Н.Эрдэнэхүү: Агаарын бохирдлоос болж монголчууд ГЕНИЙН ТҮВШИНД доройтож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Эрдэнэхүү: Агаарын бохирдлоос болж монголчууд ГЕНИЙН ТҮВШИНД доройтож байна

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.

-Агаарын бохирдол элэгний хорт хавдрын мутацийг үүсгэж байна гэсэн судалгааны үр гарсан байсан. Энэ талаар танилцуулахгүй юу?
-Агаарын бохирдол хүний биед хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааг олон улсад маш эрчимтэй хийж байна. Мөн судалгааны үр дүнг шийдвэр гаргагч нарт танилцуулж, оновчтой шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлдэг байх ёстой юм.

Бид энэ онд утаанаас болж хүний биед мутац эсийн түвшинд гажигшил үүсэж, үүнээс үүдэлтэй хавдрууд бий болж байгааг тогтоолоо. Уг судалгааг нийт 14 орны судалгааны төв хамтран хийж, Хавдар судлалын үндэсний төвийн судлаачид мөн оролцсон байгаа. Улмаар агаарын бохирдол хүний биед шууд нөлөөлж, монгол хүнд элэгний эсийн хавдар үүсгэж байгааг тогтоосон. Тодруулбал, элэгний эсийн хавдар нь утаанаас үүсэлтэй хорт бодис болох хүхрийн давхар ислээс болж үүсдэг. Энэ нь элгэнд хоёр төрлийн мутац үүсгэж байгаа нь судалгаагаар нотлогдсон. Уг мутац зөвхөн монгол хүмүүсээс илэрсэн. Харин Европ болон бусад өндөр хөгжилтэй улс орнуудад ийм хавдрын мутацийн илэрц илрээгүй.

-Агаарын бохирдол хүнд ямар байдлаар нөлөөлдөг вэ?
-Шууд нөлөөлдөг гэж ойлгож болно. Цаашид бид утаагаа л багасгах хэрэгтэй. Агаарын бохирдолтой үр дүнтэй тэмцсэн тохиолдолд энэ хор бидний биеэс удаан хугацаанд, аажмаар гарна. Хар тугалга, хүхэр, азот зэрэг нь бүгд хүний биед өөр өөрөөр нөлөөлдөг. Хавдар судлалын үндэсний төвийн оролцсон дээрх судалгааг зөвхөн нэг төрлийн элэгний эсийн хавдар дээр хийсэн. Үүнээс өөр элэгний эсийг судлаагүй. Түүнчлэн зүрх судас, амьсгалын өвчнийг ч гэсэн судалж гаргаагүй байгаа. Хэрэв эдгээрийг судалж үзвэл үүнээс ч олон мэдэгдэхгүй байгаа өвчнүүд илэрч болзошгүй юм.

-Удаан хугацаанд агаарын бохирдол дунд амьдрах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Агаарын бохирдол нь хүнд урт болон богино хугацаанд нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, богино хугацаандаа хүний тархинд цус харвах зэрэг хүндрэлүүдийг үүсгэдэг. Харин удаан хугацаанд буюу Монгол Улс шиг 20, 30 жил агаарын бохирдолтой байсан орны иргэдийн хувьд маш их дархлаа султай болох сөрөг нөлөөтэй байдаг. Улмаар аливаа өвчинд мэдрэмтгий болохоос гадна зүрх судас, амьсгалын замын өвчлөлд өртөмтгий болж байна.

Манай улс агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийн түвшинд хүргэчихлээ. Удаан хугацаанд агаарын бохирдолтой орчинд амьдарч буй хүмүүсийн хувьд маш олон төрлийн архаг болон цочмог өвчнөөр өвдөх эрсдэл аль хэдийнээ бий болчихсон.

-“Агаар дахь РМ-2.5 РМ-10 тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын зарласан хүлцэх хэмжээнээс 30,40 дахин их байна” гэж мэдээлдэг. Гэхдээ ихэнх хүмүүс энэхүү нэр томьёог мэдэхгүй байх талтай байдаг. Та нарын хувьд энэ чиглэлээр судалгаа хийсэн үү. Иргэдэд агаарын бохирдлын хувь хэмжээ ямар түвшинд буйг энгийн үг хэллэгээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Одоо байгаа агаарын бохирдлын хувь хэмжээг тайлбарлавал нэг хүн өдөрт 5-6 хайрцаг тамхи угсруулан татаж буйтай тэнцэхээр хэмжээний утаагаар амьсгалж байна. Өөрөөр хэлбэл утааны бохирдол хамгийн их байдаг өвлийн цагт бид өдөр бүр ийм хэмжээний утаагаар уушгиа гэмтээдэг гэсэн үг юм. Үүний үр нөлөөгөөр хавдраас гадна амьсгалын замын өвчнүүд бий болж байна.

Бид нар өөрсдийгөө тамхи татдаггүй, эрүүл амьдралын хэв маягтай гэж боддог. Гэтэл Улаанбаатарт амьдарснаараа өдөр бүр 5-6 хайрцаг тамхи татаж байна. Энэ судалгаа үнэн гэдгийг баталчихсан, олон улсын сэтгүүлүүд дээр нийтлэгдчихсэн байгаа.

-Тэгвэл ийм орчинд амьдарч буй иргэдийн хувьд хэрхэн өөрсдийгөө хамгаалах вэ?
-Иргэд аль болох цэвэр агаартай газар руу нүүх, шилжих хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Мөн төр, хувийн хэвшил, засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах тал дээр нэгдсэн бодлогоор хамтарч ажиллахгүй бол болохгүй. Яг үнэнийг хэлэхэд монголын ард түмэн генийн түвшинд доройтож байна.

-Бага насны хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Миний хийж байсан нэг судалгаа байдаг. Нүүрс түлэхгүйгээр шөнийн цахилгааны хөнгөлөлтийг үзүүлээд явахад жилд 550 мянган тонн нүүрсийг хэмнэдэг. Энэ хэмжээний нүүрсийг шатааж, угаар үүсэх эрсдэлээс сэргийлдэг гэсэн үг юм. нийт нас баралтыг 14,7-17,5 дахин бууруулдаг гэсэн судалгааны дүн гарч байсан. Тэгэхээр энэ хэмжээний үхэл утаанаас үүдэлтэйгээр бий болж байна гэсэн үг.

-Агаарын бохирдлоос шууд хамааралтай эдгээр өвчлөлүүд аль насныханд илүү их тохиолдож байна вэ?
-Ер нь бол бүх насныханд хамаарч байгаа. Гэхдээ хамгийн өндөр бүлэгт нь нярай хүүхдүүд багтаж байна. Мөн өндөр настнууд, дархлаа сул хүмүүс багтаж байна.

Миний хувьд нярай хүүхдүүдийн цусанд хар тугалганы хэмжээ өндөр байгаа байх гэж таамаглаж байна. Хар тугалга гэдэг хүний биед шууд нөлөөлж, хавдар үүсгэдэг маш хортой бодис байдаг. Хүний биеийн эсийг шууд хордуулдаг бодис юм. Тиймээс хүн амын дунд үүний нөлөө их байгаа байх гэж бодож байна. Манай улсад энэ төрлийн судалгаа гарсан эсэхийг мэдэхгүй байна. Олон улсад бол энэ төрлийн судалгаа их байдаг.

-ХСҮТ-ийн зүгээс сүүлийн үед агаарын бохирдолтой холбоотой өвчлөлүүдтэй холбоотойгоор ямар судалгаанууд хийж байгаа вэ?
-ХСҮТ нийгмийн эрүүл мэндийн төв биш. Тиймээс шууд агаарын бохирдолтой холбогдсон судалгаануудыг хийдэггүй. Харин хавдрын шинж чанар, хавдрын мутацийн генийн судалгааг бусад улсуудтай хамтарч хийж байна.

-Монгол Улсын хүн амын тэргүүлэх өвлөлүүд юу байна вэ?
-Ерөнхийдөө элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүү, бүдүүн гэдэс, шулуун гэдэсний хавдар тэргүүлж байгаа. Гэхдээ удахгүй элэг, ходоод гэхээс илүү уушгины хавдар тэргүүн эгнээнд орж ирэх магадлалтай байна.

-ХСҮТ-д жилд элэг, уушгины хавдраар хэчнээн хүн ханддаг вэ?
-Жилд шинээр 6500-7000 хүн хавдартай гэж оношлогдож байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Жилд 150 мянган хүн энэ шалтгаанаар ХСҮТ-д ханддаг. Үүний 30 хувь нь хяналтад байдаг хүмүүс байдаг. Харин 70 хувь нь шинээр оношлогдож ирдэг.

Маргааш -17 хэм, цас орохгүй
Маргааш -17 хэм, цас орохгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.