2021.10.14
Монголын хараагүйчүүдийн холбооны үйл ажиллагааны талаар тус холбооны ерөнхийлөгч Д.Ганбаттай ярилцлаа. Түүнчлэн Харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал, амьдрах орчин, ажлын байрны хүртээмж зэрэг асуудлаар яриа өрнүүлснээ уншигч танд хүргэе.
-Сайн байна уу та. Монголд харааны бэрхшээлтэй хэдэн хүн байдаг вэ? Үүнээс хэд нь Улаанбаатар хотод оршин суудаг вэ?
-Манай улсад 11,400 орчим харааны бэрхшээлтэй хүн байдаг. Үүнээс 3 мянга орчим нь нийслэлд амьдарч байна.
-Танайхаас эдгээр хүмүүсийг хэрхэн дэмжиж ажилладаг вэ? Ажлын байранд зуучилдаг уу?
-Халамжаас-Хөдөлмөрт бодлогын хүрээнд хараагүй иргэдтэй уулзаж, ажлын байранд зуучлах сургалтад хамруулж байна. Энэ сургалт нь тухайн хүнийг нийгмийн харилцаанд орох, хөдөлмөр эрхлэхэд нь бэлтгэж, дэмжих зорилготой. Үүний хүрээнд таягны сургалт, компьютер, санхүүгийн боловсрол олгох сургалтыг манайхаас зохион байгуулдаг. Юуны түрүүнд тухайн хүний харааны түвшинг тогтоож өмнө нь ямар нэг сургуульд сурч, ажиллаж байсан эсэхийг тогтоосны дараа ямар сургалтад, хэдий хугацаанд хамруулахыг шийднэ.
Манай хараагүйчүүдийн холбоо дэргэдээ Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-тэй. Энэ төвд хэд хэдэн чиглэлээр харааны бэрхшээлтэй иргэдийг бэлтгэдэг. Тухайлбал, Бариста, эмчилгээний бариа засал, морин хуур, язгуур урлаг, хөөмэй зэрэг ангиудтай. Бариа заслаар сураад төгссөн харааны бэрхшээлтэй иргэд маань 100 хувь ажлын байраар хангагддаг.
-Бусад ангийн хувьд ажлын байраар хангагдах боломж хэр байдаг вэ?
-Ажлын байраар хангагдах нөхцөл тийм ч сайн биш. Гэхдээ манай хүртээмж технологийн ангийг төгссөн 2 хүн нийгмийн даатгалын хэлтэс дээр дуудлага хүлээн авах үйлчилгээнд ажилладаг. Хүмүүс залгахад мэдээлэл өгдөг. Мөн Ард Санхүүгийн Нэгдэлд нэг хүн байдаг.
Харааны бэрхшээлтэй иргэдийг зөвхөн массаж хийдэг, хөгжим тоглодог гэж хүмүүс боддог. Гэхдээ тэд бас өөр зүйлс хийж чаддаг гэдгийг харуулах, хэвшмэл ойлголтыг үгүй болгохын тулд бид хичээж ажиллаж байна.
Үүний нэг жишээ нь дуудлага хүлээн авах үйлчилгээ байна. Өөрсдөө жаахан мэдээлэл сайтай байх юм бол энд хараагүй иргэд ажиллах бүрэн боломжтой. Сүүлийн үед энэ ажлын байранд ажиллах хараагүй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. байгууллагууд ч гэсэн авах сонирхол их байгаа.
ХАРААГҮЙ ХҮНД ЗОРИУЛСАН ХӨТӨЧ ЗАМ ДЭЭР ГЭРЛИЙН ШОН, ТҮЦ БАРЬДАГ
-Харааны бэрхшээлтэй хүмүүст тулгамддаг хамгийн гол асуудал юу байдаг вэ?
-Гэрээс гараад л дэд бүтцийн хүртээмжийн асуудал хөндөгддөг. Автобусны буудал ороход үнэхээр эрсдэлтэй. Өмнөх өдөр нь зүгээр байсан газар маргааш нь “Сангийн юм хийх”, “Шугамын хоолой солих” зэргээр нүх ухчихсан байх жишээтэй. Харамсалтай нь ухсан нүхээ таглаагүй, ямар ч хамгаалалт байхгүй онгорхой орхичихдог.
Түүнчлэн харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөтөч зам бараг байдаггүй. Байсан ч зам дээр нь гэрлийн шон, ТҮЦ барьчихдаг. Нөгөөдхийг нь очиж нэг, хоёр мөргөөд шантрамтгай хүмүүс нь “за за би ер нь чадахгүй юм байна” гээд буцаад гэртээ харьдаг. Зоригтой хүмүүс нь цаашаа явсаар байгаад автобусны буудал орно. Гэхдээ ямар автобус ирж байгаа, хаана зогсож байгаа нь мэдэгдэхгүй, зарим нь буудал дээрээ зогсохгүй гэх мэт түмэн асуудал байдаг. Ерөөсөө л манай бүх шатныханы бодлого алдагсаны өчүүхэн илрэл энэ юм.
Хараагүй хүмүүс хэн нэгний тусламжгүй яваад ирэхээр хувь хүний орон зай, эрх чөлөө гэдэг зүйлийг мэдэрч эхэлдэг. Би анх ээж, ах дүү нарынхаа тусламжтай гадуур явдаг байсан. Гэсэн ч нэг л хүний эрхэнд яваад байгаа юм шиг санагддаг байлаа. Үдээс өмнө гадуур гармаар байсан ч, тухайн хүний цаг зав, нөхцөл бололцоонд тааруулна. Тиймээс ганцаараа гадуур явж сурахаар таягны сургалтад хамрагдсан. Тухайн үед надад нэг зүйл их гоё санагдаж байсан юм. Ямар ч ажилгүй мөртлөө гэрээсээ гараад автобусанд сууж, сургуульдаа оччихоод буцаад гэртээ харих мэдрэмж ямар гоё гэж санана. Дуртай үедээ гадагшаа гарч чадаж байна гэдэг маш сайхан. Хараагүй хүмүүс энэ мэдрэмжийг авчих л юм бол “за би ганцаараа яваад сурчихлаа. Одоо бусад шиг хөдөлмөр эрхлээд амьдрах хэрэгтэй юм байна” гэж боддог.
-Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бусадтай харилцахад ямар хүндрэлүүд бий болдог вэ? Түүнчлэн ажлын байрны хувьд?
-Хараагүй хүмүүстэй энгийн хүнтэй харилцаж байгаа мэт ярилцвал илүү дээр байдаг. Хүмүүс бидэнтэй уулзахдаа “яаж харьцвал зүгээр вэ, эмзэг сэдвийг нь хөндчихвий” гэх мэтээр таагүй, хөндий байдал үүсгэж, хиймэл хана босгочихоод байдаг.
Бидэнд тулгамддаг нэг зүйл бол ажил олох. Нэг газарт “ажил хайж байна” гээд орохоор “юу хийж чадах вэ” гэж асуудаг. Хүмүүсийн хандаж буй хандлага нь цаанаасаа өөр байдаг. Хараагүй хүмүүс маш мэдрэг учир тухайн хүний дуу хоолойных нь өнгөнөөс намайг хэр их үл тоож байна, хэр хүндэтгэж байна гэдгийг мэдчихдэг. Өөрөө хөдөлмөрлөж мөнгө олно гэдэг гэр бүл, ойр хавынхандаа хүндлэгдэж, үнэ цэнийг бий болгодог. Бид ч гэсэн өөрөө өөртөө сэтгэл хангалуун явдаг. Нөгөө талаас хөдөлмөрлөж буй хүн алхам тутамдаа хөгжиж байдаг. Тиймээс биднийг халамж хүсэгч биш боломж гэдэг талаас нь хараасай гэж хүсдэг. Дэд бүтцийн асуудлыг сайжруулж, ажиллаж, амьдрах орчныг маань бүрдүүлээд өгчихвөл бид халамж хүсэгч биш баялаг бүтээгчид байж эх орондоо хувь нэмрээ оруулж чадна гэж боддог.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ӨӨРСДИЙН ГАРГАСАН БОДЛОГОТОЙГОО АЖЛАА УЯЛДУУЛДАГГҮЙ
-Манайд эдгээр хүмүүст зориулсан үзвэр, үйлчилгээ их дутагдалтай байдаг. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?
-Хаа явсан газраа “би чинь харж чаддаггүй шүү дээ” гэдгээ мэдрэх шиг муухай зүйл байдаггүй.
Үзвэр, үйлчилгээний газар руу орсон ч “хаалга нь хаана байдаг юм бол, дотор талд чиглүүлэгч байдаг болов уу” гэх мэтээр дахиад л асуудал урган гарна. Сүүлийн үед зарим нэг музей, үзвэр үйлчилгээний байгууллагууд манайхтай хамтарч ажиллахаар ярилцаж байгаа. Гэхдээ л бүх үзвэрүүд нь шилэн хоргоны цаана байдаг. Хүрч болохгүй. Тийшээ ороод ямар ч сэтгэл хөдлөл, кайф авахгүй шүү дээ.
Үзвэр үйлчилгээнээс гадна хараагүй хүмүүст мэдээлэл олж авах боломж бололцоо маш тааруу. Ямар нэг сайт руу орлоо гэхэд мэдээлэл авах боломжгүй. Танай сайтын мэдээллийг авч чаддаггүй 11 мянга гаруй хүн байдаг гэхээр үүнийг мэдээллийн хүртээмжтэй байдал гэж хэлэхэд хэцүү шүү дээ тийм ээ. Сүүлийн үед технологийн салбарт манай залуучууд хүч үзэж байна. Бид emongolia, look tv зэрэг 7 хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран хараагүй хүмүүст хэрхэн мэдээ, мэдээлэл хүргэх, мэдээллийг яаж хүртээмжтэй байлгах тал дээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Гарц, шийдэл нь бидэнд байгаа.
Ер нь хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй иргэдэд хүртээмжтэй байна гэдэг чинь бүх хүнд хүртээмжтэй байна гэсэн үг. Автобусанд буудлаа зарладаггүй гээд бидний асуудал юм шиг, зөвхөн бидэнд хамаатуулж яриад байдаг мөртлөө хараагүй хүмүүсээс өөр настай хүмүүст ч гэсэн дэмтэй байдаг.
Өвөл автобусны цонх цантаад, харагдахаа байчихдаг гэсэн тэ. Тэгэхээр энгийн хүмүүс ч гэсэн хаана явж байгаагаа мэдэхгүй, буух буудлаа өнгөрөөд буучихлаа гэдэг юм билээ.
Тиймээс зарлагч бол өндөр настнууд, хөдөө орон нутгаас ирсэн газар мэдэхгүй байгаа хүмүүс, өвлийн цагт ч гэсэн бүгдэд хэрэгтэй зүйл. Настай хүмүүс “Тэр зарлагч чинь яагаад ажиллахгүй байгаа юм бэ, тэрийгээ ажиллуулаач” гээд хараагүй хүмүүсээс ч илүүтэй шаарддаг. Энэ мэт зөвхөн автобусны үйлчилгээ биш бусад асуудал ч гэсэн бүх хүмүүст хамаатай.
-Төр засгаас та нарыг хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
-ХНХЯ-наас хараагүй иргэдийг ажлын байраар дэмжих төсөл хөтөлбөрүүд зарлагддаг. Мөн хуулиндаа 25-аас дээш ажилтантай байгууллага заавал 1 хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулна гэж заасан байдаг. Гэхдээ энэ нь бодит байдал дээр шал өөр. Төрийн байгууллагынхан энэ жишгийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй санагддаг.
Мөн хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан төрийн байгууллагын ажилтнууд маш их солигддог. Ялангуяа орон нутагт намын бодлогоор нэг дарга ирэхэд л доорх бүх ажилтнууд нь давхар солигдож байх жишээтэй. Хөгжлийн бэрхшээл, халамж хариуцсан ажилтан бол ажил үүргээ мэддэг, туршлагатай нэгэн байх ёстой. Эдгээр асуудлыг хариуцсан мэргэжилтэн дор хаяж нэг, хоёр жил ажиллаж байж ажлаа гартаа оруулдаг. Хүрч ажиллах ёстой хүмүүсээтэйгээ уулзаж ярилцан, чүү ай ойлголттой болж байхад шинэ хүн хүрээд ирдэг. Дахиад л эхнээс нь эхлэх шаардлагатай болдог. Энэ бидэнд маш хэцүү байдаг.
Хүнд хэрэггүй эрхтэн гэж байхгүй. Бүгд л чухал. Гэхдээ монголчуудын хэлдэг үг байдаг шүү дээ. Охиноо хүний хүнд өгөхдөө нүдний цөцгий мэт хайрлаж яваарай гэж хэлдэг. Тэгэхээр нүдний цөцгий гэдэг ямар чухал эрхтэн бэ. Зүрх шигээ хайрлаж яваарай гэж хэлэхгүй л байгаа биз дээ тийм ээ. Хүмүүс нүдээрээ мэдээллийн 80 хувийг авдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс мэдээлэл олж авдаг гол эрхтэн нь байхгүй эдгээр хүмүүст ядаж хөдөлмөрлөж, баялаг бүтээх боломжыг нь бий болгож өгөөч гэж гуйж байна. Мэдээж бид нар хүний өмнөөс харааны бэрхшээлтэй болоогүй. Гэхдээ хууль, олон улсын гэрээ конвенцдоо хараагүй хүмүүсийг дэмжиж ажиллана, орчин нөхцлийг нь бүрдүүлж өгнө гээд хүлээн зөвшөөрчихсөн байгаа учир ядаж наад захын зүйлсээр нь дэмжээд өгөөч л гэж байгаа юм. Тэгвэл бид олон юм ярьж шалчигнаад байхгүй, та бүхэнд саад болоод байхгүй шүү дээ. Тэгэхгүй болохоор бид нар яалт ч үгүй өөрсдийн эрх ашгийн төлөө дуугарна, шахаж шаардана.
-Гадны улс орнууд харааны бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хэр сайн дэмжлэг үзүүлдэг вэ? Аль нэг улсыг дурдвал?
-Японы жишгийг бид голчилж ярьдаг. Япончууд нэгэндээ гай болохгүй гэсэн зарчмаар амьдардаг хүмүүс. Тус улсад хараагүй хүн гудамжинд гараад явахад хэнээс ч тусламж авахгүйгээр, өөрөө бүгдийг хийх бүх нөхцөл боломжыг бүрдүүлээд өгчихсөн байдаг. Тухайлбал, замын гарц, тэмдэглэгээ, үйлчилгээний байгууллага нь хараагүй иргэдийг чиглүүлэгч замтай.
Манайх ЖАЙКА Японы Олон улсын Хамтын Ажиллагааны Байгууллагатай хамтарч ажиллаад 3,4 жил болж байгаа юм. Энэ хугацаанд гадуур, дотуур явж гудамж талбайд үнэлгээ хийсэн. Ингэхэд, явган хүний зам дээр байгаа ТҮЦ, гэрлийн шонг хараад Жайкагынхан гайхаж байсан. Мөн стандарт бус, хүн очоод нүүрээрээ мөргөчихөөр намхан самбаруудыг хараад зарим байгууллагууд нээрээ л бодохоор асуудал байна шүү гэж тухайн үедээ ярьж байсан юм. Харин японд бол хот тохижуулалтын ажлыг хийж байгаа хүмүүс яг өөрсдөө харааны бэрхшээлтэй юм шиг мэдэрч, яг өөрийнх нь асуудал юм шиг сэтгэл гаргаж хийдэг.
Харин манайхан бол “энүүгээр ч хараагүй хүн явахгүй дээ” гэсэн хандлагаар бүгдийг хийдэг. Гэхдээ амьдрал баян шүү дээ. Танай хувийн хауст ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүн хэзээ нэг өдөр орж ирж магадгүй.
Таны болгоомжгүй, хайхрамжгүй, сэтгэлгүй хийсэн нэг үйлдэл хүний аминд хүрч болно шүү дээ. Траншейны нүхээ таглаагүй орхисноос болж хараагүй иргэн унаж нас барсан тохиолдол манайд гарч байсан. Тиймээс нэг зар сурталчилгааны самбар хийхдээ хүртэл хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бодолцох хэрэгтэй. Энэ тийм хэцүү ажил биш шүү дээ. Жаахан л сэтгэл асуудал.
Хүүгийн минь найз нэг удаа манайд орж ирээд миний урд сандал тавьчихсан юм билээ. Тэгсэн чинь манай хүү “хүүе хүүе, найзаа наадхыг чинь тийшээ тавихгүй бол манай аав очоод мөргөчихдөг юм” гэж хэлж байсан юм. Ер нь хараагүй хүмүүсийн ойр тойрныхон л тэднийг маш сайн мэдэрдэг. Таны эргэн тойронд ийм хүмүүс байхгүй байсан ч энэ мэт жижиг асуудлыг бодолцож байгаарай.
-Ярилцсанд баярлалаа