Б.Уранчимэг: Жилд 2800 гаруй хүн сүрьеэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжид хамрагддаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Уранчимэг: Жилд 2800 гаруй хүн сүрьеэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжид хамрагддаг

Өнөөдөр "Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна. Дэлхий нийтээр энэ жил уг өдрийг “Тийм ээ, бид сүрьеэг устгаж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй юм. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны Статистикч эмч Б.Уранчимэгтэй ярилцлаа.

-Дээрх урианы хүрээнд энэ жил ямар нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна вэ?
-Маш олон ажлуудыг зохион байгуулж байгаа. Олон нийтийг сүрьеэ өвчний талаар үнэн зөв мэдээллээр хангахын тулд мэдээллийн бүхий л сувгуудаар мэдээлэл түгээж байна. Мөн сүрьеэ өвчинд өртөх эрсдэлтэй хүн амын бүлэгт зориулсан эрт илрүүлгийн ажиллагаа зохион байгуулж байна. Орон даяар эдгээр үйл ажиллагаа явагдаж байгаа.

-Сүрьеэ өвчний илрүүлэлт ямар байна вэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ маш чухал гэсэн шүү дээ?
-Илрүүлэлтийн хувьд тооцоолж буй төвшөөс бага байгаа. Үүний хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд нэлээд анхаарч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд оношилгооны тоног төхөөрөмж бүрэн сайжирсан. Тиймээс эрт илрүүлэх бүрэн боломжтой. Дэлхий дахинаа хэрэглэгдэж буй оношилгоо, эмчилгээний бүх шинэ технологи манайд нэвтэрчихсэн байгаа.

-Эмчилгээний амжилт, чанар ямар байгаа вэ?
-Сүрьеэ өвчний эмчилгээний амжилт улсын хэмжээнд 90 хувьтай байна. Энэ нь дэлхийн дундаж болон бүсийн дундаж үзүүлэлтээс өндөр үзүүлэлт юм. Тэр дундаа олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн амжилт 70 гаруй хувьтай байгаа. Энэ нь мөн бүсийн болон дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт. Бид дэлхий дахинаа сүрьеэгийн эмчилгээнд гарч буй шинэ эмүүдийг цаг алдалгүй улсдаа нэвтрүүлж чадаж байна. Өмнө нь бид олон эмэнд тэсвэртэй сүрьеэг 2 жил эмчилдэг байсан. Үүнээс ч удаан хугацаагаар эмчлэх тохиолдол ч байдаг байсан. Харин одоо 9 сар, магадгүй бүр 6 сарын хугацаанд бүрэн эмчлэх боломжтой болж байгаа. Энэ нь эргээд сүрьеэгийн эмчилгээг амжилттай болоход чухал нөлөө үзүүлж байна.

Түүнчлэн сүрьеэгийн эмчилгээнд тарилгагүй горимыг нэвтрүүлсэн. Эмэнд тэсвэртэй сүрьеэг 2 жил эмчилдэг байхад эхний 6-8 сарын хугацаанд өдөр бүр тариа тарьдаг байсан. Харин одоо бол зөвхөн эмийн аргаар эмчилж байна. Энэ өвчтөнд илүү ээлтэй нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм.

-Хүүхдийн сүрьеэгийн өвчлөл ямар байна вэ?
-Улсын хэмжээнд жилд 300 орчим хүүхэд сүрьеэгээр өвчилж байна. Хүүхдэд халдвар тарааж буй хүмүүс нь ихэвчлэн гэр бүл, ойр дотных нь хүмүүс байдаг. Ерөнхийдөө манай улс хүүхдийн сүрьеэгийн өвчлөлөөр дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй байгаа. Гэхдээ статистик тоон мэдээллээс харвал сүүлийн жилүүдэд хүүхдийн өвчлөл буурч байна. Гэсэн хэдий ч энэ бол тайвшрах зүйл биш. Илрүүлэлтээ илүү сайжруулах хэрэгтэй гэдгийг сануулж байгаа үзүүлэлт гэж ойлгож болно.

-Ер нь сүрьеэ өвчнөөр ихэвчлэн ямар хүмүүс өвдөж байна вэ?
-Судалгаанаас харвал ажилгүй, амжиргааны түвшин доогуур, өндөр настан, хоол тэжээлийн дутагдалд орсон хүмүүс энэ өвчнөөр түлхүү өвдөж байна.

-Эрт илрүүлгээр сүрьеэ өвчтэй байх магадлалтай гэсэн хариу авсан хүмүүс нарийн мэргэжлийн эмч дээр очиж, заавар зөвлөгөө авч байна уу?
-Орон даяар эрт илрүүлгийн аян зохион байгуулагдаж байгаа. Харамсалтай нь эрт илрүүлгээр сүрьеэ өвчтэй байж магадгүй гэж оношлогдсон иргэд аймаг дүүргийнхээ сүрьеэгийн эмч дээр очихгүй байна. Зөвхөн 3/1 хувь нь л очсон гэсэн мэдээлэлтэй байна. Тиймээс танд уушгины ямар нэг эмгэгийн шинж тэмдэг илэрсэн, нарийн мэргэжлийн эмч дээр очиж үзүүлээрэй гэж зөвлөсөн л бол заавал эмчид хандаарай. Сүрьеэ бол бүрэн эдгэрдэг өвчин. Аль болох эрт эмнэлэгт хандаж эмчийн зааврын дагуу бүрэн гүйцэт эмээ ууж, эмчилгээгээ таслахгүй байх нь маш чухал.

-Сүрьеэтэй хүмүүсийг нийгмээс гадуурхах тохиолдолд байдаг. Үүнд хэрхэн анхаарах вэ?
-Иргэдийн дунд энэ өвчний талаарх үнэн зөв мэдээлэл дутмаг байгаатай холбоотойгоор сүрьеэ өвчин туссан хүмүүсээс жийрхэх хандлагатай байдаг. Сүрьеэтэй хүн бүр халдвартай гэсэн үг биш. Зөвхөн уушгины халдвартай сүрьеэтэй хүн л бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг. Түүнээс биш уушгины халдваргүй хэлбэрийн сүрьеэтэй хүмүүс бусдад халдвар тараадаггүй. Сүрьеэгийн эмчилгээнд нэг сар хамрагдсаны дараа тухайн хүний гадагш ялгаруулах халдвар 90 гаруй хувиар багасдаг гэж үздэг. Тиймээс эмчилгээ хийлгэж буй хүмүүс аюултай биш. Тэднээс зайгаа барьж, ялгаварлан гадуурхах хэрэггүй. Харин эмчид хандахгүй ханиаж, найтаагаад, нус цэрээ хаяад яваад байгаа хүмүүс бусдад халдвар тараах хамгийн өндөр эрсдэлтэй байдаг.

-Урт хугацаанд эмчилгээ хийлгэхэд хөдөлмөрийн чадвар алдагдах магадлал байдаг. Энэ тохиолдолд тухайн хүмүүст ямар дэмжлэг үзүүлдэг вэ?
-Хөдөлмөрийн насны хүмүүс энэ өвчинд хамгийн их өртөж байна. Ингэснээр тэдний хөдөлмөрийн чадвар алдагддаг. Жилд 2800 гаруй хүн сүрьеэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжид хамрагдаж байна. Гэхдээ урт, богино хугацаагаар харилцан адилгүй. Ойролцоогоор 250 мянган төгрөгийн тэтгэмжтэй авдаг.

-Монгол Улсын хувьд урьдчилан сэргийлэх ажиллагаа, өвдсөний дараах эмчилгээ хоёрын алинд нь илүү мөнгө зарцуулж байна вэ?
-Улсын төсөв ихэвчлэн өвчилсний дараах эм тариад илүү зарцуулагдаж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээлэл олгох, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд хөрөнгө санхүүжилт гаргах шаардлагатай байгаа. Энэ шууд үр дүнгээ өгөхгүй ч урт хугацаандаа өндөр үр өгөөжтэй байх юм.

-Жилд хэчнээн хүн эмчлэгдэж байна вэ?

-Ойролцоогоор жилд 1000 гаруй хүнийг эмчилж байна. Сүүлийн таван жилд 6 мянга орчим халдвартай сүрьеэтэй хүнийг амжилттай эмчилжээ. Ингэснээр 88 мянга гаруй хүнийг халдвар авахаас сэргийлж чадсан байна.

-Ярилцсанд баярлалаа.

Бүрэн ширгэсэн Цойцон нуурыг 40 жилийн дараа сэргээж байна
Бүрэн ширгэсэн Цойцон нуурыг 40 жилийн дараа сэргээж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.