/2023.4.12/ Манай улс эрчим хүчний дутагдалд орчихсон гэдэг нь үнэн гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэллээ.
2024 оны өвлийг давах төлөвлөгөөт ажил руу орж эхэлсэн гэдгийг тэрбээр мэдээллээ. Энэ жилийн хувьд манай эрчим хүчний салбар бүх чадлаараа ажиллажээ.
-Зарлага зах зээлийн үнээр гардаг, орлого нь төрөөс зохицуулалттай. Аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчний үнийг өнгөрөгч жил 14-38 хувь хүртэл нэмсэн арга хэмжээг авсан. Шаардлагатай үед дахиад нэмэхээс өөр арга байхгүй. Хэрэглэгчийн төлөх чадвар сунаж өгөхгүй байгаа тул үүнээс өөр арга алга.
Эгийн голын усан цахилгаан станцын хувьд ОХУ-аас манай улсыг ЮНЕСКО-д гомдол гаргасан. Энэ зургаадугаар сард ОХУ-д эрчим хүчний салбарын хурал болох бөгөөд энэ хуралд Б.Чойжилсүрэн сайдыг урьсан байна. Тэрбээр энэ хуралд очиж, асуудлыг нааштайгаар шийднэ гэж найдаж байгаагаа мэдээллээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тогтоолыг баталжээ.
Одоо Тавантолгойн дулааны цахилгаан станцыг 405 мегаВаттын хүчин чадалтайгаар барих зурагтай байгаа. Харин эхний ээлжинд 300 мегаВаттынхыг барьж, хэрэглээ тогтмолжсоны дараа гурав дахь блокыг нэмж барья гэсэн шийдвэр гаргалаа.
Мөн Тавантолгойн цахилгаан станцыг түлхүүр гардуулах нөхцөл дээр нэмэх нь санхүүжилтээ өөрсдөө олох нөхцөлтэйгээр тендэр зарлах шийдвэр гаргажээ.
Төслийн ажил гэрээ байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар тооцоолжээ.
Тавантолгойн цахилгаан станц жил тутам 1.3 тэрбум кват цаг эрчим хүчийг 9.6-11 орчим центээр нийлүүлэхээр гэрээ байгуулжээ.
Гурав дахь блокыг байгуулсан цагт цахилгаан эрчим хүчийг дотооддоо бүрэн хангах боломжтой гэв.
Эгийн голын усан цахилгаан станц дээр 10 орчим сая долларын зээл байна. Уг УЦС-ыг барих асуудал ОХУ ЮНЕСКО-д гомдол гаргасан учраас түр зогссон байгаа аж.
Эрчим хүчний сайдыг ОХУ-ын талаас Эгийн голын УЦС-ыг барих эсэх асуудлаар хэлэлцэхээр урьжээ.