Спорт, урлагийнханд цэргийн цол олгодог гажуудлыг өөрчилнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Спорт, урлагийнханд цэргийн цол олгодог гажуудлыг өөрчилнө

/2021.08.26/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа.

Ажлын хэсгийн даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,

орлогч даргаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо,

бүрэлдэхүүнд нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Батлан хамгаалах яам, Хууль зүй дотоод хэргийн яам болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах албан тушаалтнууд томилогдон ажиллаж байна.

Цэргийн цол нь цэргийн алба хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангиллын илэрхийлэл, түүнийг цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд харгалзуулсан зэрэг дэв мөн.

Сүүлийн үед цэрэг, цагдаагийн байгууллагуудад цэргийн цолны зохистой харьцаа алдагдаж, түүний дотор ахлах офицеруудын эзлэх хувь нийт офицеруудын тоонд харьцуулахад өндөр, тэрчлэн офицерын цолны зэрэг дэвийн шаардлагыг хангаагүй, цэргийн зохих ёсны боловсрол эзэмшээгүй, цэргийн алба хаагаагүй, офицерын албанд элсүүлэх насны дээд хязгаар хэтэрсэн иргэд, спорт, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгож байгаа зэрэгт иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж, мэргэжлийн армийн ноён нуруу болсон офицерын бүрэлдэхүүний алба хаах хүсэл зориг, итгэл үнэмшлийг бууруулж байгаа юм.

Иймд тус ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталдаг одоогийн мөрдөж байгаа “Цэргийн цол олгох журам”, дайчилгааны болон цэрэг-стратегийн сургалтад оролцсон цэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн цол олгодог хууль эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулж дээрх гажуудлыг засахаар ажиллаж байна.

Үүнээс гадна өнөөгийн мөрдөж байгаа “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан загварын цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, цол, ялгах тэмдгийг дүрэмд заасны дагуу хэрэглэнэ” гэж тодорхой заасан байтал цэргийн дүрэмт хувцсыг хэн дуртай нь зөвшөөрөлгүй өмсөх, үйлдвэрлэх, худалдаалах зэрэг зөрчил элбэгшиж цэргийн дүрэмт хувцасны нэр хүндийг бууруулж байна.

Ажлын хэсэг цэргийн дүрэмт хувцасны хууль бус хэрэглээний талаар “Цэргийн дүрэмт хувцсыг өмсөх дүрэм”-д заасан хууль, эрх зүйн заалтуудын хэрэгжилтийг хэрхэн хангах талаар санал дүгнэлтээ бас боловсруулна. Ингэснээр цэргийн албаны нэр хүнд өсөж, цэргийн алба хаагчдын албаа хаах итгэл үнэмшил дээшлэх юм.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн алба

Сэлэнгэ аймагт 113 тохиолдол бүртгэгдлээ
Сэлэнгэ аймагт 113 тохиолдол бүртгэгдлээ
 
МАН-ын  бүлэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
МАН-ын бүлэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.