Монгол Улс тэрбум мод тарих болоод соёлын өвийг хамгаалах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс тэрбум мод тарих болоод соёлын өвийг хамгаалах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна

/2021.11.14/ Франц улсын Парис хотод болж буй ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Соёлын сайд Ч.Номин өчигдөр Бодлогын ерөнхий хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ.

Хэлэлцүүлгийн дараа ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хантай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.

Соёлын сайд Ч.Номин ирэх жил Монгол Улсын ЮНЕСКО-д нэгдэн орсны 60 жилийн ой болохтой холбогдуулан Улаанбаатар хотод ЮНЕСКО-ийн төлөөлөгчийн газрыг нээх санал тавьж, ЮНЕСКО-ийн Олон улсын эх хэлний өдрийг жил бүр хамтран тэмдэглэж байх, Уугуул хэл болон бүтээлч эдийн засгийн ЮНЕСКО-ийн тэнхимийг Монгол Улсад нээх чиглэлд хамтран ажиллах зэрэг асуудлаар ярилцлаа.

Мөн ирэх жилүүдэд Монгол Улсад аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, тэр дундаа соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж энэ чиглэлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хэд хэдэн томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх талаар хоёр тал санал солилцов.

Харин ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулганы Бодлогын хэлэлцүүлэгт оролцож үг хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх, соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

СОЁЛЫН САЙД Ч.НОМИНГИЙН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 41 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХЭЛСЭН ҮГИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Ерөнхий бага хурлын Ерөнхийлөгч өө,

Хатагтай Ерөнхий захирал,

Эрхэм төлөөлөгчид,

Эрхэмсэг хатагтай ноёд оо,

Өнөөдөр Та бүхэнтэй хамт байж, Монголын ард түмний өмнөөс мэндчилгээ хүргэж байгаадаа баяртай байна. Энэ завшааныг ашиглан ЮНЕСКО-ийн 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Ноён Ерөнхийлөгч өө, Монгол Улсын нэрийн өмнөөс Танд 41 дүгээр чуулганы даргаар сонгогдсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ЮНЕСКО сүүлийн 75 жилийн хугацаанд боловсрол, соёл, байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбоог өөрчлөн дэмжих замаар энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг ахиулсаар ирсэн билээ. Өнөөдөр дэлхий дахин урьд өмнө тохиолдоогүй тодорхойгүй байдал, хүнд бэрхшээлтэй тулгарч байгаа энэ үед ЮНЕСКО-ийн мандат, бүрэн эрх урьд өмнөхөөс илүү чухал бөгөөд нэн шаардлагатай байна.

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх хугацаа ойртож байна. Хэдий тийм ч Дунд хугацааны шинэ стратеги нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн зорилгод хүрэхэд бидний хамтын хүчин чармайлтыг дээшлүүлнэ хэмээн бид найдаж байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилтуудыг түргэн шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилго бүхий “Алсын хараа-2050” хэмээх хөгжлийн урт хугацааны бодлогыг баталсныг дуулгахад таатай байна.

Ноён Ерөнхийлөгч өө, НҮБ-ын төрөлжсөн байгууллага, тэр дундаа ЮНЕСКО-д “КОВИД-19 цар тархалтыг хязгаарлах, үүнээс гарах сөрөг нөлөөллийг бууруулахад нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж буйд Монгол Улс талархаж байна. Энэхүү төсөл нь хүүхдэд зориулсан телевизд суурилсан хичээлд нэмэлт болгон интерактив сургалтын контентыг боловсруулснаар цар тахлын улмаас үүссэн боловсролын хямралыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

ЮНЕСКО нь манай улсын мэргэжилтнүүдтэй хамтран Боловсролын салбарын улс орны суурь мэдээллийн тайлан, Боловсролын бодлогын тойм шинжилгээг боловсруулж, өдгөө Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж буй багц хуулийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэхэд таатай байна. Энэхүү шинэ багц хууль нь Монгол Улсын боловсролын салбарыг цогцоор нь шинэчлэх зорилготой юм.

Мөн Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн бодлогын тойм шинжилгээ, Боловсролын салбар дахь МХХТ-ийн мастер төлөвлөгөө, Тогтвортой хөгжлийн зорилт 4-ийн дунд хугацааны ахиц дэвшлийн тайланг боловсруулахад үнэтэй дэмжлэг үзүүлсэнд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газарт талархаж буйгаа илэрхийлье.

Хоёр өдрийн өмнө нээлтээ хийсэн “Боловсролын нийгмийн шинэ гэрээ” тайланг боловсруулсан Олон улсын комисст Монгол Улс мөн талархаж байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Монгол Улс соёлын салбарыг тогтвортой хөгжлийн дөрөв дэх тулгуур гэж үзэн, урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” боловсруулан тусгасан. Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь манай улсын нийгэм, эдийн засгийн чухал хэсэг бөгөөд нүүдэлчдийн өв соёл болон хотжилт нь бүтээлч үйлдвэрлэлийн бүхий л салбарт бүтээлч илэрхийллийн шинэ эрин үеийг эхлүүлэн шинэ туршлагыг бий болгож байна.

Бидний эрхэм зорилго бол бүхий л төрлийн авьяастнууд өөрсдийн бүтээлч илэрхийлэлд тулгуурлан ажилтай байх боломжтой экосистемийг хөгжүүлэх явдал юм. Түүнчлэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн олон улсын жилийн хүрээнд Монгол Улс ирээдүйн боломжуудыг бий болгох бүтээлч байдал болон уламжлалт түүх соёлыг бүтээлч ирээдүйтэй холбох зорилгоор энэ 11 дүгээр сарыг соёлын бүтээлч сар болгон зарласан.

Бидний цаашдын зорилго бол энэхүү тогтвортой нөөцийг ашиглаж, эрчимтэй, ёс зүйтэй бүтээлч эдийн засгийг бий болгох явдал юм. Монгол Улсын Их Хурлаас саяхан Музейн болон Кино урлагийг дэмжих тухай шинэ хуулиудыг батлан гаргасан. Эдгээр хуулиуд нь ЮНЕСКО-ийн соёлын конвенцуудын хэрэгжилтийг хангахын сацуу соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бидний соёл, уламжлалыг хадгалан хамгаалах чухал үүрэгтэй юм.

Монгол Улс ЮНЕСКО-ийн таван конвенцийг соёрхон баталсан бөгөөд бид Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай 2001 оны конвенц, Хулгайлсан болон хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлсийн тухай 1995 оны ЮНИДРУА-гийн конвенц, 1954 оны конвенцийн хоёр протоколыг соёрхон батлуулахаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх, соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Энэхүү завшааныг ашиглан миний бие Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Монгол Улсын соёлын өвийн салбар тэр дундаа соёлын эд зүйлсийг хууль бусаар худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж ирсэнд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газарт талархал илэрхийлье.

Ноён Ерөнхийлөгч өө, олон шалтгааны улмаас байгалийн болон соёлын өв аюул заналд өртөж байна. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгуудад ихээхэн аюул учруулж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй орны хувьд Монгол Улс Дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгуудын аюул заналыг бууруулан, уян хатан байдлыг нэмэгдүүлэхийн тулд асар их мэдлэг, туршлагыг хуримтлуулсан. Энэ дашрамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан 2030 он хүртэл нэг тэрбум мод тарих хөдөлгөөн нь Монгол Улсын арвин туршлагын тод жишээ болж байна.

Иймд байгалийн болон соёлын бүхий л дурсгалт газрууд, тэдгээрийн хосгүй гайхамшигт үнэ цэнийг хадгалан хамгаалж, илүү тогтвортой ирээдүйг бий болгох алсын хараатайгаар Монгол Улс Дэлхийн өвийн хорооны сонгуульд анх удаагаа нэр дэвшиж байгаа бөгөөд Конвенцийн гишүүн орнуудаас үнэтэй дэмжлэг үзүүлэхийг хичээнгүйлэн хүсэж байна.

Монгол Улс нь хэнийг ч үл орхигдуулах, тэр дундаа үр хүүхдүүдээ орхигдуулахгүй байхын тулд Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд тэгш бус байдлыг бууруулах үүрэг амлалтыг өгч ажиллаж байна.

Мөн Монгол Улс нь хиймэл оюун ухааны ёс зүйн цогц стандарт боловсруулах ажлыг чухалчлан онцолж байгаа болно.

Бид залуучуудын нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах асар их чадавхийг хүлээн зөвшөөрч, залуучуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд ЮНЕСКО дэмжлэг туслалцаа үзүүлж буйг сайшаан магтаж байна.

Ноён Ерөнхийлөгч өө, бид цар тахлын үр дагаврыг даван туулах, өөрсдийн үнэт зүйлсээ нийгэм, эдийн засагт жинхэнэ утгаар нь тусган, сэргээн босгохын тулд эв нэгдэлтэй байх ёстойг энэхүү цар тахал бидэнд харууллаа. Энэхүү хүнд хэцүү цаг үед эмзэг бүлгийн хүмүүс, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллах, мөн цар тахлын улмаас хурцадсан асуудлуудыг шийдвэрлэх явдал нь манай улсын бодлогын гол цөмд байв. Эдгээр бодлогыг хэрэгжүүлэх бидний нэгдсэн хичээл зүтгэлийн нэг сайн жишээ нь жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах чиглэлд цогц арга хэмжээ авахыг уриалан саяхан зохион байгуулсан олон талт оролцогчдын бага хурал юм.

Түүнчлэн, Монгол Улс нь Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд бүх оролцогч талуудыг дайчлан ажиллаж байгаа бөгөөд допингийн эсрэг үндэсний дүрмийг батлах, үндэсний зөвлөл байгуулах ажил ахицтай явагдаж байна.

Байгалийн шинжлэх ухааны салбарын хувьд Монгол Улс шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн санг хөгжиж буй орнуудад илүү хүртээмжтэй болгох нээлттэй бодлого, тэр дундаа нээлттэй шинжлэх ухааны боловсролыг бүрэн дэмжиж байна.

Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд Хүн ба шим мандал хөтөлбөрийн хүрээнд шим мандлын хоёр нөөц газрыг шинээр бүртгүүлсэн. Тэдгээр шим мандлын нөөц газрууд нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Бид Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэх Шинжлэх ухаан, технологийн мастер төлөвлөгөөг ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр боловсруулахаар ажиллаж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хувьд Монгол Улсад олон нийтийн хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн ЮНЕСКО-д талархлаа илэрхийлье. Олон нийтийн хэвлэл мэдээлэл нь дижитал эсвэл уламжлалт байдлаар дамжуулагдаж буйгаас үл хамааран хэвлэл мэдээллийн олон ургалч байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангахад маш чухал юм.

Урьд өмнө нь тохиолдож байгаагүй цар тахлын энэ үед хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хөхиүлэн дэмжихэд ЮНЕСКО нь ихээхэн дэмжлэг үзүүлж "инфодемик"-тэй тэмцэх нь цар тахалтай тэмцэхтэй адил чухал гэдгийг харууллаа.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буйгаа дахин илэрхийлж ЮНЕСКО, ЮНЕСКО-ийн Бээжин болон Бангкок дахь төлөөлөгчийн газрууд, хоёр дугаар зэрэглэлийн төвүүд, Холбоот сургуулиудын сүлжээ болон бусад бүх үнэ цэнтэй түншүүддээ байнгын дэмжлэг үзүүлж, хамтран ажилладагт гүнээ талархаж байгаагаа дахин илэрхийлье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Эх сурвалж: Соёлын яам

ТЕГ: Хуулийн этгээд, ААН-үүд мэдээллийн аюулгүй байдлаа хангахад АНХААРНА УУ
ТЕГ: Хуулийн этгээд, ААН-үүд мэдээллийн аюулгүй байдлаа хангахад АНХААРНА УУ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.