Коин-Коинчид-Хохирогчид
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коин-Коинчид-Хохирогчид

Урлаг уран сайхан, уул уурхай, алт үнэт эдлэл, байр машин, дижитал контент гээд боломжтой бүхий л зүйлээр баталгаажуулаад шил шилээ дарсан олон зоос /койн/ гарч эхэлжээ.

Ард койн нь анхны гэгдэж гарч байсан бол, түүний араас CHB, TRD, IHC, ZES, SPC, CRX, MONT, URGO, NTC MNFT... гэх мэтчилэн нийт 12 койн крипто бирж дээр арилжаалагдаж байна.

Сүүлийн үед анхдагч зах зээл дээр маш хурдан хугацаанд хийгдсэн арилжааг дурдвал:

  • SPC койн: "StorePay" финтек үйлчилгээн дээр суурилсан:

0,20₮-өөр нэгжийн үнээ нэрлэж байсан тус койны анхдагч захиалга өнгөрсөн аравдугаар сарын 27-ны өглөөний 11 цагт болно гэж байсан ч интернет үйлчилгээний хэт ачааллаас болж хойшлуулан тухайн өдрийн 23 цагт эхэлсэн.

Анхдагч захиалга эхэлснээс хойш 21 минут 58 секундэд нийт татан төвлөрүүлэх дүндээ хүрч /18 тэрбум төгрөг/ захиалгаа хаасан юм. Хагас цаг хүрэхгүй хугацаанд нийт 106 мянган хүн анхдагч захиалга хийх гэж оролдсон ч ердөө 3968 хүн л авч чадсан юм.

  • IHC койн: Их Бит ХХК-аас гаргасан:
0,30₮-өөр нэгжийн үнээ нэрлэж, нийт 30 тэрбум төгрөг анхдагч захиалгаас татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй залуусын арилжаа наймдугаар сарын 25-ны 11:00 цагт нээгдэв. Гэтэл ЕРДӨӨ 30 секундэд татан төвлөрүүлэх дүнд хүрч захиалга хаагдсан юм.

КОИН ЗАХИАЛГА ХИЙХДЭЭ ЮУГ АНХААРАХ ВЭ?

Олон арван койн байгаад асуудал биш. Хүсвэл хэн ч койн гаргах боломжтой. Гол нь иргэд мөнгөө татан төвлөрүүлэхдээ тухайн койн гаргасан байгууллагын эдийн засгийн чадамж, өглөг авлагын асуудал бий юу зэргийг сайтар судалж байж авах хэрэгтэй талаар төв банк, Санхүүгийн зохицуулах хороо, виртуал хөрөнгийн тухай хуулийн ажлын хэсгийнхэн зэрэг хүмүүс сануулсаар байгаа билээ.

Виртуал хөрөнгийн тухай хууль манай улсад батлагдаагүй. Мөн арваннэгдүгээр сарын 8-нд Санхүүгийн зохицуулах хорооноос "Хуулийн төсөл батлагдахаас өмнө олон тооны этгээдүүд криптовалютын арилжааны платформуудаар дамжуулан өөрсдийн койн, токеныг гаргах замаар иргэдээс санхүүгийн эх үүсвэр татах тохиолдлууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Энэ нь олон тооны эрсдэл дагуулж Монгол улсын санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаа тул хууль батлагдах хүртэл шинэ койн, токеныг нийтэд санал болгохгүй" гэх утга бүхий мэдэгдэл гаргасан.

Койн арилжааны биржүүдэд гарч анхны хөрөнгөө босгох гэж дуншиж байсан байгууллагуудад таатай мэдээ байгаагүй нь лавтай. Анхны хөрөнгөө босгох гэсэн нийт 27 койн хүлээлгэд ороод байна.

  • IZ COIN
  • DEVITA
  • HBC
  • QUEST
  • AMJILT
  • WPC гэх мэт.

Гэтэл ADMC /Алтан Дорнод Монгол койн/ арваннэгдүгээр сарын 5-нд анхдагч захиалгаа эхлүүлсэн бөгөөд СЗХ-ны гаргасан мэдэгдэл нь тус байгууллагын эхлүүлсэн койны үйл ажиллагаанд хамаарахгүй хэвийн үргэлжилнэ гэдгээ мэдээлсэн.

Коиныг арилжаанд амжилттай гаргаж хөрөнгө босгох үүргийг крипто бирж хариуцна. Одоогоор манай улсад зургаан бирж ажиллаж байна. Крипто бирж бүр өөрсдийн платформ дээр татан төвлөрүүлж байгаа мөнгөнөөс шимтгэл авах зэрэг аргаар орлого олдог юм.

Одоогоор манайд бүртгэлтэй байгаа биржүүд:

Мөн л үүний араас хэд хэдэн бирж нээгдэх гэж байгаа талаар олон нийтэд мэдээлсэн. Үүнд:

  • BYDEP
  • NCX
  • COINSEA
  • X-META

Эргээд СЗХ-ны мэдэгдлийг хүргэж байна. Тухайн мэдэгдэлд:

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг эцэслэн батлагдаж, хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд аливаа виртуал хөрөнгийн арилжааг зохион байгуулдаг платформоор дамжуулан шинээр койн, токеныг санал болгох, худалдах болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой зуучлал, арилжааг зохион байгуулахгүй байхыг үүгээр мэдэгдэж байна. Хэрэв дээрх хугацаанд шинэ койн, токеныг өөрсдийн платформоор дамжуулан иргэд, олон нийтэд санал болгож, худалдсан, эсхүл арилжааг зохион байгуулсан тохиолдолд бусдад учирсан бүхий л хохирлыг танай байгууллага хариуцах үндэслэл болохоос гадна хэрэг, зөрчилд хамтран оролцогчоор холбогдох өндөр эрсдэлтэй болохыг анхааруулж байна.

МОНГОЛЫН КРИПТО БИРЖҮҮДИЙН "АРД"
ЯМАР КОМПАНИУД БАЙДАГ ВЭ?

Дээрх мэдэгдэлд дурдсанаар иргэд арилжаа хийж байгаа биржийн талаар сайтар мэдээлэлтэй байх хэрэгтэй болж таарна. Тэгвэл биржийн цаана ямар байгууллага байдаг талаар хүргэе.

  • Dax.mn: "Ард санхүүгийн нэгдэл ХК"-ээс хөгжүүлж гаргадаг. Digital Assets Exchange /DAX/ нь блокчэйн технологид үндэслэн, криптовалют, секюрити токен арилжаалах боломжийг олгодог платформ юм. Тус бирж нь 2020 оны 12 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
  • Trade.mn: "Дижитал Эксчейнж Монголиа" ХХК хөгжүүлж гаргадаг. Энэ бирж нь криптовалютын Монголын анхны бирж бөгөөд 2017 оны аравдугаар сард нээгджээ.
  • Coinhub.mn: "Койн Хаб ХХК"-аас хөгжүүлэн гаргадаг тус бирж нь 2021 оны долдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Койн Хаб ХХК нь 2021 оны дөрөвдүгээр сард байгуулагджээ.
  • Complex.mn: Бирж дээрх "Бидний тухай" хэсэгт холбогдох утасны дугаар болон байгуулсан компанийн талаарх мэдээлэл ил байсангүй.
  • Corex.mn: Бирж дээрх "Бидний тухай" хэсэгт тодорхой мэдээлэл байхгүй. Үйлчилгээний төвийн дугаар руу нь залгахад "Ачаалалтай байгаа тул дараа дахин холбогдоорой" гэх автомат хариулагчийн яриагаар дуудлага тасрав.

ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?

Арваннэгдүгээр сарын 9-нд клабхаус аппликэйшн дээр "Ард санхүүгийн нэгдэл" шинээр гарч байгаа койны талаар ярилцлаа /тус байгууллага dax.mn биржийг хөгжүүлэн, ажилладаг/. Энэ үеэр "Ард санхүүгийн нэгдэл"-ийн захирал Ч.Ганхуягаас тус мэдэгдлийн талаар тодруулахад:

Dax.mn биржийн зүгээс шалтгаалах бүх хариуцлагыг манай байгууллага хүлээнэ. Харин, эцсийн дүндээ иргэдэд хохирол үзүүлсэн эсэх тохиолдолд тухайн койн, токеныг гаргаж байгаа байгууллага хариуцлага хүлээнэ гэх тайлбарыг өглөө.

Харин coinhub биржийн бизнес хөгжүүлэлт хариуцсан захирал Б.Батдэлгэр:

IEO буюу нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх ажиллагааг түр хугацаанд зогсоох чиглэл өгсний дагуу COINHUB бирж нь эрх бүхий байгууллагын чиглэлийг хүндэтгэн хууль бүрэн батлагдах хүртэл ямар нэг IEO хийхгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн. Виртуал хөрөнгийн тухай хууль гартал IEO хийхгүй гэсэн шийдвэр гарсан учир шинэ IEO-той холбоотой ямар ажил хийгдэхгүй тул иргэд хохирох нөхцөл огт бүрдэхгүй гэх хариултыг өглөө.

Видео: НЭМГ-т гарсан асуудлаар 3 хүнд арга хэмжээ авна
Видео: НЭМГ-т гарсан асуудлаар 3 хүнд арга хэмжээ авна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.