/2022.11.16/ Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226,9 км шинэ төмөр замын газар шорооны ажил дуусч, дэд бүтцийн угсралтын ажил дуусах шатандаа оржээ.
Ийнхүү “Зүүнбаян-Ханги” төмөр замыг 2022 оны арваннэгдүгээр сард багтаан ашиглалтанд оруулж, төмөр замын тээвэр эхлүүлэх боломжтой болсон байна.
“Зүүнбаян-Ханги”-ийн төмөр зам 1520мм царигтай, 25тн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, 3-р зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй зам байх юм.
Энэ шинэ төмөр зам ашиглалтанд орсноор дараах үр дүн гарна гэж Засгийн газраас мэдээлж байна. Үүнд:
-Экспортын ачаа эрс буюу 30% өсөх,
-Төвийн болон Өмнийн говийн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ нэмэгдэх төмөр замын тээврийн боломжтой үүсэх,
-Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ачаа тээврийн найдвартай шинэ шугам бий болгож Монгол улс урд талдаа 2 дахь шинэ төмөр замын гарцтай болох,
-Транзит ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх,
-“Таван толгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын ашиглалтыг нэмэгдүүлэх
-Евро-азийн эдийн засгийн интеграци, дэд бүтцийн системд шинэ холболт бий болгох,
-Дотоодын аж ахуйн нэгжүүдийг ажлын байр, бүтээн байгуулалтын ажлаар хангах,
-Монголын экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж улмаар Монгол улсын эдийн засагт дорвитой хувь оруулах
-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын 2016 оны дөрөвдүгээр сард болсон гурав дахь удаагийн уулзалтаар талууд “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-н “Монгол–Орос–Хятадын Эдийн засгийн коридорын төмөр замын Төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэх тухай” хамтарсан мэдэгдэлд тусгагдсан арга хэмжээ бодитой хэрэгжих үндсэн нэг нөхцөл бүрдэх,
-Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн шийдвэр хурдан хэрэгжих нэг гол нөхцөл бүрдэх,
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Транзит Монгол” санаачилга хэрэгжих нэг чухал хэсэг болох ач холбогдогдолтой билээ.
Одоогоор ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЯВЦ ямар байгааг танилцуулвал:
1. Далан, газар шорооны ажил – гүйцэтгэл 100%
2.Хиймэл байгууламж, /ус өнгөрүүлэх, хоолой, гүүр/ - нийт 252 дөрвөлжин болон дугуй хэлбэртэй хоолой , гүүр 6 ш, эдгээр 252 хоолой, 6 гүүрний ажлын гүйцэтгэл 100% болж дууссан болно.
3.Замын дээд бүтэц угсралт – Энэ ажлыг 3 хэсэг газраас зэрэг эхлүүлсэн, одоо 1-р үеийн балласт асгах, зам төмрийн сараалж угсрах ажлын гүйцэтгэл 93% хувьтай, 2-р үеийн балласт хайрга асгах, өргөж чигжих ажил 90% гүйцэтгэлтэй ажил явагдаж байна.
4.Монгол, БНХАУ-н улсын холбогдох байгууллагууд 2017 болон 2019 онд тус тохирсон техникийн шийдэл буюу Монгол, БНХАУ-н Ханги Мандал боомтоор хоёр улсын төмөр замын дэд бүтцүүд харилцан холбогдох шинэ гарц байх цэг дээрээс эхлэн шинэ төмөр замын хилийн өртөө хүртэл 13,47км урттай өргөн царигын замын ажил гүйцэтгэл 95%, үүнтэй зэрэгцүүлэн нэг далан хамт баригдаж байгаа 1435мм царигтай мөн 14,37км урттай төмөр замын угсралтын ажил бас 80% тус тус хийгдэж байна. Ийнхүү Монгол улс талд байгаа хилийн ХАНГИ нэртэй өртөөнөөс улсын хил хүртэлхи 2 хос буюу 1520мм болон 1435мм царигтай төмөр замууд бэлэн болоод байна.
5.Бүтээн байгуулалтын бараа материалын хангалт 98%,
6.Ийнхүү шинэ төмөр замын бүтээн байгууллатын ажил дуусаж Зам, тээврийн хөгжлийн яамны техникийн комисс ажиллахад бэлэн болж байгаа тул Засгийн газрын шийдвэрээр энэ замын тээвэрт нээх асуудлыг Засгийн газрын зүгээс 2022 оны 11-р сарын 25-нд хийхээр шийдвэр өгөөд байна.
Ийнхүү “Зүүн баян Ханги” чиглэлийн гол зам нь 226,9 км урттай шинэ төмөр замаар Монгол улсаас БНХАУ-д нүүрс экспортлох ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдээд байна.
Энэ экспортын тээврийг явуулахаар компанийн зүгээс нийт 8 гол замын шинэ зүтгүүр, 3000 ачааны вагон захиалсан бөгөөд одоогийн байдлаар эхний ээлжийн задгай болон контейнер ачих зориулалттай 300 вагон орж ирэн бүтээн байгуулалтын ачаанд ашиглагдаж байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газар