/2021.09.16/ Крипто зах зээл, койн, хөрөнгө оруулалтыг сүүлийн өдрүүдэд Монголчууд хуйлран сонирхох болсон. Шаардлагатай судалгаа, цаашдаа энэ салбарт хэрхэн ашиг олох төлөвлөгөө хангалттай байдаггүйн улмаас олон хүн ашиг олж чадаагүй хохирсон талаараа хэвлэлийн хурлаар нэг зарласан.
Энэхүү зах зээлийг сонирхогчдод зориулсан олон ном товхимол, нийтлэл мэдээлэл бий. Үүнийг Монгол залуучууддаа түгээж хамгийн эрүүл дүн шинжилгээг бэлтгэн хүргэдэг Крипто Пуужин багийнхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Тэд энэ оны хоёрдугаар сараас эхлэн YouTube хуудаст контент нийтэлж эхэлсэн бөгөөд алс хэтэд Крипто зах зээлтэй холбоотой хамгийн сайн судалгаа, шинжилгээний пүүс болох амбицийг тээсэн юм.
- YouTube хуудаснаа 16300 гаруй дагагч,
- Фэйсбүүк хуудаснаа бүлгэм, хуудас нийлээд 10500 орчим койн сонирхогчдыг нэгтгэсэн байна.
- Мөн discord платформоор дамжуулан сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж, твиттерт ч идэвхтэй байдаг гэв.
Наймдугаар сарын 19-нд дуулиан тариад байгаа IHC койны талаар шүүмжлэлээ илэрхийлсэн нь Их Бит ХХК-ий залууст хүрч доромжилж, доош нь хийсэн гэх сэтгэгдлийг авсан. Уг хэрэгтээ Крипто Пуужингийн залуус хувь хүнд чиглэх бус, зах зээлийн нөхцөл байдлыг тайлбарлан хэлсэн хэмээсэн юм.
Пуужингийн баг анх гурван хүний бүрэлдэхүүнтэй шинжилгээний ажлаа эхлүүлсэн бол одоогоор 10 гаруй гишүүдийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж өдрөөс өдөрт өргөжсөөр байна.
Та койн, крипто зах зээлд төдийлөн мэдээлэлгүй бол тэд танд хэрэгтэй мэдээлэл өгч үеийн залуустай холбож өгөх боломжтой.
Бидэнтэй багийн гишүүн М.Энх-Улирал, Э.Золбоо нар ярилцлаа.
Анх крипто зах зээлд орж байсан, алдаа онооны түүхээсээ хуваалцаач?
Эрсдэлээ сайн даагаад нэг койн дээр хөрөнгө оруулах бус тарааж байрлуулбал ашиг олох боломжтой.
М.Энх-Улирал: Би 2017 онд трэйд хийж эхэлж байсан. Сэтгэл зүй дээрээ тулгуурлан шийдвэр гаргаж алдана гэж юу байдгийг утгаар нь үзүүлсэн дээ. Ээжээсээ мөнгө аваад дээр нь өөрийнхөө цуглуулсан хэдэн төгрөгийг нэмээд анх орсон. Хангалттай уншиж судаллаа гээд сайн арилжаа хийдэг хүн болж чадахгүй. Туршлага, тууштай зан тань ашиг олох замд хөтөлнө. Хэдий алдсан ч цааш ахин судалдаг, үргэлжлүүлэн тухайн зах зээл дээр ажиллаж байж амжилтанд хүрнэ.
Маш их хэмжээний зоос аваад л байсан. Нэг мэдсэн чинь зоосны ханш уначихсан. Эцэст нь мөнгө биш дүүрэн зоостой үлдсэн түүх бий.
Хүмүүс хэлэхдээ “алдаж чадах мөнгөөрөө орох хэрэгтэй” гэдэг. Энэ нь өрөөсгөл ойлголт. Хүн бүрт олж байгаа мөнгө нь үнэ цэнэтэй. Анхнаасаа төлөвлөгөөтэй, ашиг олно гэх ойлголтоор крипто зах зээлд орох хэрэгтэй.
Монголд, дэлхий дахинд гарч байгаа койноос аль нь сайн бэ?
Аливаа койны төсөл дээр хоёр зүйлийг анхаарч харах хэрэгтэй.
- Баг: Сайн баг эсэх, өмнө нь хийж байсан ажил, байгууллагын дотоод соёл, аливаа газар ярилцлага өгөхдөө гаргаж байгаа ааш авир зэргийг ажиглах хэрэгтэй.
- Бүтээгдэхүүн: Хэдэн хэрэглэгчтэй, ашиг олох бол хэдий хэмжээгээр олох боломжтой вэ зэргийг харах хэрэгтэй.
Манай багийн сонирхож байгаа зоосыг discord, YouTube хуудаст байршуулаад явдаг байгаа.
Олон төрлийн койн Монгол улсын зах зээлд гарч байна. Үүнд нийтлэг эрсдэл, олох боломжтой ашиг юу байх вэ? Coinhub биржийн гацалтаас болоод захиалга өгч чадаагүй иргэд хохирсон гэж хэвлэлийн хурал хийсэн, энэ талаар?
М.Энх-Улирал: Худалдаж авах боломжтой сая сая төрлийн койн байна. Захын нэг койныг худалдаж авч чадсангүй гээд уурлаад байх нь их сонин. Хүн бүрийн сэтгэл зүйн асуудлаас улбаалах байх.
Яг яагаад тэр койнд хөрөнгө оруулалт хийх гэж байгаагаа тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй. Хэрвээ ямар нэг тайлбар орж ирэхгүй бол таны судалгаа дутуу дулимаг байна гэсэн үг.
Э.Золбоо: IHC койн захиалга авах үеэр хүмүүс захиалгад багтаж чадсангүй гээд их бухимдсан. ФОМО мэдрэмж гэдэг нь өөрөө их утгагүй зүйл.
ФОМО: Аливаа зүйлээс хоцорсон юм шиг мэдрэмж авч, төлөвлөөгүй үйлдэл хийх
Автобус явсан ч дараагийн автобус ирнэ. Койн дээр ч үүнтэй утга нэг явдал бий.
Coinhub бирж нь гараад удаагүй байгаа. Технологийн салбарт ажиллахад алдаа оноо гаралгүй л яахав. Аливаа хийж байгаа ажлын цаана хүн байгаа. Тэр утгаараа алдаа гаргасан хамт олныг ойлгох гэж хичээх хэрэгтэй.
Койны талаар мэдлэггүй олон хүн энэ салбарт орох гэж үзэж байна. Тэдэнд эхний ээлжинд ямар зөвлөгөө өгөх вэ?
Бид ч гэсэн алдаж байсан. Хүн эрсдэлтэй зүйл хийсэн тохиолдолд эргээд тухайн зах зээлээ судалж сонирхож эхэлдэг. Залуу байхад аливаа эрсдэлтэй үйлдэл их хийдэг. Тэгээд ч амьдрал эрсдэлээр дүүрэн.
“Эрсдэлтэй зүйлийг битгий хий” гэх үгийг хүлээж авдаггүй. Харин ухаалаг алхам хийх хэрэгтэй. Тодорхой хэмжээний эрсдэл хүлээнэ гэж тооцоолоод хөрөнгө оруулалт хийх нь байж болох асуудал.
АрдХ койн байна. Нэгэнтээ унаад босоод ахин унасан байгаа. Ер нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийг юу гэж харж байна вэ?
Ард их амжилттай хувилбар. Койн гаргаад тодорхой хугацаанд зах зээлд байсан. зах зээлийн үнэлгээ нь өндөр. Үүнийгээ ч бариад явж байгаа. Олон хүмүүс, бизнесийн ертөнцөд байхгүй хүн хүртэл мэддэг болтлоо танигдсан.
Энэ байдлаа ашиглаад үргэлжлүүлэн зоосоо амжилттай гаргасан. Зоостой холбоотой ажлыг яаж хийдэг, хэрхэн олон нийтэд таниулдаг, хэр өндөр үнэлгээнд хүрч болохыг Монгол түмэнд харуулж чадсан нь давуу тал болсон. Мөн өөрсдийн бирж /DAX/ ажиллуулдаг нь авууштай.
Урт хугацаанд Ард санхүүгийн нэгдэлд үнэ цэнэтэй болохыг үгүйсгэх аргагүй.
Нэг шүүмжлэл байгаа нь койны ханшийг нэг доллар хүрнэ гэх амлалт гэж хэлж болохуйц санааг цахим хуудаснаа цацсан нь хамгийн том ёс зүйн алдаа байсан. Энэ амлалт өгөх байдлыг койны зах зээлээс авч хаях хэрэгтэй.
Өмнө нь койн худалдаж авч байгаагүй иргэд тухайн байгууллагад, Ч.Ганхуяг гэх хүнд нь итгээд хөрөнгө оруулалт хийхээр хэмжээний сурталчилгаа байсан.
Койн гаргахад асуудалгүй, хэн ч гаргаж болно. Гол нь койн гаргаж байгаа хувь хүн, албан байгууллага ёс зүйтэй байх хэрэгтэй. Ашиг олж байгаа хүнээс гадна алдагдалтай арилжсан хүн байгаа гэдгийг тооцоолж койноо зөв талаас нь таниулах хэрэгтэй.
Bittrex бирж дээр гарсны дараа олны сонирхлыг татаагүй. Дотоодын зах зээлд иргэдийг хөрөнгө оруулах хүртэл нь сурталчилгаа хийдэг ч гадаадын зах зээл дээр Ард зоосыг харахад хөрөнгө оруулах шалтгаан нь их сул.
Өөрт байгаа хөрөнгийн гурван хувийг л эргэлтэд оруул” гэж Ч.Ганхуяг захирал хэлж байсан. Үүнтэй санал нийлэх үү?
Хүн бүрийн эдийн засгийн байдал, амьдрал өөр. Тухайн хүн гэр бүлтэй эсэх, амьжиргааны байдал зэргээс хамаараад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь өөр байж болно.
IHC хөрөнгөө босгоход coinhub биржийн ачааллаас болоод иргэд хөрөнгөө байршуулж чадаагүй талаараа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Монголбанкны удирдах албан тушаалтан тайлбар хэлэхдээ “Ашиг олж байгаа хүний цаана алдах хүн байх нь байдаг л зүйл” хэмээн тайлбарласан байсан. үүнтэй санал нийлэх үү?
Э.Золбоо: Энэ ойлголт койн дээр төдийлөн байдаггүй гэж боддог. Энэ нь хувьцааны зах зээлд түлхүү байдаг гэж хардаг. Төсөл хэдий чинээ сайн байна төдий чинээ ашиг олох боломжтой.
М.Энх-Улирал: Койн захиалж чадаагүй хүмүүс хэвлэлийн хурал хийх нь утгагүй зүйл. Алдагдсан боломжийн талаар хэл ам хийх нь иргэдийн хариуцлагагүй байдлыг харуулж байна.
IHC койны талаар та бүхэн юу гэж бодож байна вэ? Урт хугацаанд үр өгөөжөө өгөх болов уу?
IEO босгох үеэрээ вебсайт нээгээгүй, төслөө /whitepaper/ Монгол хэл дээр гаргаагүй зөвхөн Англи хэл дээр гаргасан байсан нь дутагдалтай, зөвхөн мөнгө нь л хэрэгтэй байсан юм шиг сэтгэгдэл төрүүлсэн. Одоо улам хөгжүүлэх эсэхийг нь ажиглана даа.
Бид IHC койнд итгэдэггүй. Өөрсдөө ч худалдаж аваагүй. Нийт босгосон хөрөнгийнхөө зах зээлийн ханшийг хэр сайн барьж чадах нь сонирхолтой байна.
Английн эрдэмтэн Исаак Ньютон чулууг алт болгож хувиргах судалгаа хийж байсан. Эцэст нь чулуу алт хоорондоо бүтцийн хувьд эрс өөр учир тийм “ид шидийн” зүйл болохгүй болохыг баталсан. Харин Их Бит ХХК-ийхан дээрх ид шидийг 110 хуудас Англи хэл дээрх төслөөрөө бий болгочхов уу даа гэж харсан.
Их Бит ХХК IHC койныг гаргаж байгаа шалтгаан нь “Ашгийн бус зорилготой” гэсэн. Койныг ашиг харахгүйгээр гаргана гэж байх уу?
Дэлхий дээр байгаа ядуурлыг шийднэ гэх зэрэг ашгийн бус койн хэд хэд гарсан. Койн гаргахад хүн юу ч гэж хэлж болно. Их Бит ХХК нийт хөрөнгийнхөө хэдэн хувиар нь ашгийн бус, сайн үйл хийхийг нь ажиглана даа.
Бид хөрөнгөө босгосон байдал дээр нь шүүмжлэлтэй хандсан. Цаашдаа мөнгөө хэрхэн зарцуулахыг нь мэдэхгүй учраас ажиглана. Үнэхээр нийгэмдээ сайн үйлээр манлайлаад явбал бид ч түүнийг нь сайшаан ярьж, хүлээн зөвшөөрөх болно.
Цөөн хүн амтай манай улсад койн ашиглаж, хөрөнгө оруулах нь хэр зохимжтой вэ?
М.Энх-Улирал: Крипто зах зээл нь ирээдүйд хүн бүрийн ашиглах хэрэгсэл, санхүүгийн системийн хувьсгал, ярианы бай, ТРЕНД болно. Би өөрөө койн, криптог их сонирхдог учраас хүн бүрийг л сонирхоод үз гэх байна.
Итериум, биткойноор хийгдэж байгаа гүйлгээ бүр ил харагдаж байдаг учраас эрсдэлтэй зүйл огт гарахгүй.
Чөлөөтэй ярилцсанд баярлалаа, амжилт хүсье