүнээс илэрчээ.
7.УЛС ОРНУУД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА ВЭ?
Олон улс Өмнөд Африк болон африк тивийн бусад улс орнуудаас зорчигч хүлээн авахгүй болсноо мэдэгдээд байна. Тухайлбал, Австрали, Бразиль, Канад, Иран, Япон, Тайланд, АНУ, Европын холбоо гэх мэт. Мөн шинэ мутацаас аврах, эрсдлийг бууруулахын тулд бүүстер тун буюу гурав дугаар тунгийн явцыг хурдасгах арга хэмжээг авч эхэлжээ.
Эх сурвалж: https://www.livemint.com, indianexpress.com, cnn.com