Энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр HotBit гэдэг олон улсын крипто бирж хакеруудын халдлагад өртөж байв. Нийтдээ хоёр сая гаруй хэрэглэгч бүртгэлтэй байдаг энэ аварга бирж тухайн үедээ долоо хоногийн турш үйл ажиллагаагаа зогсоож, 200 серверээ унтрааж байж дахин ажиллаж эхэлж байлаа.
Мөн Поли нэтворк гэдэг санхүүгийн платформоос 600 сая долларын үнэ бүхий криптовалют хулгайлж байв.
Энэ мэт крипто биржүүд болон санхүүгийн байгууллагууд хакерын халдлагад өртөх нь элбэг. Тиймээс олон улсын биржүүд хакерын эсрэг хамгийн найдвартай байж болох хамгаалалтын системүүдийг ажиллуулдаг.
Сүүлийн үед манай улсын төрийн байгууллагуудын вэбсайтууд хакерын халдлагад өртөх боллоо. Монголбанкны сайт арваннэгдүгээр сарын 11-ний өдөр халдлагад өртөв.
Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны вэбсайт мөн халдлагад өртөв. Энэ бүхнээс харвал манай улсад цахим аюулгүй байдал алдагдсан гэж хэлж болохоор.
Тэгвэл төрийн байгууллагуудаас эхэлсэн хакеруудын үйл ажиллагаа манай улсын санхүүгийн байгууллагууд руу нэвтэрвэл яах вэ? Сүүлийн үед “Хоёр их наяд төгрөг эргэлдэж байгаа” хэмээн яригдах болсон крипто биржүүд рүү чиглэвэл яах вэ? Тэд ямар хамгаалалт хэрэглэж байгаа бол?
Гадны крипто биржүүд халдлагад өртөж, хүмүүсийн мөнгийг алдвал алдагдлыг нь нөхөх даатгалд хамрагдсан байдаг. Харин манай улсын хувьд одоогоор даатгалд хамрагдсан крипто бирж бараг үгүй билээ. Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт хүргэх болно.