Өчигдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцлээ. Орой нь хэд хэдэн тв-ийн сувгаар "Рио Тинтог хөөх ёстой" гэх агуулга бүхий мэдээ гарч, УИХ-ын гишүүд яриа өгчээ.
Улсынх нь эдийн засаг элгээрээ хэвтчихсэн, гуравдагч орноос хөрөнгө оруулалт татах нь бүү хэл Эрээнээс бараагаа ч татаж чадахгүй болчихсон энэ үед хариуцлагагүй мэдэгдэл хийж, ярьж явах нь хаанаас шидсэн чулуу, хэний хийж буй явуулга вэ?
Оюу толгой төслийг хэрэгжүүлэгч манай хамгийн том гадны хөрөнгө оруулагч болох Рио Тинто Засгийн газраас уучлалт хүсэв. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэнд гэмшин, Эрдэнэс Оюу толгойд оногдох ногдол ашгийг ойртуулан, цар тахал үргэлжлэх гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийн орлогыг төсөвт бүрдүүлэх амлалтыг өгөв.
Рио Тинто гүний уурхайг 2022 оноос ашиглалтад оруулах хэрэгтэй бөгөөд холбогдох зөвшөөрлүүдийг Засгийн газраас цаг алдалгүй олгож, дэвшүүлсэн саналыг нь ажил хэрэгчээр цаасан дээр буулгахыг хүсжээ. Учир нь дэлхийн зах зээл дээрх таатай үнийн нөхцөл удаан үргэлжлэх эсэх нь тодорхойгүй учир аль болох хурдан хэл амаа ололцон хамтдаа ашиг хүртэхийг зорьж.
Энэ нь ч аргагүй, өнөөдрийг хүртэл энэ төсөлд манай тал 0, хөрөнгө оруулагчид 12 тэрбум ам.долларыг зарцуулсан байгаа шүү гэх тэдний байр суурийг бага ч атугай хүндэтгэн үзэх ёстой биз.
Гэтэл манай тал яах гээд байгаа нь мэдэгдэхгүй гүлдийсээр. Хэвлэлээр өгч байгаа мэдээлэл, ялангуяа гаднын хэвлэл рүү үг дайдаг шинэ аргыг нь ажваас хөрөнгө оруулагчтайгаа хэлэлцээний ширээний ард суухаасаа илүү хэвлэлээр ажил хийж харагдах байдал нь давамгайлсан маягтай.
Хөрөнгө оруулагчаас тавьсан санал, Оюутолгойн туулсан замналыг задлан шинжилбэл Монгол Улсад үр өгөөжтэй байхаар дүр зураг харагдана. Учир нь зөвхөн татварын орлогоор нь тооцвол төсвийн 10 төгрөг тутмын 1 нь Оюутолгойгоос орж 285 мянган төрийн албан хаагчдын 28 мянгын цалинг сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол тавьж иржээ. Үүн дээр 13 мянган ажлын байр, 700 гаруй ханган нийлүүлэгчдийн эдийн засгийн идэвхжилтийг нэмбэл Оюутолгойг дагасан манай эдийн засгийн өсөлт сүүлийн арван жилийн хугацаанд чамгүй тэлсэн. Ингээд бодвол гүний уурхайг ашиглалтад оруулах төсөл татгалзах аргагүй санал, гэрэлт ирээдүй юм.
ЭДИЙН ЗАСАГ, ГЕОПОЛИТИКИЙН ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨСЛИЙГ ЗОГСООВОЛ ХАРИУЦЛАГЫГ НЬ ХЭН ХҮЛЭЭХ ВЭ?
Азийн хөгжлийн банкнаас өнгөрөгч дөрөвдүгээр сард гаргасан төлвөөр 2022 онд эдийн засаг сэргэх хэдий ч, үүний тулд хөрөнгө оруулалтыг сайжруулах, тогтвортой байдлыг хангах нь чухал хэмээн зөвлөсөн. Монгол Улсын хувьд сүүлийн таван жилд Оюутолгойгоос өөр гадны хөрөнгө оруулалт байгаагүй.
Энэ хөрөнгө оруулалтын ачаар манай улсын төсөвт 2020 онд 700 сая, 2021 онд 500 сая долларын орлого орж, бид иргэд нийтээрээ цар тахлын үеийг хямрал багатайгаар туулав. 2022 оны төсөвт ч Оюутолгойгоос орж ирэх өгөөжийг хэдийнээ төлөвлөж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгох төслүүдийн тоонд оруулсан.
Энд тийм олон төсөл ороогүй бөгөөд Газрын тос боловсруулах үйлдвэр, Богдхан төмөр зам, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад найдвар тавьж байна.
Гэсэн хэдий ч эдийн засгийн нөхцөл хүндэрч цар тахал дэлхий дахиныг нөмөрч байхад хэлэлцээрийн баг Эдийн засгийн айсуй хямралын талаар өчүүхэн ч төсөөлөлгүй мэт аашилсаар байна. Өнөөдрийг хүртэл гэрээг өөрчилнө гэхээс өөр ямар ч тодорхой санал Засгийн газраас гаргасангүй.
Монгол Улсын Засгийн газрын эрх бүхий сайд нар үүнд хойрго хандаж байгаа мэдээлэл бий. Бие даан шийдвэр гаргах эрхийг салбарын сайд нарт Монгол Улсын Ерөнхий сайд өгсөн гэх боловч дан дээлтэй сайд нар өнөөдрийг хүртэл асуудлыг урагшлуулахын оронд айж бэргэсээр байгаа нь нууц биш юм.
Эдгээр эрх бүхий хүмүүс эс үйлдлээрээ Монгол Улсад маш их хэмжээний хохирол учруулж байгаагаа ухаарч байгаа болов уу.
Яг бодит байдал дээр төслийн томоохон хэлэлцээрээс гадна төлөвлөсөн ёсоор далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой “жижиг” шийдвэрүүд шил шилээ даран хүлээж байгаа гэх.
Хөрөнгө оруулагч нэг завин дээр байгаа гэдгийг алхам тутамдаа соёлтойгоор сануулсаар ирсэн. Харин Засгийн газар завины эзэн мэт ганцаараа дураараа дургисаар тодорхойгүй байдал үргэлжилсээр байна.
Энэ хүнд хэцүү цаг үед гуравдагч хөршөөс орж ирж буй геополитик болоод эдийн засгийн хувьд эерэг нөлөөлөлтэй цор ганц, хамгийн том хөрөнгө оруулалтыг зогсоовол хариуцлагыг нь хэн үүрэх вэ?
Мөн нөгөө талаасаа эдийн засгийн нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалт, цар тахлын хүндхэн үеийг бодсон ч Засгийн газрын тогтвортой байдал туйлаас чухал. Хэлэлцээг өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрсэн баг ажлаа шуурхайлан эцэслэх нь зөв зүйтэй. Хэрэв тэд солигдвол дахиад шинэ хүмүүс ирж, дахиад бүх асуудал эхнээсээ явж, асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдаж мэдэхээр юм.
Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагчид бөхийж, Засгийн газар гэдийж байна. Хэсэг хугацааны дараа хамтдаа живэх вий.
Бид яах вэ, Хөрөнгө оруулалт татах уу, түлхэх үү?